Хошин урлагийн “акул”-уудын нэг болох Х-Түц продакшны анхны гавъяат И.Одончимэгийг танихгүй, мэдэхгүй хүн ховор. Ажил мэргэжлээс гадна хувийн амьдралаасаа үргэлж бусдын анхаарлыг татаж байдаг тэрбээр өнгөрсөн жил хоёр дахиа нярайлж дахин охинтой болсон бөгөөд тун удалгүй бас зээ охиноо өлгийдөн авсан. Хорь гаруй жилийн дараа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тэрбээр өнгөрсөн “Март-8” буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нөхрөөсөө алмазан шигтгээтэй цагаан алтан бөгж бэлгэнд авсан. Энэ цагаас эхлэн тэднийг хэзээ хуримлах бол гэсэн хүлээлт үзэгч, фэнүүдийнх нь дунд үүссэн байх. Мөн тэднийг тун удахгүй намрын дунд сарын билигт сайн өдөр хурим найраа хийх гэж байгаа, бүр хувцасаа хүртэл захиалж, ойр дотныхондоо урилга, заллага хүргүүлж байгаа гэх мэдээлэл ч өдөр бүр хэвлэлүүдээр гарч эхэлсэн. Гэвч хосууд маань энэ мэдээлэлд эрс няцаалт хийжээ. Учир нь жүжигчин Т.Бархүү эхнэртээ гэрлэх санал тавьсан ч МУГЖ И.Одончимэг заавал хурим хийх шаардлагагүй гэж үзжээ. Тэрбээр саяханы нэгэн ярилцлагадаа “Манай хүн хуримаа хийе гэж хэлдэг л дээ. Гэхдээ миний бодлоор заавал хурим найр хийх гээд байх юм байхгүй. Хурим хийгээгүй байсан ч сайн сайхан амьдарч болно шүү дээ. Хуримаа хийхгүй байлаа гээд салж, сарнина гэсэн үг биш. Тийм болохоор бид ярилцаад хурим найрын асуудлаа хойш тавьсан” хэмээн ярьжээ. Мөн тэдний хувцасаа хийлгэж буй гэх “Шилмэл загвар” агентлагаас энэ талаар “гавъяат И.Одончимэг, Т.Бархүү нар баяр ёслолын хувцасаа үргэлж манайхаар хийлгэдэг. Гэхдээ хуримын хувцас бол захиалаагүй. Энэ бол худлаа мэдээлэл” хэмээн тайлбарлажээ. Тиймээс хосууд маань энэ жилдээ л лав хурим найр хийхгүй бололтой.