Дэлхий дахинаа Монгол Улсын нэрийг өндөрт өргөн олон улсыэн тэмцээн, уралдаанд үнэмлэхүй амжилт гаргасан монголчуудыг Монгол Улсын Соёлын элчээр томилох болсонтой холбогдуулан Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж УИХ-ын дарга З.Энхболд гэрчилгээг гардуулан өглөө.
УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж хэлсэн үгэндээ эх орныхоо нэрийг олон улсад сайн, сайхнаар цуурайтуулж байгаа авьяаслаг монгол залуучуудаараа бахархаж байна гээд эдгээр авьяастнуудаа Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлогын үйл ажиллагаанд татан оролцуулах, соёлын харилцааг идэвхижүүлэх, хөгжүүлэх чиглэлээр гаргаж буй тэдний санал, санаачлагыг дэмжин ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ.
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадын улс орнуудад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж бусад улстай соёлын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ГХЯ-тай хамтран ажиллана.