
Шивээс бол хамгийн эртний урлагуудын нэг юм. Барагцаалбал МЭӨ 3300 оны үед үүссэн гэж эрдэмтэд тодорхойлох нь ч бий. Тиймдээ ч тухайн үеэс хаан, ихэс дээдэс, чинээлэг иргэдийн гоёл байсан гэдэг. Гэхдээ шивээсний урлаг XIX зууны сүүлчээр, XX зууны эхээр хүчээ авчээ.

Нэрт аялагч Жэймс Күүк 1769 онд бичсэнээр шивээс (tattoo) нь тахити үндэстнээс (Австрали тивийн орчмын эртний үндэстэн) гаралтай. Тэд шивээсийг таттау буюу тэмдэглэх хэмээн нэрлэж ирснээр явцдаа tattoo болсон гэдэг.

Японы засгийн газар 1870 онд гадаадын шивээсний соёлыг хүлээн зөвшөөрч хуульчилж байжээ. Гэхдээ биеийн шивээс тэр үед хараахан хөгжөөгүй байв. Самурай эрчүүд ихэвчлэн шивээс хийлгэдэг байжээ.

1926 онд АНУ-д, 1946 онд Япон, Англид биеийн шивээс дэлгэрсэн байна. Тэр дундаа бүсгүйчүүд биеийн шивээс хийлгэх нь нэмэгдэж моод болжээ. 1920 онд АНУ-д 200 ам.доллараар биеийн шивээс хийлгэсэн 300 орчим хүн байсан гэсэн баримт байдаг. Дэлхийн II дайны дараа энэхүү урлагийг хиппичүүд (эрх чөлөөг гол уриагаа болгосон тэнүүлчин амьдралтай америк залуус) улам хөгжүүлсэн аж.

1947 онд эмэгтэйчүүдийн бие дээр шивээс хийх нь мөн л 200 ам.долларын үнэтэй байсан. Энэ нь тухайн үед мэдээж хэр баргийн эмэгтэй хийлгэж чадахгүй мөнгөний хэмжээ юм. Гэхдээ чинээлэг эмэгтэйчүүд дэггүйтэж хийлгэх тохиолдол элбэг байв. Энэ нь амьдралынхаа хэв маягийг өөрчилж байгаа илрэл юм.

Мэдээж биеийг бүрхсэн шивээс хуучинсаг үзэлтнүүдэд таалагддаггүй байсан нь тодорхой. Христийн шашны загалмай, загалмайд цовдлогдсон Христ, АНУ-ын төрийн далбаа, шонхор шувуу, могой, үлгэрт гардаг луу зэргийг бие дээрээ “мөнхөлсөн” бүсгүйчүүд хуучинсаг үзэлтнүүдийн доог болох нь ч бий.
Гэхдээ биеийн шивээс жигшмээр зүйл биш гэдгийг 1970-аад оны сүүлчээр барууныхан хүлээн зөвшөөрсөн. Харин мэргэжлийн хүнээр, ариун цэврийг өндөр сахиснаар шивээс хийлгэх нь таны эрүүл мэндэд халгүй юм.