СУИС монголын бүжгийн урлагийн сургалт, судалгаанд шинжлэх ухаанд суурилсан техник технологийн цоо шинэ дэвшлийн цаг үеийг авчирлаа. Энэ бол Бүжгийн урлагийн сургууль дээр байгуулагдсан Пилатисын хөгжлийн лабораторийн нээлтэд оролцсон монголын бүжгийн урлагийн толгой эрдэмтэн судлаач, багш дасгалжуулагч, нэртэй бүжигчдийн санал нэгтэй хэлсэн дүгнэлт.
Бүжгийн урлагийн амжилтын өндөрлөгт, тэр дундаа сонгодог, ардын, орчин үеийн болон бүжгийн бусад бүх төрөлд хэн нь, чухам алинд нь илүү амжилтат хүрч болох боломжийг урьдчилан харж тодорхойлоход тухайн улс үндэстэн хийгээд бүжигчин болохыг зорьсон хүн бүрийн бие, мах бодийн онцлогийг шинжлэх ухааны үндсэн дээр зөв таньж тодорхойлох юу юунаас чухал ажээ. Тийнхүү хүний биеийн онцлогийг тодорхойлохоос эхлээд бүхийл сунгалт, тэнцвэрийг хөгжүүлэх техник хэрэгсэл бүхий томоохон лаборатори ажиллаж байж зорилгодоо хүрдэг аж. Тэгвэл өнөөдөр СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль ийм лабораторитой боллоо. Бүжгийнхэн тэр аяараа баяртай урамтай хүлээн авав.
Бүжгийн урлагийн сургуулийн захирал, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ,
-Бид пилатис лабораторитой болсноор юуны өмнө бүжигчин болохыг зорьж ирсэн оюутнуудынхаа биеийн ерөнхий хөгжлийг тодорхойлж, төгсөн төгстөл нь хөгжлийн явц байдлыг индексжүүлэн хөтөлнө. Энэ маягаар монголын бүжигчдийн дата санг бий болгоно. Энэ нь манай судлаачдад нэн чухал, өөрөөр хэлбэл дата сан дээр суурилсан хүн бүрт таарч тохирсон сургалт явуулна гэсэн үг. Мөн үе мөчний судалгааны тоног төхөөрөмж дээр суурилсан гажиг заслын сургалт, судалгаа явуулна. Энэ бүхний үндсэн дээр манай сургууль судалгаанд суурилсан сургалт явуулах бүрэн боломж бүрдэж байгаа юм гэв.
СУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор, профессор Ч.Алтанцэцэг,
-Судалгаа шинжилгээгүйгээр урлаг хөгжих боломжгүй. XXI зуунд шинжлэх ухаанд суурилсан бүжгийн урлагийг хөгшжүүлэх ёстой. Манай сонгодог бүжгийн багш Г.Онон гурван жилийн өмнө БНСУ-д очоод орчин үеийн бүжгийн урлагийн сургалтын ийм лаборатори байдгийг үзэж ирээд сургуульдаа санал тавьсан. Ингээд төсөл бичиж бид 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү лабораторийг байгуулав. Дан ганц СУИС гэлтгүй монголын бүжгийн урлагийн салбарын бүхий л эрдэмтэн судлаач, багш мэргэжилтнүүд хамтран сургалт судалгаа хийх боломж бүрдэж байгаад баяртай байна гэв.
Пилатис гэдэг нь дан ганц бүжгийн урлагт төдийгүй тав тухыг эрхэм болгосноос үүдэлтэй хөдөлгөөний хомсдол нүүрлэсэн цаг үед аж төрж буй өнөөгийн хүн бүрийн амин чухал хэрэгцээг хангах техник технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий мэргэшсэн баг ажилладаг мэргэжлийн лаборатори юм байна. Пилатис лаборатори нь дэлхийн улс орнуудад пилатис дасгалын фитнес клубээс эхлээд, нөхөн сэргээх эмчилгээний газар, спортын багуудын бэлтгэлийн лаборатори, циркийн бэлтгэлийн лаборатори, балетын сургуулийн сурагчдын лаборатори гээд төрөлжсөн олон хэлбэрээр хөгжжээ.
Бүжгийн урлагийн сургуулийн DANSEPILATES ЛАБОРАТОРИ-д Б.Ариунтунгалаг мэргэжилтнээр ажиллана. Тэрээр АНУ-д пилатисын техник төрхөөмжийн олон төрөл дээр суралцан гурван төрлийн сертификат авсанаар энэхүү лабораторийн мэргэжилтнээр ажиллах эрх эзэмшжээ. Б.Ариунтунгалаг дэлхийн пилатисын хөгжлийн тухай ярьж сонирхуулсны дээр, лабораторийн тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн танилцуулав.
Бүжгийн урлагаар сар хүрэхгүйн хугацаанд хичээллэж байгаа нэгдүгээр курсийн оюутнуудын бэлтгэл сургуулилтын байдлыг үзсэн мэргэжлийнхэн маш богино хугацаанд эрчимтэй чамбай бэлтгэгдсэн байна гэж Г.Онон багшийн сургалтын арга барилыг үнэлэн урмын үг хэлж байлаа.
Бүжгийн урлагийн сургуулийн бүжгийн тэнхмийн эрхлэгч С.Гэрэлтуяа:
-Монгол бүжгигчний анатомын судалгааг хийснээр бид эх орны баруун зүүн бүсийн хүний биеийн онцлогоос эхлээд нурууны уян хатан чанар, монгол хүний биеийн жингийн индексийг судалж тодрхойлох зэрэг өнөөгийн бүжгийн урлагийн хөгжилд тулгамдан буй шинжлэх ухааны олон судлагааг явуулах болно. Анатомын судалгааны дата сантай болсноор бид найман улирлын дараа сургалтын үр дүнгээ бүрэн хянаж дүгнэлт хийн дараагийн алхмыг бүтээлчээр тодрхойлох боломж бүрдэнэ гэв.
ДБЭТ-ын гоцлол бүжигчин, МУГЖ О.Анужин
Би СУИС ийм лабораторитой болж байгааг сонсоод маш их баярласан. Бүжигчдийн том булчин их ажилладаг, харин жижиг нарийн булчингуудыг сайн ажиллуулж дадуулахад энэ лаборатори их хэрэгтэй. Би тэмцээнд явахаасаа өмнө энд Б.Ариунтунгалаг дасгалжуулагчтай бэлтгэл сургуулилалт хийсэн. Энэ сайхан лабораторийг үргэлжийн ажиллагаатай байлгаж, бүрэн дүүрэн ашиглаж үр дүнд хүртэл хичээллэхийг Та бүхэнд хүсье гэв.
Лабораторийн нээлтэд оролцсон Хөгжим бүжгийн консерватор, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг мэргэжлийн байгууллагын зочид төлөөлөгчид ийнхүү монголын бүжгийн урлагийн хөгжилд орчин үеийн техник технологийн дэвшлийг авчирсан СУИС-ийн эрдмийн хамт олонд талархал дүүрэн байлаа.
DANСEPILATES ЛАБОРАТОРИ. Энэ бол СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн эрдэмтэн багш нар, судлаач мэргэжилтнүүдээс Олон улсын болон монголын багш нарын өдрийн өмнө боловсрол, соёл урлагийн салбарынхныхаа сонорыг мялаасан амжилтын нэгэн байлаа.
Биеийн жинг тодорхойлох төхөөрөмж
Сунгалтын олон үйлдэлт том ор
Сунгалтын олон үйлдэлт сандал
Сунгалтын олон шатат гүүрэн хэрэглэл