СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас Төв аймгийн сумдын Соёлын төвийн бүжгийн багш нарт зориулсан богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулав. 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 24-ны өдрүүдэд болсон тус сургалтад 20 сумын Соёлын төвийн багш нар хамрагдлаа. Тус сургалт нь орон нутгийн бүжгийн багш нарын онол, практикын мэдлэг чадвар, бүжиг заах арга зүйг дээшлүүлэх зорилготой, гурван багц цагийн сертификаттай сургалт болно.
“Монгол бүжгийн утга бэлгэдэл” сэдвээр “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн тэргүүлэх профессор, Ардын багш, Шинжлэх ухааны доктор С.Дулам лекц уншиж, “Бүжгийн зохиомжийн арга зүй” хичээлийг Бүжгийн урлагийн сургуулийн захирал Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, “Сонгодог бүжиг заах арга зүй” хичээлийг Д.Алтантуяа, “Монгол бүжиг заах арга зүй” хичээлийг Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл, “Бүжгийн хөгжмийн шинжлэл” хичээлийг Т.Гэрлээ нарын шилдэг багш нар заав. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт балетмейстер Б.Жамъяндагва бүжгийн багш нартай уулзалт хичээл хийж мэдлэг туршлагаа хуваалцлаа.
Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтсийн дэмжлэг, “Монгол туургатан” театр, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалт үр дүнтэй боллоо. Сумдын бүжгийн багш нар: Ийм үр дүнтэй, ач холбогдолтой сургалтад тодорхой давтамжтайгаар, тогтмол хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль нь мэргэжлийн урлагийн байгууллага, соёлын байгууллагад ажиллаж буй бүжгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх төв байх бодлогынхоо хүрээнд энэхүү богино хугацааны сургалтыг зохион байгууллаа.