Монголд шашны соёл урлаг XIX зууны үед ид цэцэглэн хөгжиж байв. VIII Богд хаан Живзун дамба хутагтын үед Монголын олон уран дархан гайхалтай бүтээл туурвисны нэг нь Авидын шангад буюу диваажингийн орныг дүрсэлсэн зээгт наамал юм. Шар өнгийн пүүсүү дээр өнгө өнгийн торго, хоргойгоор алаглуулан хээ урласан уг бүтээлийн голд Авид бурхныг улаан өнгөөр бүтээж, эргэн тойронд нь орд харш болон Бодьсадва нар, диваажинд төрж буй хүнийг дүрсэлжээ.
Мөн огторгуйд нисэж буй хуврагуудыг дүрслэхийн зэрэгцээ орой дээр нь Аюуш бурхныг байрлуулж, баруун зүүн дээд талд нь тэнгэрийн эзэд цэцгээр хур оруулан хүндэтгэл үзүүлж байгаагаар харуулсан байна. Баруун доод буланд Дамдинчойжоо бурхныг дүрслэн бүтээхдээ жижигхэн шүр, сувд хэлхэн чимэглэжээ.
Доод талын гол хэсэгт бурхан багш тэнгэрийн оронд морилон, дээдийн ном тэнгэрээс залран бууж байгааг харуулсан бөгөөд түүний эргэн тойрон үүл хөлөглөн бууж буй тэнгэрүүд байна.
Зүүн талд Цамба бурхан харагдана. Эдгээр бурхныг бүтээхдээ үлбэнх хэмээдэг шүр, сувд, оюу зэрэг эрдэнийн чулуу шигтгэн, алт, мөнгөн утсаар угалзлуулан ороосон нь гайхамшигтай, сүрлэг харагддаг.
Хасгомбо гавж хэмээх хосгүй уран нэгэн үүнийг бүтээжээ.
Тэрбээр Богдын ордны дэргэд байх үйлчин бүсгүйчүүдийг сургаж байснаас гадна манайд зээгт наамлын урлаг хөгжихөд их хувь нэмэр оруулсан буянтай нэгэн.