Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран Монголын кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон Улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцож байгаа аж.
Энэ удаагийн наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Улаанбаатар” олон Улсын кино наадмын Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм. Тэгвэл энэ удаагийн кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруултад 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарлаа. Харин “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”-ийн шалгаруултын дүн 2017 оны 10 сарын 10-нд гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлүүд тодорно. Энэ дашрамд дуулгахад “Улаанбаатар” олон Улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-оор шалгарсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 2017 оны 10 сарын 10-нд кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр албан ёсны нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох юм байна.
“Улаанбаатар” олон Улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-оор шалгарсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хувьд Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь Монголын эртний түүхт морины уралдааны өнөөгийн уламжлал соёл, мөн эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тус киноны зураглаачаар Д.Ангараг ажилласан бөгөөд зураг авалтыг 2016 оны дөрөвдүгээр сард эхлэн нэг жил хоёр сарын хугацаанд нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн төсвийг зарцуулан амжилттай бүтээжээ.
Киноны зураг авалтын дараах үйлдвэрлэлийг АНУ-д гүйцэтгэснээрээ дэлхийн өргөн дэлгэцийн том форматуудын нэг болох 4k форматын кино юм. Энэхүү киноны дуу дүрсний нэгтгэлийг АНУ-ын EFIILM компани дөрвөн сарын турш хийж хамтран ажиллажээ. 2017 оны гуравдугаар сарын 23-ны ѳдѳр АНУ-ын Кино ассоциациас тус улсад гаргах лиценз болох “GeneraL Audeince” буюу “Бүх насныхан” ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино юм.
“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны Монгол Улс дахь албан ёсны нээлт 2017 оны 10 сарын 10-ны өдөр 1100 хүний суудалтай, Монголын хамгийн том 4k форматын өргөн дэлгэцтэй кино театр болох “Corporate Cinema”-д хийхээр болжээ.