Очир хөлгөний сахилд бүсгүй хүнийг дорд үзэхийг язгуур унал гэж заасан байдаг. Амьдралаас тусдаа гэгээрэл, ертөнцөөс хол Бурханыг хайх хэрэггүй гэсэн утга юм уу даа. Даанч амьдрал дээр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ойлгодоггүй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ойлгодоггүй. Учир нь хүн өөрөө өөрийгөө ойлгодоггүй бололтой. Өөрийгөө ойлгохгүй хүн ертөнцийг яаж ойлгох вэ. Үл ойлгох, үл мэдэхийн мунхгаас зовлон бүхэн үүсдэг гэж Бурханы номд өгүүлдэг. Хувь хүн, гэр бүл, нийгмийг хамарсан стресс бухимдал бүхэн түүнийг нотлох шиг.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү байгаль оршихуйд ойрхон. Хүн иргэнших тусмаа толгойгоороо амьдрах болж, зүрхээ мартжээ. Зүрх бол Оршихуйд нэвтрэх үүд хаалга. Хэрэв хүн төрөлхтөн эсэн мэнд үлдье л гэвэл зүрхээ дагах цаг болсон. Эмэгтэй хүн энэ бүхний найдвар. Ирээдүй эмэгтэй хүний гарт байна.
Эр хүн бүсгүй хүнээс булчин шөрмөсөөрөө л илүү. Бусад бүх талаараа дорой. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү урт насалдаг. Өвчин эмгэгт бага өртдөг. Зуун охин төрөхөд зуун арван хүү төрдөг. Гэрлэх насанд хүрэх үед тэдний тоо тэнцүү болсон байдаг. Эрчүүд эмэгтэй хүнээс хоёр дахин илүү солиорч, хоёр дахин илүү амиа хорлодог. Эмэгтэй хүн амьдралыг өөртөө тээж, төрүүлдэг болохоор байгаль эх түүнд илүү хүч чадал заяажээ.
Эрэгтэй хүний хүч чадал ердөө л өнгөн талдаа. Царай муутай хүн өөрийгөө өнгө будгаар далдалж, өмсгөл зүүсгэлээр нуух гэж оролддог шиг эрэгтэй хүн сул дорой байдлаа нуухын тулд зүйл бүрийн заль зохиож, зуун зууны турш өөрийгөө эзэн хэмээн сурталдаж, эмэгтэй хүнийг дарангуйлж ирлээ. Тэгээд тэд юу хийв? Хүний түүх тэр чигтээ дайн, дайн, дайн. Төмөр, Надиршах, Александр, Наполеон, Гитлер, Мао Здун гээд л агуу эрчүүдийн гавъяа.
Цөөхөн өөр эрчүүд байсан. Гаутама Будда, Есүс Христ, Кришна. Тэднээс нэг зүйл анзаардаг уу? Тэд бүгд эмэгтэйлэг харагддаг. Будда, Есүсийг энэ шинжээр нь Ницше шүүмжилжээ. Зүрхэн чанад руугаа нэвтрэхэд хүн өөрийн эрхгүй уян дөлгөөн болж хувирдаг. Дэлхий ертөнцийг би илүү уян дөлгөөн болгохын төлөө л энд байна. Элбэрэл хайр, итгэл сүсэг, гоо сайхан, уян хатан, намуун төлөв, зөнгөөрөө оршихуй энэ бүхэн цөм эмэгтэйлэг чанар. Хүн төрөлхтөний өмнө өөр сонголт үгүй болсон. Гэхдээ би гадаад талын биш, дотоод хувирлыг ярьж байна. Гадна талдаа эрэгтэй хүн эрэгтэй, эмэгтэй хүн эмэгтэйгээрээ үлдэх учиртай. Энэ бол юугаар ч орлуулшгүй гоо сайхан үзэгдэл.
Дэлхий уг нь диваажин байх газар. Гэтэл бид там болгон хувиргажээ. Эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа зовж гүйцсэн. Хорвоо бол хоёр үзүүртэй сэлэм шүү дээ. Өрөөлийг чичлэх тоолон чи өөрийгөө чичилдэг. Өрөөлийг дарамтлах тусмаа чи өөрийгөө дарамталдаг. Үе дамжин үргэлжилсэн тамын амьдралдаа цэг тавих цаг болсон биш үү? Илүү амгалан, илүү найрсаг ертөнцийг хүсч байвал эмэгтэй хүнийг чөлөөл. Эрх чөлөөн дунд хайрлах урлагт суралц.
Эмэгтэй хүн чөлөөлөгдсөн тэр өдөр эрэгтэй хүн ч чөлөөлөгдөх болно. Гэхдээ өрсөл тэмцлээр биш, харилцан ойлголцлоор үүнийг хийх учиртай. Өрсөл тэмцэл дунд эмэгтэй хүн үнэт чанараа алдаж байна. Эмэгтэй хүнд эмэгтэйлэг хэвээрээ чөлөөлөгдөх боломжийг олго. Учир нь, эмэгтэй хүн эр хүнээс илүү хариуцлага хүлээдэг. Эх хүн хэвлийдээ хүү, охин хоёуланг нь тээж төрүүлдэг. Эхийн цагаан сүү хордвол хүний ирээдүй ч хордох болно.
Эмэгтэй хүн хайраар амьдардаг. Энэ бол гоо сайхан боловч, нөгөө талаараа тун осолтой амьдрал. Хайр уруугаа эргэвэл хар хор, үзэн ядалт болж хувирдаг. Хайраар амьдардаг хүн маш сэхээлэг, сэргэг байх ёстой. Тэгэхгүй бол хайрын оргилоос хар хорын ёроол руу эгшин зуур унана. Оргил, ёроол хоёр хол юм шиг сонсогдовч дэндүү ойрхон. Хайрын рашаан хар хор болж хувирвал өөрийгөө төдийгүй ертөнцийг хордуулна. Магадгүй үүнээс болж олон хүн зүрхээ мартаж, толгой дотроо амьдрахыг эрхэмлэдэг байх. Гэвч ийм амьдрал роботоос ялгаагүй. Мэдрэг байна гэдэг амьдлаг байхын нэр. Хайраа хар хороос хамгаалж, уучлах нигүүлсэх эрдэмд суралцах тусам чи оршихуйн нууцад нэвтрэх болно.
Эмэгтэй хүнд хайрын мөн чанар байгалиас заяамал бол эрэгтэй хүний хувьд түүнд хүрэх боломж заяамал юм. Эр хүн логикоосоо алхам алхмаар хөндийрч, хайрын зүг урсах учиртай. Логик бол зүгээр л багаж зэмсэг. Шинжлэх ухаан, ажил төрөлд чинь хэрэг болно. Харин хүн-ертөнцөд хэрэг болохгүй. Хүн-ертөнцийн төв рүү ормогц ер бусын анхилам үнэр, гэрэл гэгээ, баяр баясгалан цацарна. Тэнд эр, эмийн ялгаа замхарч, гагцхүү оршихуйн амин сүнс л амьсгалдаг юм.
Эх сурвалж: Osho“The Book of Wisdom”, ”The Last Testament