Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй Нийслэл хотын иргэд “Хотын соёл”-ын тодорхойлолтуудын талаарх мэдлэг мэдээлэл, ойлголт хангалтгүй байгаа нь сүүлийн жилүүдэд судалгааны байгууллагуудын хийсэн судалгаануудаар тодорхойлогджээ.
Тодруулбал Нийслэлийн соёл, урлагийн газрын захиалгаар Нийгмийн сургалт, судалгаа, инновацын төвөөс 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын хооронд нийслэлийн дүүрэг тус бүрийн 18-55 насны 1000 иргэн буюу нийт 9000 иргэнээс “Хотын соёл”-ын тодорхойлолтуудын талаарх мэдлэгийн судалгааг авч дүгнэхэд, судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 13% нь анхан шатны мэдлэгтэй, 22% нь дунд зэргийн мэдлэгтэй, 65% нь мэдлэг нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Иймд Монголын Урлагийн залуучуудын холбоо ТББ-аас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран нийслэлийн иргэд тэр дундаа хүүхэд, залуучуудад зориулан тэдгээрийн үлгэр дууриал болсон алдартай залуу уран бүтээлчид болох Жүжигчин, МУСТА Д.Баттөмөр, Жүжигчин, МУСТА С.Болд-Эрдэнэ, Дуучин, МУСТА Ч.Уранхолбоо, Мисс, топ модель Х.Бадамгэрэл, Нэвтрүүлэгч Д.Одзаяа нараар дамжуулан “Хотын соёл”-ын тодорхойлолтуудыг сурталчлан таниулах “Улаанбаатарын урлагийн залуучууд” зорилтот төслийг хэрэгжүүлжээ.
Ингээд та бүхэндээ “Хотын соёл”-ын тодорхойлолтуудын талаар уран бүтээлчдийн танилцуулсан видео контентыг хүргэе.