МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ уламжлал ёсоор үзэгч, сонсогчдын сонорыг мялааж, зүрхэнд эгшиглэх аялгуут дуу хуураар сэтгэлд хоногших дурсамж бүхнийг хөглөх гэж байна. Тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд "UB Palace"-ын концертын их танхимд болно.
Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах энэхүү тоглолтонд МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ, Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог,Ахмадын золбоо хамтлаг, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, ОХУ-ын дуучин Чингис Раднаев, Влада Комлева, ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэг, дуучин Э.Төрмандах, дуучин Б.Жавхлантөгс, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатар, дуучин Ч. Цэлмүүн, А.Хишигдалай, Очгэрэл, “S4” хамтлаг, Universe Best Songs наадмын 2015 оны гранпри шагналт Б.Билгүүн болон “Хувьсал” продакшны бүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр тус тус оролцож, хөгжмийн зохиолчын сэтгэлээс ундрах хөг аялгуу, зүрхнээс зүрхэнд хүрэх эгшигээр үзэгч түмний сонор, мэлмийг баясгах болно. Түүнчлэн жил бүрийн “Миний дуунууд” тоглолтонд олон улсын төлөөлөл болсон уран бүтээлчид оролцдог билээ.
Энэ жилийн тоглолтонд, ӨМӨЗО-ноос дуучин Цэцэгмаа, ОХУ-ын Буриад улсаас нэрт дуучин Чингис Раднаев нар урилгаар оролцох юм. Дуучин Чингис Раднаевийн хувьд, хөгжмийн зохиолчтой хамтран туурвисан шинэхэн дуун бүтээл “Улаанбаатарын дагина” дуугаараа нийслэлчүүдэд бэлэг барих болсныг дуулгахад таатай байна.
Хүний сэтгэлд баясал, гуниг, ухаарал авчрах дууны ертөнцөөр эрхэм таныг аялахыг урьж байна. Тоглолтын тасалбар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн худалдаанд гарсан бөгөөд 20 мянга, 30 мянга гэсэн үнийн сонголттойгоор худалдаалагдаж байгаа ажээ.
www.Urlag.mn