Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах гэсэн монгол эцэг эхчүүдийн санаачлагыг НҮБ-ын дэргэдэх "Дэлхийн Дауны Холбоо" сайшаан дэмжлээ.
Онцгой хувь заяатай эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор даунтай монгол хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан 3-р сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарлах болжээ. Энэ хүрээнд сарын турш мэдээллийн аян, нөлөөллийн ажлыг хийх юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 3-р сарын 21-ныг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг.
Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл тархсан буруу ойлголт, үг хэллэгээс үүдэн дөнгөж төрсөн цаг мөчөөсөө эхлэн энэ хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн ялгаварлан гадуурхалтад өртөж, нүд үзүүрлэгдэн, үл ойлголцсоны улмаас эцэг эх нь салах зэрэг олон асуудал бэрхшээл тулгардаг нь үнэн. Үүний улмаас даунтай хүүхдүүд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих, нийгэмдээ оролцоотой идэвхтэй байх зэрэг НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцоор тунхаглагдсан үндсэн эрхээ эдэлж чадахгүй өсөж, цаашлаад амьдралынхаа туршид гэртээ нуугдахад хүрдэг ажээ.
Нийгэмд тархсан түгээмэл буруу ойлголт, хэллэгийг залруулахад чиглэсэн аяны хүрээнд "Дэлхийн Дауны Холбоо"-ноос гаргасан "Дауны талаар юу гэж хэлж БОЛОХ, юу гэж хэлж БОЛОХГҮЙ ВЭ?" гэсэн уриалгыг олон нийтэд таниулахаар зорьж байна. Монгол аав, ээжүүдийн санаачилсан нөлөөллийн аяны зорилго, агуулгыг "Дэлхийн Дауны Холбоо" сайшаан баталж, анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Дэлхийн дауны өдөрт зориулсан сайтдаа монголд өрнөх мэдээллийг байршуулжээ / https://worlddownsyndromeday.org/asia /. Сарын турш олон үйл ажиллагаа төлөвлөгдсөн бөгөөд Дэлхийн Дауны өдрийг угтан нас насны төлөөлөл болсон даунтай хүүхдүүдийн гэрэл зургаар "20+1=ОНЦГОЙ БЭЛЭГ" үзэсгэлэнг 3-р сарын 22-нд "Blue Mon" арт галарейд гаргах юм.