Театр урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээн байж оролцдог “Гэгээн муза 13” олон улсын театрын наадам тавдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулах юм. "Гэгээн Муза" Академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төвөөс зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-13” олон улсын театрын наадмын хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн засаг даргын тамгын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны яам, Улсын драмын эрдмийн театр ажиллаж байгаа бол Монголын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн залуучуудын холбоо, Black box театр, Missha brend нар ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа ажээ.
Энэ жилийн наадмын онцлог нь шилдгийн шилдэг бүтээлд олгодог “Гран при” шагнал нь БСШУ-ны сайдын нэрэмжит болж байгаа бөгөөд өмнө нь сайдын нэрэмжит байсан "Шилдэг залуу уран бүтээлч" номинацийг Монголын урлагийн залуучуудын холбоо уламжлал болон гардуулахаар болжээ. Түүнчлэн наадмын зохион байгуулагчид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио СD-г хэвлэн гаргахаар болжээ.
Ийнхүү “Гэгээн муза 13” олон улсын театрын наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрлөөр шилдгээ шалгаруулах гэж байгаа юм.
Наадмын эхний шатанд ОХУ, Герман, Польш, Грек, Киргиз, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчийн 34 өрсөлджээ. Үүнээс хоёрдугаар шатанд 17 бүтээл тунан үлдэж, 90 гаруй уран бүтээлч дөрвөн төрөлд нэр дэвшээд байгаа аж. Ингээд нэр дэвшигчдийг танилцуулъя.
“Драмын жүжгийн төрөл”-д:
-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг
-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг
-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг
“Хөгжимт жүжгийн төрөлд”-д:
-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг
-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг
-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг
-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл
-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”
“Хүүхдийн жүжгийн төрөл”-д:
-“Мял Богдын намтар”
-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”
-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”
Нэг хүний жүжгийн төрөл”-д:
-“Хатагтай Капульетта”/Монгол/
-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/
-“Эр өндөг”/Монгол/
-“Бие сэтгэл”/Монгол/
-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/
-“Эдит Пиаф”/Герман/
-“God Kirilov”/Грек/
-“Novechento”/ОХУ/
-“From front and from behind” /Герман/
“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:
-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшжээ. Уран бүтээлчид гэрчилгээгээ гардан авлаа.
Энэ дашрамд дуулгахад наадамд оролцож буй бүтээлүүд тавдугаар сарын 1-нээс эхлэн тоглогдож эхлэх бөгөөд тавдугаар сарын 7-ны 16:00 цагт “Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа” болох юм.