1.Завхан нутгаараа овоглосон гавьяат жүжигчин С.Батсүх үсний засалтаа өнөө хэр нь өөрчлөөгүй яваа цөөхөн хүний нэг. Хит дуунаас гадна өөрийн гэсэн өнгө төрхөөр урлагийн ертөнцөд байр сууриа эзэлсэн энэ эрхэм гоёлын хослол, үндэсний загвар бүхий чамин хантаазнаас өөр төрлийн хувцас өмсдөггүй. Тайзан дээр өмсдөг гялгар хар гутлаа ч төдийлөн солих дургүй тэрбээр үсний хэв маягаа өөрчлөх тухай ер бодож байгаагүй гэсэн шүү. Богино зассан халимаг үсээ сайтар самначихаад тэргүүнээ гоёсонд тооцдог дуучин маань гурван ч удаа амьдрал зохиосон удаатай. Том хүү нь аавынхаа дуунуудыг дуулж, урлагийн ертөнцөд хөл тавих хүсэлтэй боловч мань эр огт зөвшөөрөөгүй юм билээ. Түүнийхээр, нэгэнт урлагийн хүн болохоор шийдсэн бол тайзан дээр өөрийн гэсэн дуу хоолой, өнгө төрх, авьяас чадварыг харуулах ёстой гэж үздэг учраас тэр гэнэ. Хэн нэгний дуулж, олон түмний хүртээл болгосон хит дуунуудаар өөрийгөө сурталчлах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүст
дургүй гэдгээ илэрхийлсэн гавьяат жүжигчин С.Батсүх үзэл бодол, үсний хэв маяг, стиль имижээ цаашид ч өөрчлөхгүй гэдэг нь тодорхой биз ээ.
2.Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа гэхээр л уншигчид маань андахгүй. Яруу найргийн наадам, энд тэндхийн арга хэмжээнд уригдахаар болбол ихэвчлэн гоёлын дээл өмсөх дуртай найрагч эмэгтэйг фэнүүд нь тун дэгжин гэлцдэг. Энгийн үед ямар ч төрлийн хувцас өмссөн бай, хамаагүй. Өнгө ижил гоёмсог алчуураар хүзүүгээ ороодог түүнийг залуудаа ч мөн царайлаг, хээнцэр бүсгүй байсан гэж үеийнхэн нь ярьдаг юм билээ. “Аавынхаа хайранд хааны гүнж шиг жаргасан” хэмээн бага насны дурсамжаа хуваалцсан Ш.Дулмаа найрагч охид бүсгүйчүүдэд үргэлж захиас сургамжаа хайрлаж явдаг нэгэн. “Эмэгтэй хүн ямар ч үед өөртөө итгэх итгэл, гоо үзэмж, амьдрах сэтгэлээ гээж болохгүй. Амьдралын түмэн янзын шалгуурыг давж, учирсан асуудалд ухаалгаар хандахаас гадна өрөвч, ууч сэтгэлтэй байх нь хамгийн чухал” гэж ярих дуртай найрагч маань өөрийнхөө гадаад төрхөнд нэлээд анхаарал тавьдаг гэсэн. Энэ ч утгаараа, уншигчдад хэдийнэ танил болсон стилиэ өдгөө ч алдаагүй явна.
3.УДЭТ-ын ерөнхий найруулагч Ш.Найдандорж бүрх малгайны хоббитой эр. “Х-Түц” продакшны найруулагчаар багагүй хугацаанд ажилласан тэрбээр урлагийн сургуульд багшилж байснаа болиод УДЭТ-ыг зорьсон гэдэг. Түүхэн жүжгээр үзэгчдийг байлдан дагуулж чадсан найруулагч эр урт гэзэг, бүрх малгай хоёртоо хэзээд үнэнч байдаг нь нууц биш. Театрын баярт оролцож, шоуны шүүгчээр ажиллаж байхдаа ч стилиэ өөрчилнө гэж байхгүй. Түүний сонирхдог, өмсөх дуртай бүрх малгайнууд нь өнгөний сонголтоор ялгарахаас бус загвар, хийцээрээ хоорондоо адилхан. Яахав, мань эр бүслүүр болон эмжээр, багахан хэмжээтэй унжуурга зэргийг нь харгалзаж байж авдаг байж мэднэ. Ямартаа л, хөдөөгийн нэгэн залуу урлагийн сургуульд шалгалт өгөхөөр ирээд Ч.Найдандорж найруулагчтай таарсан хөгтэй ч гэмээр яриа бий. Шалгалтад бэлтгэж явсан залуу түүнийг хармагцаа ихэд танимхайран “Өө, та чинь нөгөө Икс түүцийн шляптай ах байна ш дээ” гэж ирээд л уулга алдсан гэнэ лээ. Найруулагчийн ур чадвараас гадна бүрх малгайгаараа хүртэл олны танил болж чадсан түүний тухай энэ мэт хөгжилтэй паян цөөнгүй байгаа шүү.
4.Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун 1980-аад оны дундуур “Бага тайз”-наа тоглож, эрх охиноос өгсүүлээд ааштай хадмын дүрд хувирч явсан. Өдгөө СУИС-ийн тайзны ярианы багшаар ажилладаг тэрбээр нэг хэсэг гавьяат жүжигчин Б.Туяатай хамт хүүхдийн уран бүтээл хийж байсан удаатай. Хувь хүний үүднээс, тэрбээр элдэв загварт шунан дурладаггүй, энгийн зантай эмэгтэй гэхэд хилсдэхгүй биз. Нэлээд махлаг биетэй болоод ч тэр үү, бариу загварын хувцас өмсөхөөс татгалздаг жүжигчин маань энэтхэг маягийн гоёл чимэглэл, саа бүхий дэгжин өмд, цамц сонгох дуртай юм билээ. Урлагийн тайзан дээр бол урт хормойтой даашинз, цамцаар гоёдог түүнийг хавчаар, ээмэг зүүлтний хослол цуглуулах дуртай гэдэг. Зарим үед бүр бяцхан охин шиг тууз, цэцэгтэй даруулга зүүчихсэн явдаг хөгжилтэй багшаа шавь нар нь ихэд хүндэлдэг юм билээ. Л.Чаминчулуун гавьяатын хувцас, гоёл зүүсгэл, үс засалт ердөө л тайз, дэлгэцийн нэг өнгө болсон гэлтэй. Түүнийг ааштай, хартай эхнэр болон хадмын дүр цөөнгүй удаа бүтээсэн болохоор зарим хүн бодит амьдрал дээр ийм нүдээр хардаг байж болох ч эрхэм жүжигчин маань илүү дутуу зангүй, өрөвчхөн гэх.
5.Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын хувцаслалт үргэлж өөрчлөгдөж байдаг нь түүний уран бүтээлтэй холбоотой биз. Поп, аромби стилиэр дуулж явсан дуучин залуу нэг л өдөр “Монгол поп” хэмээх шинэ урсгал гаргаж ирснээр өмнөхөөсөө тэс өөр болох нь тэр. Үндэсний хэв маягийг орчин үеийн загвартай хослуулсан өвөрмөц дээл, өмсгөлөөр гангарсан Д.Болд алдарт хуурч асан өвөөгийнхөө морин хуурыг ч сурталчилгаандаа ашигласан билээ. Улмаар шинэ уур амьсгал үнэртсэн монгол поп дуунуудаа гаргаж, цомог болон тайлан тоглолтоор үзэгчдээ алмайруулсан мань эр Төрийн соёрхолт цол тэмдэг хүртсэн нь саяхан. Магадгүй, чамгүй хугацаанд хөдөлмөрлөсөн учраас одоо амарч байж мэдэх юм. Юутай ч, түүний энэ огцом өөрчлөлтөд үсний хэв маяг нь тэсч үлдсэн нь яамай. Орой дээрээ үлдээсэн багахан хэмжээний үсээ донжтой нь аргагүй сөрвийлгөн, рок төрхтэй болгодог тэрбээр шампуни хүртэл рекламдахаа мартаагүй аж. Харин энэ содон стиль өдгөө хүүхэд, залуусын сонголт болсон төдийгүй Д.Болдын зураг томоохон салонуудын сурталчилгаа болох дөхсөн гэдэг.
6.Гавьяат жүжигчин Б.Сарантуяа ч мөн үсээрээ оролдох дургүй оддын нэг. Духныхаа урдуур унжуулсан богино хэлбэрийн шёлка, дунд зэргийн урттай үсээ янз бүрээр засуулахад тохиромжтой гэж үздэг гэсэн. Мөн хэдэн жилийн өмнө духны үсээ арагш самнан, овоолох маягаар засуулснаас болж фэнүүдээсээ хатуухан шүүмж сонссон нь ч нөлөөлсөн байж болох талтай. Тухайн үед нэлээд жин нэмсэн, дээр нь үсээ толгой дээрээ овоолж самнаж буй нь дуучин бүсгүйг овортой харагдуулж байгааг хэвлэлийнхэн ч нууцлаагүй. Үсчнээ сольж, өөр салоноор үйлчлүүлэх болнсоор түүний стиль ч чамлахааргүй өөрчлөгдсөн нь үнэн. Харин шинэ үсчнийхээ ачаар тоглолтын тайзан дээр өвөрмөц харагдаж эхэлсэн нь түүний санааг ихэд амраажээ. Гэхдээ үснийхээ өнгийг өөрчлөн, хими хийлгэсэн ч Б.Сарантуяагийн дух үргэлж “хаалттай”. 1990-ээд оны дундуур хөдөө орон нутагт аялан тоглолт хийх үедээ богино засалт бүхий хиймэл үсээр гоёж байсан ч өөрийнхөө үсийг ингэж тайруулахаас зүрхшээсэн гэдэг юм билээ.
7.“Хурд” хамтлагийн гитарчин Б.Отгонбаяр “Урт үс, уранхай жинс” гэдэг шиг л хамтлаг, стиль, гитар гуравтаа хайртай, дуртайгаа гайхдаг залуу. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш уран бүтээлээ орхиогүй яваа гитарчин эрийн гоёл хэдхэн зүйлээр тодорхойлогдоно. Төмөр тоноглолтой савхин хослол, урт үс, үнэтэй гитар гээд л бараг дуусчих байх. Тайзан дээр гитараа тоглоод үсээ эргүүлж байхыг нь харвал үнэхээр сэтгэл хөдлөм эвсэлтэй, бас мэдрэмжтэй гэдгийг нь яана. Амьдралдаа хэдхэн удаа л үсний засалтаа өөрчилсөн мань эр оны өмнөхөн аминаасаа ч илүү хайрладаг зургаан гитараа хулгайд алдаад сүйд болох дөхсөн. Олны яриагаар бол, зургаан давхар байшингаас үсэрч орхиод үймэрсэн сэтгэлээ засах гэж оролдсон юм байх аа. Гэхдээ бас ч гэж хоосонгүй ээ. “Хурдын гитарыг хулгайлж зүрхэлсэн шийртэй эрийг хашраахын тулд чонын шөрмөс шатаана” гэж ирээд л хэвлэлээр мэдэгдсэн Б.Отгонбаяр гитаруудаа олох гээд цагдаа нараас дутуугүй эрэлд хатаж, эгээтэй л Жеймс Бонд болчихоогүй юм байх. Одоо мань эр даруухан нь дэндсэн гурван бүсгүйг поп төрхөнд оруулаад “Шанз-3” хамтлаг байгуулан, өөрөө продюссерээр ажиллан манаргаж яваа.
8.“Шри Шри-Амьдрах ухаан” бясалгалын төвийн тэргүүн Ц.Саранцэцэг иог, бясалгалын хичээл заахаас гадна бодит амьдрал дээрээ ч энэтхэг сари өмсөх дуртай эмэгтэй аж. Духан дээрээ тавьсан улаан тэмдэг, гоёмсог шаахай, нимгэн өмсгөл, намирсан урт ороолт тэргүүтнийг нь харвал эгээ л энэтхэг бүсгүйчүүдтэй андуурмаар юм билээ. Ярьж буй байдал, алхаа гишгээ нь хүртэл цаанаа л нэг бурханлиг шинжтэй гэгддэг бясалгалын багш эмэгтэйн шавь өдгөө бүр тоогоо алдсан гэдэг нь ч үнэн. Хөдөө орон нутагт хичээл заахаар явахдаа ч гэсэн хэд хэдэн төрлийн сари, панжаби зэхээд авдаг Ц.Саранцэцэг энгийн загварын хувцас сонирхохоо болиод удаж байгаа бололтой. Мэдээж хэрэг, хэлж ярьсан бүхнээ бие сэтгэлээрээ илэрхийлэх гэсэн хувь хүний үзэл бодол ч үүнтэй холбоотой байлгүй. Энэтхэгийн алдарт бясалгагч Шри Шри Рави Шанкарыг тэрбээр “Их багш” хэмээн дээдлэн, жил бүр эх орондоо урьж авчран эрхэм сургаалыг нь сонсдог болохоор энэ стилиэ хэсэгтээ л өөрчлөхгүй нь лавтай.
9.“Нугасны муухай дэгдээхэй хун болж хувирсан” үлгэрийн гэмээр өөрчлөлтийг өөрийн биеэр харуулсан хүн бол дуучин Б.Маралжингоо. Нүүрнийхээ талыг шахам халхалсан том хүрээтэй хар шилээр гангарах дуртай дуучин бүсгүйн имиж энэ. Нүдний шилний цуглуулгатай, түүнийгээ өдөр бүр сольж хэрэглэх хоббитой гэдгээ нуугаагүй тэрбээр фэнүүдийнхээ шүүмжлэлийг ч үл ойшоосон. Өглөө, үдэшгүй хар шилтэй гүйж явдаг дуучныг нэг хэсэг “Солир нүдтэй, эсвэл давхраа хийлгэсэн гэдгээ нуугаад шил зүүх болсон” гэж гоочилсон ч Б.Маралжингоо өөрийгөө өмөөрч “Энэ бол миний хобби” гэж танилцуулж байлаа. Өдгөө дуулахаа болиод барилгын салбарт хүч сорихоор зэхэж буй ч шинэ цомгоо гаргахаар шийдсэн түүний цуглуулгад ихэвчлэн “Cobra” загварын чамин шил байдаг гэж ярьсан юм.
10. “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг олон салаа сүлжсэн урт үсээ 15 жил ургуулж байгаа гэдэг. Энгийн үед үсээ ганцхан сүлжээд гарч оддог дуучин залууд шоу тоглолтын үеэр эхнэр нь ихэд тусалдаг юм байх. Үргэлж л үсчний газар, салоноор эргэлдээд байлтай биш. Өдөр тутмын гоёлын сүлжээг эхнэр нь хийж өгдөг болохоор мань эрд цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэх гээд олон талын ашигтай байдаг нь мэдээж. “Урт үс арчлах зовлонг эмэгтэйчүүдээс илүү мэдэрч байгаа” гэж нууцаа хуваалцсан Г.Эрдэнэбилэг үсний тэжээлийн тос, шампунь зэргийг хэнээс ч дутуугүй мэддэг гэсэн. Харин сүүлийн үед үсний хэв маягаас гадна гүзээгээрээ олонд танигдах дөхсөн учраас бодибилдингийн клубт хичээллэж, жингээ хасах тал дээр анхаарч эхэлсэн аж. Хэсэг хугацаанд завсарласан хамтлагийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн, ахлагчаа замын дунд гээсэн мань эрд хувцас загварын сонголт олон байдаг учраас стилиэ байнга өөрчилдөг хоббитой болсон гэнэ.
Р.Есүй