35 хүрсэн бүсгүйчүүд бид яавч “хөгшин” биш, гэхдээ бид 20 гаран насны бүсгүйчүүдээс насаар ахиугийн хэрээр ухаан тэлж, туршлага суусан нь лавтай. Өнгөрснөө эргэн харахад шоолох, суралцах, дурсах, хааяа ганц хундага дарс уунгаа санаашран санагалзах ганц нэг түүхүүд ч бидэнд бий. Гэхдээ тэглээ гээд бид хайр дурлалын тал дээр “про” болоогүй ээ. Чи одоог хүртэл сүйн бөгж зүүж үзээгүй нэгэн ч бай, өмнөх амьдралаасаа суралцаад одоо шинээр эхлэхээр зорьж буй бүсгүй ч бай, ээж мөн ч бай, биш ч бай, энэ насанд “болзох” гэдэг ойлголт 20-той үеийнхээс чинь арай өөр болсныг анзаарсан байх.
35+: Эрчүүд яагаад энэ насны эмэгтэйтэй болзох дуртай байдаг вэ?
1. Эрчүүдтэй танилцахдаа…
Энэ насанд чиний эрчүүдтэй танилцах арга хэлбэр илүү орчин үеийн, чөлөөтэй болсон байгаа. Чи зөвхөн тэднийг хүлээж “гараа хумхиж” суухаа больсон. Одоо чи лифтэнд таарсан дажгүй залуутай ч өөрөө түрүүлж энгийн яриа өрнүүлж чадах зоригтой. Зүгээр л чиний сэтгэлгээ нэг юманд баригдахаа больчихсон хэрэг. Гэхдээ энэ нь чи өөрийнхөө үнэ цэнэд ч “хамаагүй” ханддаг болсон гэсэн үг биш. Харин ч чи танихгүй залуугийн хажууд согттолоо уухааргүй ухаантай, мөн ямар ч эртэй зөвхөн олон нийтийн газар болзохоор хашир болжээ. Мөн эхнэртэй эрчүүдийг хэдхэн сонжоод л таньж чаддаг болсон байна. Бас болзоон дээрээ өөрийг чинь үл хүндэлсэн нэгнийг шууд орхиод гарч чадах омголон эрч хүч чинийх юм.
2. Үлгэрээс бодит амьдрал руу
Чи эрчүүдэд тавих “стандартаа бууруулаагүй” ээ. Харин илүү бодит, үнэн, үр дүнтэй “стандарт”-уудыг шилж тавьж чаддаг болсон байна. Хайртайгаа учирсныхаа дараа чи найзууддаа “Түүний хажууд байхаар сандарсандаа миний гар салганадаг” биш “Түүний дэргэд би аз жаргалтай, тайван байж чаддаг” хэмээн ярихыг хүсэж байна. Бас тэр 2000 оны машин унадаг, өвөө сандааль өмсдөг эсэх нь чамд тийм ч ач холбогдолтой санагдахаа болино, учир нь тэр чамайг инээлгэж, үзэсгэлэнтэй гэдгийг чинь мэдрүүлж, хайр төрүүлж байвал л болоо.
3. Найзуудтай нь уулзуулдаггүй эмэгтэй ард хоцорсон
20-той охид шиг бие биенээсээ “зүүгдсэн” харилцааг чи одоо хүсдэггүй. Урьд нь л тийм үерхэл гоё санагддаг байсан байх. “Чи хайртай гэж хэлэх гэж байхад утсаа тасалчихлаа” гэж хошуугаа унжуулаад л… Харин одоо бол өөр. Тэр амралтын өдрөөр найзуудтайгаа бөмбөг өшиглөнө гэвэл чи ямар ч асуудал үүсгэлгүйгээр тэр үед нь номын клубынхэнтэйгээ уулзахаар төлөвлөчихнө. Чиний дуртай “Friends” цувралд тэр ч бас дуртай байх албагүй гэдгийг чи мэдэж байгаа. Үе үе тусдаа байх, өөрийн гэсэн сонирхолтой байх нь хамтдаа байх хором мөчүүдийг илүү ховор нандин болгодог гэдгийг 35-тай бүсгүй ухамсарласан байлгүй яахав.
4. Өөртөө цаг гаргадаг эмэгтэй
Өнгөрсөн хугацаанд чи өмнөх амьдралыг сүйрүүлж, өөрийгөө хэн байсныг мартах шахтлаа нэг эр хүнээс хэрхэн хамаарахгүйгээр дурлалцахыг мэддэг болсон.
5. Эр хүний түрийвчинд хандахдаа…
Чи мэдээж санхүүгийн тогтвортой байдалтай эрийг хүсэж байгаа. Энэ чинь саятан гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л тэр хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодог, хариуцлагатай мөн хоолны мөнгө модон дээр ургадаггүй гэдгийг мэддэг нэгэн байхад хангалттай. Мөн 35-аас дээш насны эмэгтэйчүүд өөрөөсөө өндөр орлоготой эрийг хүлээхээ болино. Эр хүн л амьдралаа авч явах ёстой, хүүхдээ тэжээх чадвартай байх ёстой гэсэн үзлээ сулруулж, зүгээр л түүний найдвартай хамтрагч байхыг хүснэ.
6. Чи анзааргатай
“Улаан гэрэл” асав уу үгүй юу, зогсохоо мэддэг гэсэн үг. Чи одоо эр хүнийг өөрчлөгдөнө гэж найддаг, эсвэл өөрчлөх гэж хичээдэг, бусад сайн талуудад нь дулдуйдаж аюултай талуудыг нь үл тоомсорлон итгэдэг үеийг ардаа өнгөрөөсөн.
7. Өнгөрснийг сөхөхүй
Чамд ч түүх бий, түүнд ч түүх бий. 35-аас дээш насны эмэгтэй болзох залуугаа өмнө нь нэг ч эмэгтэйтэй уулзаж байгаагүй, гэрлэж байгаагүй, хүүхэдгүй “ариухан амьтан” байлгахыг шаардахаа болино. Мэдээж өмнө нь амьдралтай байсан эрийн талаар нухацтай бодож үзэх авч тэр бүхэн чамайг тэгтэл айлгахаа болино гэсэн үг юм. Учир нь чамд ч бас үзүүлье гэвэл олон юм бий.
8. Хүүхэдтэй болохыг хүсэж байгаа эсэхийг харгалзана
Өмнө нь чиний эрчүүдэд тавих асуултын жагсаалтанд доогуур байранд ордог байсан зүйлс одоо нэлээн дээшээ гарч ирэх хандлагатай болсон байна. Түүний хүүхэдтэй болохыг хүсэж байгаа эсэх нь тэргүүний чухал асуудал болж хувирах болно. Учир нь чиний хувьд олон хүүхэдтэй болох цаг хугацаа бага үлдсэн байх учраас.
Чиний хайр дурлалын амьдрал, эрчүүдэд тавих шалгуур, тэдэнд хандах хандлагад дээрх өөрчлөлтүүд гарчээ. Тэгвэл “жаахан охид”-оос ийм өөр, хашир, болгоомжтой 35-тай эмэгтэйчүүдтэй эрчүүд болзох яагаад дуртай байдаг гээч?
-Тэд хамтрагчтайгаа ойлголцохдоо илүү сайн байдаг. Юу хүсэж байгааг нь ойлгох, өөрийгөө ойлгуулах аль аль тал дээр. — 24 настай залуу
-30 гарсан эмэгтэйчүүдийн инээмсэглэл илүү дур булаам, жинхэнэ, үнэн сэтгэлийн харагдаад байдаг юм. Бас тэд хүнийг уучилж сурсан байдаг. — 25 настай залуу
-30 гарсан эмэгтэйн биеэ авч яваа байдал гайхалтай бөгөөд тачаангуй байдаг. Жинхэнэ насанд хүрсэн эмэгтэй гэх юм уу даа. -28 настай залуу
-Тэдэнд итгэж найдаж болно. Тэдний яриа, байгаа байдал нь өөрийнхөөрөө үнэн байдаг. — 29 настай залуу
-30 гарсан эмэгтэйтэй хийсэн секс илүү гоё байдаг ш дээ. Мэддэг нэг нь надтай маргахгүй байх. — 32 настай залуу
-Тэд эрчүүдээс хэт их юм шаардаж, өөрийнхөөрөө байлгах гээд хүчлээд байдаггүй. Энэ нь таалагддаг. Илүү биеэ даасан байдал, бас эрчүүдэд өөртөө итгэх итгэл олгодог. — 34 настай залуу
-Илүү халамжтай. — 38-тай залуу
-35-тай бүсгүйчүүд лав л нүүрээ будаж байгаад үзвэрээс хоцрохгүй байх. Бүх юмыг гялс манс, гайхалтай хийгээд сурчихсан байдаг нь их таалагддаг. -32 настай залуу
-20-той охидоос харагддаггүй дур булаам, өөртөө итгэх итгэл, шулуухан, хүссэнээ хийдэг занг 30 гарсан эмэгтэйчүүдээс л харна даа. -28 настай залуу
www.Goolingoo.mn