Бага ярьж, их сонсох бол ихэнх хүмүүсийн орхигдуулдаг давуу тал билээ. Та өдөрт хэр их ярьж бас сонсдог вэ? Жинхэнэ утгаар нь сонсох шүү. Өөрөөр хэлбэл ‘ярьж дуусахаар нь хэлэх гайхалтай үгээ бодохын оронд нөгөө хүний ярианд анхаарлаа хандуулж, хэлсэн бүхнийг нь шингээн авахыг’ хэлж байна
Та бидний дийлэнх нь “Хангалттай биш” гэсэн хариу өгдөг. Ихэнх хүмүүс харилцан яриаг уралдаант спорт лугаа төсөөлж явдаг. Нөгөө хүнээсээ ихийг хэлж, ухаалаг санаа дэвшүүлж, бусдыг бодол санааг өөрчилж, итгүүлж, хамгийн удаан хугацаанд, хамгийн чанга ярьсан нь ялагч болдог. Бид бүгд л энэ урхинд орсон.
Үнэндээ бол хамгийн бага ярьсан хүн хамгийн ихийг олж авдаг. Үүний адилаар хамгийн их ярьсан хүн хамгийн багыг олж авдаг. Яагаад гэвэл:
1. Мэдлэг бол хүч
Мэдлэгээр жолоодуулсан өнөөгийн нийгэмд таны хэр их мөнгө, хөрөнгөтэй байх нь тийм ч чухал биш. Харин таны мэдлэгийн цар хүрээ урт хугацааны амжилтыг авчирч чадна. Ярьж буй хүн мэдээлэл өгч байдаг. Голдуу төлөвлөж байснаасаа их мэдээллийг өгдөг. Харин сонсож буй хүн мэдээллийг авч байдаг. Энэ наймаанд хэн хамгийн олзтой нь байна вэ?
2. Дараа нь харамсах зүйл хийхгүй
Мэдлэгээсээ өнөөөдөр хуваалцахгүй байсан ч маргааш хуваалцаж болно. Эсрэгээрээ өнөөдөр мэдээлэл хуваалцлаа гээд маргааш буцааж болохгүй.
Хэлсэн үгээ буцаамаар байсан үе тохиолдож байв уу? Тухайн бодлоо илэрхийлэлгүй, дотроо хадгалахыг хүссэн үе байсан уу? Бид бүгдэд ийм зүйл тохиолдож байсан нь лавтай. Тиймээс бага ярих тусам дараа нь харамсах, буцаах зүйл хийх нь цөөн байна.
3.Тэнэг зүйл хийхгүй
Авраам Линкольн “Дуугүй байж тэнэг гэж бодогдох нь чанга ярьж, хамаг эргэлзээг арилгахаас хавьгүй дээр юм” хэмээн хэлсэн байдаг. Тэглээ гээд цаг үргэлжид бүлх залгисан юм шиг суу гэж зөвлөсөнгүй. Ямартаа ч ямар ч бодолгүй, хангалттай мэдээлэлгүй, эсвэл буруу таамаглал баримтлан ярих амархан. Энэ нь таныг байгаагаас тань ухаалаг биш харагдуулна.
4. Та өөрийн материалаа хэрэглэхгүй
Та хүндэлдэг бизнесмэний уулзалт, ярилцлагыг үзэж байтал номон дээрээс нь уншсан түүхийг дахин давтаж ярьж байсан уу? Ийм зүйл байнга тохилоддог бөгөөд шалтгаан нь тун энгийн. Бидний ихэнхид нь хувийн хошин түүх, туршлага, цэцэн ухааны сувдны хэрэглээ хязгаарлдагмал байдаг. Тиймээс нэг яриагаа ахин дахин ярьсаар байдаг.
Түүхийг анх удаагаа сонсож байхад сэргэг санагдаж, хамгийн хүчтэй нөлөөг үзүүлдэг. Тиймээс та ч гэсэн өөрийн түүхийг зөв мөчид хэрэглээрэй.
5. Ярьж буй хүнийг ойлгож санаа тавина
Хүмүүс бусдын чихэнд дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг. Ярихаасаа илүү сонсох нь илтгэж буй хүнд үнэ цэнэтэй зүйл өгч буй хэрэг юм. Ялангуяа илтгэгчийн хэлсэн бүхнийг шингээж, өөр зүйл бодохгүй бол бүр ч сайн. Илтгэгч таны бэлгийг таашааж, сайн харилцаа холбоо үүсгэнэ. Бусдад ойлгогдож, хүндлэгдсэн мэт сэтгэгдэл илтгэгчид төрдөг. Энэ бол бусадтай харилцаа холбоо тогтооход маш хэрэгцээтэй зэмсэг юм.
6. Хаагдмал мэдээллийг олж мэднэ
Асуулт хариулт бүхий яриа өрнөж байлаа. Гэтэл асуулт байхгүй болоод хэсэг чимээгүй болов. Энэ үед ярьж буй этгээд нам гүм байдлыг эвдэж, хуваалцахаар төлөвлөөгүй байсан мэдээлллээ хуваалцдаг.
Та энэ аргыг санаатай болон санаандгүй байдлаар хэрэглэж болно. Гэхдээ таныг бага ярих тусам харилцагч этгээд илүү их мэдээллийг хуваалцана гэдэг зарчим үргэлжид үнэн байдаг.
7.Таныг ярихад хүмүүс сонсоно
Та аль хүний яриаг чих тавин сонсдог вэ? Хэзээ ч амаа хамхидаггүй хүн үү эсвэл хэсэгтээ л нэг ам нээдэг хүнийг үү? Эрэлт нийлүүлэлтийн хууль яригдах болж байна: Хэрэв та бодлоо тогтмол хуваалцаад байвал таныг хэн ч сонсохгүй. Харин хэсэг азнаж байгаад үг хэлвэл эсвэл санаа гаргавал таныг үгс илүү жинтэй байх болно.
Үнэндээ бол таныг хамаг бодлоо дотроо хадгалахыг зөвлөөгүй болно. Таны эргэн тойрны хүмүүс бодож буй зүйлийг тань мэдэх хэрэгтэй. Гэхдээ ярихаасаа илүү их цагийг сонсоход царцуулвал хүмүүстэй ойр харилцаатай болж, бусдад хүндлэгдэж, бусдыг ойлгож буйгаа илэрхийлэхээс гадна таны яриаг чухалчлан сонсдог хүрээллийг үүсгэнэ.