Цар тахлаас үл хамааран монгол уран бүтээлчдийн дуу хоолой дэлхийн өнцөг булан бүрт түгж байна.
Өнгөрсөн нэг жилийн турш Монголын контемпорари уран бүтээлчид АНУ, Япон, Австрали, Тайланд, Англи, Тайваньд зохион байгуулсан олон улсын хэмжээний наадам, арга хэмжээ, үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцож, хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль, экологи, нийгмийн хурцадмал асуудлуудыг монгол соёл, уламжлалт гүн ухаан, итгэл үнэмшилтэй эсрэгцүүлэн, нэн орчин үеийн бүтээлүүдээр дамжуулан хөнджээ.
Монголын контемпорари урлагийн талаар мэдээ, нийтлэлүүд нэлээдгүй бичигдсэний дотор олон улсын Кобо Сошиал сэтгүүлийн нийтлэл онцгой анхаарал татаж байна. “Өнөөдрийн цар тахал бол соёл иргэншлийн замналд учирч буй дараалсан хямрал, уналтуудын сүүлийнх нь байж мэдэх. Бидний оюун ухаан энэ байдалд яаралтай, ул суурьтай дүн шинжилгээ хийх, барууны болон барууны үзэл бодлыг дуурайсан Азийн сэтгэлгээнээс гадуур, өөр сорилтуудыг олж туршихыг шаардаж байна. Өдөр тутмын амьдралын хэв маяг нь байгалийн болон сэтгэлийн хэмийг тэнцвэртэй хадгалж чадах тийм уламжлал, тогтолцоо, түүхтэй ард түмэн л энэ шийдлийг бидэнд хэлж өгч чадах байх. Монгол соёл болоод контемпорари урлаг хэдийнээ мартагдсан эртний ангид ертөнцийг, материаллаг баялаг, хөгжил гээчийн хойноос ташуурч яваа бидэнд сануулж байна. Монголын эрин цагийн дүрслэх урлагийн зарим нэг төрөл болох перформанс, орон зайн өрөг, дижитал урлагт бөөгийн зан үйл, домог, үндэстний уламжлалт соёл ихээхэн нөлөөллөө өгчээ. Цар тахал болон экологийн хямралд автсан энэ дэлхийд яг одоо Монголын контемпорари урлаг хэрэгтэй байж магад” гэжээ.
Байгаль эхэд зориулсан бүүвэйн дуу Тайпэйд
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монголын контемпорари урлагийн төлөөлөгчдийн нэг, перформанс артист Сэдбазарын Ганзүг болон Моханик хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч, уран бүтээлч Ц.Даваажаргал нар хамтран Тайванийн нийслэл Тайпэй хотод байрлах TKG+галерейд "Байгаль эхэд зориулсан бүүвэйн дуу" хэмээх ажлаа толилуулсан нь үзэгчдэд гүн соргог сэтгэгдэл төрүүлснийг хэвлэлүүд онцолжээ. Түүний дотор Сингапурын урлаг судлаач, шүүмжлэгч Рийна Дэвийн Кобо Сошиалд өгсөн нийтлэлдээ “Монголд олон зууны туршид нүүдэлчид чөтгөрүүдийг зайлуулахын тулд эсвэл айсан, өвчтэй нялх хүүхдүүдэд зориулан ёслол, зан үйл хийдэг байв. Ийм заншлын нэг болох нялх хүүхдийг тайвшруулахын тулд "Бүү ай" хэмээн эх хэлээрээ дуулдгаас гадна цаг хугацаа өнгөрөхийн хэрээр "Бүү ай" хэмээх хэллэг нь "Бүүвэй" буюу бүүвэйн дуу болон өөрчлөгдсөн гэдэг. Хоёр уран бүтээлч энэхүү уламжлалаас санаа аван зан үйлийг шинэчлэн тайлбарлаж, хүний бие махбод, элс, хөрс, газар шороо, дуу чимээг оролцуулсан эртний зан үйлийн гүйцэтгэлээр өнөөгийн технологийн хувьслын хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулж буй явцыг дүрслэн харуулжээ” гэсэн байна.
Ганзүг, Даваажаргал нарын хамтарсан перфромансыг Тайванийн нэртэй уран бүтээлч Чарвэй Цайгийн номын нээлт, Тайпэй Дангдай хотын бүс нутгийн хэмжээнд зохиогддог урлагийн наадмын өмнөх "Галерей үдэш"-тэй давхцуулан зохион байгуулжээ. 1992 оноос эхтэй TKG+ буюу Тина Кенг галерей нь Азийн түүчээлэгч уран бүтээлчдийг дэмждэг ба олон улсын байгууллагууд, шинээр гарч ирж буй уран бүтээлчидтэй хамтран, видео арт, гэрэл зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлээр, төрөл бүрйин орон зайд арт туршилтууд хийдгээрээ танигдсан.
Уран бүтээлч Баатарзориг, Номин нар Йоко Оно, Ай Вэйвэй, Марина Абрамовичийн хамт
"Bangkok Art Biennale" буюу Бангкокийн арт биенналийн сангийн “Гарах гарц” (Escape routes) сэдэвт үзэсгэлэн өнгөрсөн аравдугаар сард Бангкок хотод нээсэн билээ. Тус үзэсгэлэнд Батжаргалын Баатарзориг, Болдын Номин нар Монголыг төлөөлсөн бөгөөд Йоко Оно, Ай Вэйвэй, Марина Абрамович нарын 34 улсын 82 уран бүтээлчтэй хамт өөрсдийн уран бүтээлийг толилуулж буй. Бангкокийн урлагийн биенналь нь Тайландын нийслэлд хоёр жилд нэг удаа болдог, дэлхийд нэлээдгүй танигдсан эрин цагийн урлагийн томоохон наадам юм.
Монголоос оролцсон уран бүтээлч Б.Баатарзоригийн хувьд, уламжлалт монгол зургийн техникийг орчин үеийн хэв маягт нийцүүлсэн “Ангараг дээрх харийнхан” (Mars Alien), бөө мөргөлийн уламжлал, эр зоригийг бэлгэдсэн “Чоно” (Alpha), ан гөрөөг харуулсан видео дүрс бүхий “Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа” ажлуудаа дэлгэсэн бол уран бүтээлч Б.Номин одоогийн нийгмийн анхаарлын төвд байдаг сэдвийг хөндсөн “Хүүхэлдэй” (Pupa), хүний зан үйл, амьдралын хэв маягийг харуулсан “Мултиверс” (Multiverse), “Тэгшитгэл” (Equation), “Чагтага” (Chagtaga) зэрэг бүтээлээрээ оролцож буй.
Үзэсгэлэн Бангкок хотын Уран зураг, соёлын төвд 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Б.Номин нь 1982 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2005 онд Монгол улсын СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг монгол зургийн чиглэлээр төгссөн. Уламжлалт монгол зургийн хэв маягийг шинэчлэн, орчин үеийн хэв шинжид оруулан бүтээлээ туурвидаг. Тэрээр Документа, Ази Номхон Далайн Триенналь, Айчи Биенналь, Инчуан биенналь зэрэг олон улсад нэр хүндтэй наадмуудад уригдан оролцож зураасан зургийн онцгой арга барилаараа олон улсын хэмжээнд ихээхэн танигдсан юм. Монголын өнөөгийн нийгмийн төвөгтэй асуудлуудыг хурцаар шүүмжлэх түүний бүтээлүүдэд Буддын шашны дүрслэлүүд илэрхийллийн хэллэг болон орж ирдэг.
Б.Баатарзориг нь монгол зургийн уламжлалт техникийг орчин үеийн хэв маягтай хослуулан, өнөө цагт устаж үгүй болж буй өв соёлын асуудлыг өөрийн бүтээлээр дамжуулан хөнддөг. Монгол домог, оюун санааны ертөнц, орчин үеийн хөгжлийн бэлгэдлүүд түүний бүтээлд хэллэг болон сүлэлдэх нь олонтаа. Б.Баатарзориг нь СУИС-ыг монгол зургийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд Ази номхон далайн триенналь, Инчуан биеннальд Монголын орчин үеийн урлагийг төлөөлөн оролцсон.
"Улаан Баатар"-чууд МоМА-д
Дэлгэцийн баримтат бүтээл шимтэгчдийн хувьд нэн чухалд тооцогддог "Doc Fortnight" 2020 оны наадамд Монголыг "Red Hero"-ийнхэн төлөөлсөн юм. МоМА буюу Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейгээс 19 дэх удаагаа зохион байгуулсан уг арга хэмжээнд "Red Hero"-г үүсгэн байгуулагч Паоло Россо, Батболдын Дөлгөөн, Нью Йоркт амьдардаг уран бүтээлч Марк Дион, Дана Шервуд, мөн монгол уран бүтээлч Ёндонжамцын Төгөлдөр нар оролцож Монголын палеонтологи, мал аж ахуй эрхлэх соёл, бөө мөргөл, уран зохиолын туульсийг тус өвөрмөц бүс нутгийн хүрээнд нээх, тайлбарлах шинэ гарцуудыг хэрэгжүүлж буй төслийн талаар толилуулсан юм. "Red Hero" нь Монголын соёл урлагийн асуудлаар дотоод, гадаад уран бүтээлчдийн дунд харилцан яриа үүсгэх цахим платформ бүхий олон талт хамтын ажиллагааг хамарсан судалгааны хөтөлбөр юм.
Ё.Төгөлдөр нь СУИС-ийн монгол зургийн анги, Берлиний Урлагийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй, АНУ-ын Колумбийн их сургуулийг визуал арт чиглэлээр мастерын зэрэгтэй суралцаж төгсчээ. АНУ-ын Нью Йорк хотод хэсэг амьдарч ажиллаж байгаад сүүлийн хоёр жилд эх орондоо сууршин ажиллаж байна. Түүний видео, өрөг, бэхэн бүтээлүүд нь АНУ болон Европ, Азийн орнуудад зохион байгуулагдсан 50 гаруй үзэсгэлэнд дэлгэгдэж олон нийтийн хүртээл болж байжээ.
Б.Дөлгөөн нь АНУ-ын Бостон хотод суралцаж байгаад Лондон руу шилжин, Лондон дахь Америкийн Олон Улсын их cургуулийг Олон улсын бизнес, менежмент чиглэлээр төгссөн. 2015 оноос эхлэн "Red Hero" компанийг үүсгэн байгуулан одоог хүртэл ерөнхий захирлаар ажиллаж байна. Мөн Бодь Дарма сан, Сэнгэраги уран зургийн галерейг үүсгэн байгуулагч юм. AND Global-н хөрөнгө оруулагч, "Петровис" компанийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд соёл урлагийн салбарт өөрийн чухал хувь нэмрийг оруулж яваа нэгэн билээ.
Гэртэй нүүдэлчид Английн Ньюкэслд
Breeze Creatives нь Английн Ньюкасл хотын төвд байрладаг орчин үеийн дүрслэх урлагийн төв бөгөөд олон улсын контемпорари уран бүтээлчдийн бүтээлийг толилуулдаг. Тус төв дээр 2020 оны 4-р сард контемпорари уран бүтээлч Тогмидшийрэвийн Энхболд, Сэдбазарын Ганзүг нарын үйлдлийн урлагийн видео ажлуудыг дэлгэсэн юм.
Уран бүтээлч Энхболд нь олон улсад нэр нь түгсэн цөөхөн Монгол уран бүтээлчдийн нэг юм. 2009 оноос хойш өөрийн бүтээсэн гэрийг үүрэн Финлянд, Голланд, Их Британи, Итали, Хятад, Солонгос, Австралиар хөндлөн гулд явж, музейн гадаа, далайн эрэг, хурдны зам, хотын төв талбай дээр үйлдлийн бүтээлээ олон нийтэд толилуулсаар ирсэн. Түүний үзэл санаанд хүн байгалийн нандин харилцаа чухал байр суурийг эзэлдэг. Энхболд нь 2015 онд эх орноо төлөөлөн Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд оролцохын сацуу, Шанхайн биеналь, Манчестер триенналь, Ази Номхон далайн триенналь, Пусаны далайн наадам, Инчон биенналь зэрэгт уригдан оролцож байв.
Харин С.Ганзүг нь нүүдэлчдийн гүн ухаан, бөөгийн зан үйлийг өөрийн үйл хөдлөл, өрөг урлагийн ажилд шингээж өгдөг ба үйлдлийн урлагаараа хэдийнээ олны танил болсон билээ. Нүүдэлчин ахуйд өсөж торнисон, монгол уламжлалт амьдралын хэв маягийн талаар өргөн мэдлэгтэй тэрээр Өмнөд Солонгос, Гонг Конг, Финлянд, Итали, Голланд, Тайваньд болсон үзэсгэлэн, наадмууд, төсөл хөтөлбөрт оролцож бүтээлүүдээ толилуулж байв.
Японы Эчигогийн урлагийн талбарт монгол ухаан
Эчиго-Цүмаригийн урлагийн талбар буюу Эчиго-Цүмаригийн арт триенналь нь гурван жил тутам бүс нутагт зохион байгуулагддаг наадам юм. Энэхүү урлагийн наадмын үеэр 100-200 орчим бүтээлүүдийг дэлгэн харуулдаг бөгөөд долоо хоногийн турш үргэлжилдэг. Тус наадам нь анх 2000 онд байгалийн гамшигт нэрвэгдэн хүн ам нь цөөрсөн бүс нутагт зочдыг татах, сэргээн босгох төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Уг наадамд 2020 онд Монголын уран бүтээлч Намсрайжавын Амарсайхан оролцжээ. Түүний 2009 оноос хойш хэрэгжүүлж буй нүүдэлчдийн байгальтайгаа шүтэлцэн, зохицон амьдарсаар ирсэн соёлоор дамжуулж, цаашид бид дэлхий эхтэйгээ хэрхэн харилцаж, зохицож амьдарч болохыг илэрхийлэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх зорилготой "Нүүдэл" төсөл нь өрөг урлаг /инстоляци/, газрын урлаг /ланд арт/, уран зураг гэсэн төрлөөр Монгол болон бусад улсад амжилттай хэрэгжсээр байна.
Н.Амарсайхан уран бүтээлээрээ дамжуулан хүн төрөлхтөн байгаль эхтэйгээ зохицож, нүүдэлчин амьдралын хэв маягийг баримтлан амьдрахыг уриалдаг. Бидний эртний соёл, өв уламжлалаас харахад дэлхий, тэнгэр, уул, гол мөрөн, хүрээлэн буй орчноо өвөг дээдэс маань хүндэтгэн, байгальтай хэрхэн харилцан холбоо тогтоож байсныг мэдэж болно. Одоо бидний хийж чадах зүйл бол хүрээлэн буй орчноо хамгаалах арга замыг эрэлхийлж, түүндээ нийцүүлэн ажиллах явдал гэж тэр тунхагладаг.
Бурхад ба мэдээллийн сүлэлдээн Австралид
Д.Үүрийнтуяа, Баялагт хүрэх зам
Австралийн Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерейд "Gods and Gridlock" үзэсгэлэн өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийж Монголоос Г.Гэрэлхүү, Б.Номин, Д.Үүрийнтуяа, Б.Баатарзориг нарын бүтээлийг толилуулж байгаа билээ. Энэ оны наймдугаар сар хүртэл дэлгэгдэх энэхүү үзэсгэлэнд сонгодог танка суурьтай Азийн уран бүтээлчид оролцож буй бөгөөд ингэхдээ сонгодог хэв маягтай ч цахим шилжилтийн эрин зуунд гарц хайсан, орчин үеийн сэдэвтэй ажлуудыг дэлгэжээ. Тогтсон онцгой дэгтэй буддын урлаг нь тэнгэр эрхэс, газар дэлхий хийгээд хүмүүний амьдралын орчил хөдөлгөөнийг нэг хавтгай дээр уран нарийнаар дүрсэлдэг. Харин уг үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид дорнын уламжлалт зургийн эл онцлогоор дамжуулан өнөөгийн ертөнцийг бясалгаж, үзэгчдийг асуултаар үдэж байна.
Монгол зураг Нью Йорк, Даллас, Майамид
Өнгөрсөн жил АНУ-ын Нью Йорк хотноо монгол уран бүтээлч Дагвасамбуугийн Үүрийнтуяа, Чойжилжавын Баасанжав нарын бүтээлүүд Нью Йорк хотын Сапар Контемпорари галерейн “Cultural Ecologies of Asia” үзэсгэлэнд дэлгэгдэж олон нийтийн хүртээл боллоо.
Түүнчлэн олон улсын чанартай үзэсгэлэнгүүд дунд өндөр байр суурь эзэлдэг, дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид, кураторууд, музейн мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн зорин ирдэг "Арт Майами" болон “Даллас Арт”-д уран бүтээлч Үүрийнтуяагийн бүтээлүүд оролцсон юм. Уран бүтээлч Д.Үүрийнтуяа нь олон орны урлаг судлаачдын анхаарлыг татсаар ирсэн, олон улсад нэрээ гаргаж яваа цөөхөн монгол уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр уламжлалт хээ угалз, монгол эмэгтэйчүүдийн өвөрмөц дүр төрх, нүүдэлчин Монгол орны өдөр тутмын амьдралыг орчин үеийн сэдэвтэй уялдуулж өгдөг онцлогтой. Түүний бүтээлүүд эх орондоо болон Герман, АНУ, Япон, Хятад, Украйн, Гонг Конг, Англи, Австралийн нэр хүндтэй музей, галерейд дэлгэгдэж байсан. Мөн Япон дахь Фүкүокогийн Азийн урлагийн музейгээс хэвлэн гаргадаг "Азийн шилдэг 100 эмэгтэй уран бүтээлч" номонд хоёр удаа бичигдэж, "Баялагт хүрэх зам" бүтээл нь Австралийн Куйнслэндийн орчин үеийн урлагийн музейгээс зохион байгуулдаг Ази номхон далайн 8-р триенналийн нүүр царай болон цахим хуудаснаа тавигдаж байв.
Дэлхийд нэртэй хөгжмийн сэтгүүлүүд "Моханик"–ийн Даваагийн бүтээлийг онцлов
"Моханик" хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалын "Ахин оршихуй" буюу "Re-exist" экпериментал дуу авиан бүтээлийн дижитал цомгийг Лондонд төвтэй Chinabot хөгжмийн платформ энэ оны 3 дугаар сард өөрийн сайтдаа байршуулжээ. Уг цомогт түүний сүүлийн 4-5 жилийн туршид бүтээсэн дуу авиан ажлуудаас түүвэрлэн оруулсан ба хуурцаг хэлбэрээр Лондонд нээлтийг нь хийж, bandcamp онлайн платформоор дамжуулан борлуулж байгаа аж. Chinabot нь уламжлал болоод орчин үеийн хөгжмийг хослуулж, шинэлэг, онцгой бүтээл туурвиж буй Ази гаралтай уран бүтээлчидтэй хамтран ажилладаг, олон улсад нэртэй лэбэл юм.
"Re-exist" цомгийн нээлтийг хийснээс хойш сар хүрэхгүй хугацаанд хуурцаг нь борлогдож дууссан ба Английн The Wire Magazine, Independent Music Podcast, Album of the Year, Голландын Music Meter, Францын Radio Campus Orleans зэрэг дэлхийн хөгжмийн томоохон сэтгүүлүүд мэдээ, нийтлэл бичиж, Discogs, Spotify, Rate Your Music, I Heart Radio, KKBox, Hungama, Yandex Music, Last FM, Polskie Radio зэрэг 20 гаруй хөгжмийн платформ цомгийг нь танилцуулжээ.
Агшин зуур ба сүнслэг оршихуйн дунд
2019 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхорол нь өнгөрсөн жил АНУ-ын Нью Йорк хотноо Half Gallery-д зохион байгуулсан “Inertial Dynamics” нэртэй үзэсгэлэнд оролцохын сацуу саяхан Италийн Виагги Култура сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Ярилцлагыг Жанцанхоролын бүтээлүүдийн онцлогтой холбон “Монгол орон – агшин зуур ба сүнслэг оршихуйн дунд” гэж нэрлэжээ. Англи, итали хэл дээр гарсан энэхүү ярилцлагаас хүний зөн совин, байгалийн хууль, оршихуйн төлөөх тэмцэл, өөрчлөлт, сүнслэг оршихуйн талаарх уран бүтээлчийн үзэл санаа, бодол, энэ бүхэн хэрхэн түүний бүтээлд тусгал болдог талаар уншиж болох нь.
Мэдээллийг бэлтгэсэн Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо