И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгын уран бүтээлчид ирэх 6 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр боллоо. 1937 онд байгуулагдсан тус чуулга П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхимд байрлаж хичээллэдэг бөгөөд дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм. Энэхүү чуулгын анхны тоглолт 1937 оны 8 дугаар сарын 29-нд Москва хотын “Эрмитаж” театрын тайзнаа болж байжээ. Тус чуулга 1983 оноос өнөөг хүртэл ОХУ төдийгүй дэлхий даяар аялан тоглолтоо тасралтгүй хийсээр ирсэн. Анхныхаа аялан тоглолтыг 1942 онд Монгол Улсаас эхлүүлсэн түүхтэй. Тиймдээ ч улсдаа хамгийн олон аяллын тоглолт хийсэн хамтлагаар шалгарч, Оросын Гиннесийн номонд бичигджээ.
Түүнчлэн тус чуулга нь 1966 онд Парис хотын Grand Opera театрын тайзнаа тоглосон анхны бөгөөд цорын ганц мэргэжлийн ардын бүжгийн чуулга юм. Мөн 1966 онд анх Италийн Милан хотын La Scala театрын тайзнаа тогложээ. Тус чуулгыг үүсгэн байгуулагч Игорь Александрович Моисеев нь дэлхийн бүжгийн урлагийн хөгжлийн хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан, ардын бүжгийг дэлхийн соёлын өмч болгон таниулсан 20 дугаар зууны агуу бүжигчин хүн юм. Тэрбээр тайзны урлагийн шинэ жанрыг бүтээж, ардын бүжгийн урлагийн тайзны шинэ загварыг бий болгосон гээд түүний байгуулсан гавьяа дуусашгүй. Тэрбээр профессор, бүжгийн салбар дахь олон улсын шагналуудын эзэн, хэд хэдэн академийн хүндэт гишүүн бөгөөд бүжгийн тухай нийтлэлүүд, “Би эргэн дурсаж байна… Амьдралаас урт айлчлан тоглолт” номын зохиогч билээ.
Концертын хөтөлбөр
1 дүгээр хэсэг:
- Орос бүжиг “Зун цаг”
- Халимаг ардын бүжиг
- Орос бүжиг “Тал”
- Молдав бүжгийн цуглуулга: “Хора”, “Чиокырлия”, “Жок”
- Аджар үндэстний бүжиг “Хоруми”
- Бүжгийн зураглал “Партизанууд”
2 дугаар хэсэг:
- Грек бүжгийн цуглуулга “Сиртаки”
- Бессарабын цыгануудын бүжиг
- Арагонская хота – бүжиг
- Аргентин хоньчины бүжиг “Гаучо”
- Монгол Уран баримал – бүжиг
- Тэнгисийн цэргийн флотын бүжгийн цуглуулга “Усан онгоцон дээрх өдөр”-“Алим”.