“Битлз” хамтлагийн домогт хөгжимчин Жон Леннон, Йоко Оно нарын хүү Шон Оно Леннон найруулагчийн анхны бүрэн хэмжээний баримтат киногоороо дамжуулан уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, нөхөрлөл, бэрхшээлийг даван туулахын үнэ цэнийг харуулжээ.
Түүний найруулсан “threeASFOUR: FULL CIRCLE” баримтат кино нь Нью-Йорк хотод төвтэй, авангард загварын чиглэлээр ажилладаг “threeASFOUR” загварын нэгдлийн үүсгэн байгуулагч Габи Асфур, Анжела Донаузер, Ади Гил нарын олон жилийн уран бүтээлийн замналыг өгүүлдэг.
Шон Оно Леннон “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анх гурвалын загварын бүтээлүүдэд нь татагдан, тэдний уран бүтээлийг илүү олон хүнд таниулах хүсэлтэйгээр киногоо эхлүүлсэн тухайгаа ярьжээ. Гэвч явцын дунд энэ нь зөвхөн загварын тухай бус, нөхөрлөл, эв нэгдэл, бие биенээ дэмжихийн үнэ цэнийг харуулсан түүх болохыг ойлгосон байна.
Тэрбээр гурван загвар зохион бүтээгчийн санхүүгийн бэрхшээл, салбарын өрсөлдөөн дунд уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвиж буй тууштай байдлыг онцолжээ. Тэдний бүтээлүүд мэргэжлийн хүрээнд өндөр үнэлгээ авч, алдартнуудын анхаарлыг татдаг ч өөрсдийн студийн түрээс болон шинэ цуглуулгын зардлыг санхүүжүүлэхэд хүндрэлтэй тулгарсаар ирсэн байна.
Мөн “threeASFOUR” нэгдлийн эв нэгдэл, энх тайвныг эрхэмлэдэг үзэл санаа нь өөрийн гэр бүлийн үнэт зүйлстэй нийцдэг болохыг дурдсан байна. Түүний эцэг Жон Леннон, эх Йоко Оно нарын олон нийтэд түгээн дэлгэрүүлж ирсэн энх тайван, хайр, эв нэгдлийн үзэл санаа уг баримтат киноны гол агуулгатай нягт холбоотой ажээ.
“threeASFOUR: FULL CIRCLE” нь Шон Оно Ленноны найруулагчийн анхны бүрэн хэмжээний баримтат кино юм. Тэрбээр өмнө нь “War Is Over!” хүүхэлдэйн богино хэмжээний киноны зохиол, продюсерээр ажилласан бөгөөд уг бүтээл 2024 онд “Оскар”-ын шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн киноны шагнал хүртсэн билээ.
95 минут үргэлжлэх “threeASFOUR: FULL CIRCLE” баримтат кино 2026 оны “Tribeca” кино наадамд дэлхийн нээлтээ хийсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 13-наас Нью-Йорк хотын “Film Forum” кинотеатрт үзэгчдэд хүрч эхэлжээ.
