Далны ясан сийлбэрүүдээрээ хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн ХААН галерейд энэ сарын 15-наас олны хүртээл болж эхэллээ. Т.Баттогтох сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа тууштай, хөдөлмөрч уран бүтээлч билээ.
Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь Монголдоо анхдагч хэмээн тодотгож болохуйц 2 метр 45 сантиметр том хэмжээтэй “Далай” хэмээх өвөрмөц бүтээлээ үзэгч түмэндээ дэлгээд буй. Уг бүтээлээ “агуу эх” хийгээд “сүрлэг том” гэх давхар утгыг бэлгэдэж ийнхүү “Далай” хэмээн нэрийдсэн бөгөөд далны ясны онцлог хэлбэрийг тодорхой шингээн өгч, хуурай модоор сийлж хийсэн байна. Сийлбэрч “Далай” бүтээлийнхээ санааг далны ясны арван мянган нууц домгоос сэдэвлэсэн төдийгүй сүрлэг модон сийлбэртээ арван мянган гуулин товрууг шингээсэн нь хуяг дуулгат баатар мэт тодрон харагдах нь сүрлэг.
Үзэсгэлэнд мөн нэн шинэ орчин үеийн урлагийг эртний домгийн урлагтай хослуулсан “Өрөг” нэртэй бүтээлээ танилцуулаад буй. Тэрээр мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж бог малын далны ясыг хөх өнгөөр будаж, эртний монголчууд далны ясаар мэргэ төлөг буулгадаг байсан түүхэн уламжлалаас санаа аван уг бүтээлээ туурвижээ.
Уран бүтээлч Т.Баттогтох далны сийлбэрүүдээс гадна далны ясны хэлбэртэй хүрэл баримал бүтээсэн нь мөн үзэсгэлэнд тавигджээ. Эртний олдворыг ашиглан баатрын дүрийг бүтээхдээ хүрэл цутгамал далны ясыг малгайн орой дээрх чимэг болгон босгосон нь шинэлэг хийгээд тус үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг, тод өнгө нь болж буй юм.
Тус үзэсгэлэн 2020 оны 1-р сарын 16-наас 28-ны өдрийг дуустал ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд гарах тул та бүхнийг хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна. ХААН галерей ажлын өдрүүдэд 10:00–19:00, амралтын өдрүүдэд 11:00–18:00 цагт нээлттэй ажиллана.