Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой "Соёлын наадам"-ыг долоодугаар сарын 11,12-нд Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус наадмыг 2008 оноос эхлэн Соёл урлагийн их сургуулийн багш, оюутнууд, Монголын урлагийн зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Үндэсний баяр наадмын албан ёсны нэг гол хөтөлбөр болж, Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байгаа билээ.
"Соёлын наадам"-ын талбайд “Сэрсэн тал” урлагийн тоглолт, “Морьтны гайхамшиг” шоу тоглолтыг хоёр өдрийн турш өдөрт гурван удаа, долоодугаар сарын 11-нд СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, Өмнөд Солонгосын “Жеол Дае Га” хамтлаг, “Их Монгол” хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Салхийг мэдэр” хөгжмийн тоглолтыг олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна. Мөн тус наадмын үеэр “Монголын нэг өдөр” нүүдэлчдийн соёлын хотхоныг “Монгол морь” сэдвийн хүрээнд шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг наадамчид өөрийн биеэр мэдэрч, суралцах боломжтой. Тухайлбал, эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг тоглоом наадгай, гар урлал, нум сум харваа, уран бичлэг, эсгий урлаг, үндэсний хувцас урлалын өртөөнүүдээр наадамчин олон зочлох нээлттэй аж.
"Соёлын наадам"-ын талбайд та дүрслэх урлагийн үзэсгэлэн үзэж, хөрөг зургаа зуруулах, нүүрээ будуулах, хөгжөөнт уралдаанд оролцох, аварга монгол баримлуудтай зургаа авхуулах зэрэг олон арга хэмжээнд оролцох боломжтой.