Хүний сонирхол, хүсэл мөрөөдөл хязгааргүй мэт. Тэгвэл өөдрөг дэврүүн сэтгэлээр амьдралыг төсөөлж, илэрхийлэх дуртай уран бүтээлчид чухам ямар зүйлийг хүсч мөрөөддөг юм бол оо… Өдөр тутмын ажил мэргэжлээс нь илүү хийх дуртай зүйл болоод ирээдүйд төлөвлөсөн тэдний мөрөөдөл уншигчдад маань сонирхолтой байх нь гарцаагүй биз ээ.
Б.Сарантуяа үнэт эдлэл сонирхдоггvй
Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива, зууны манлай эстрадын дуучин гээд л рок попын ертөнц авьяаслаг бүсгүйд юугаа ч харамласангүй. Нэр хүнд, алдар гавьяа, эд хөрөнгө, үр хүүхэд гээд л дуучин бүсгүй маань дутагдах гачигдах зүйлгvй, сэтгэл хангалуун амьдарч яваагаа үргэлж илэрхийлдэг билээ. Гэхдээ тэрбээр ихэнх бүсгvйчүүд шиг үнэт эдлэл, чимэг зүүлт сонирхдоггvй гэнэ. Энэ тал дээр харин ч бүр гар татдаг юм байх. Түүнд өнөөдрийнх нь хэрэгцээг хангахуйц эд зүйл чухал болохоос биш, гоёлын хайрцганд хэвтэх нүд гялбам эрдэнэс огтхон ч хэрэггүй ажээ. Хэнэггүй, аль эсвэл эгэлхэн ч гэмээр даруу зантай нэгэн болохоор аргагүй биз. Дуучин бүсгүй урьд нь ” Divas Mongolia-2007″ улаан хивсний ёслолын арга хэмжээнд оролцохдоо таван сая төгрөгийн үнэтэй, алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг, зүүлтээр гоёсон тухайгаа сонирхуулж байсан удаатай. Энгийн загвартай хар хослол өмссөн ч түүний хэрэглэсэн үнэт эдлэл олны харцыг эрхгүй татаж байсан болов уу. Энэхүү гоёлыг дуучин бүсгүй тухайн үед томоохон дэлгүүрээс түрээсэлж авсан гэдэг. Тэгэхээр ганц удаа хэрэглэх гоёл зүүсгэл дуучин бүсгүйн хувьд ямархуу хэмжээнд тооцогддог нь тодорхой байгаа биз. Хэдэн жилийн өмнө тэрбээр Арабаас багагүй мөнгөөр цул алтан хүзүүний зүүлт, бугуйвчтай нь хамт худалдаж авснаас хойш ийм гоёл цуглуулаагүй гэх. Харин сүүлийн үед поп хатагтай маань байгалийн чулуу болон “Сваровский” шигтгээтэй чимэглэл сонирхож эхэлсэн гэнэ лээ.
Мээдээ номын цагаан солио тусч байжээ
“Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амар ном уншина гэхээс бүр байж яддаг юм байх. Түүний гарт элдэв өрнөлөөр дүүрэн адал явдалт детектив зохиол, утга уянгын сэдэв бүхий хайрын роман, инээдмийн өгүүллэг, логик сэтгэлгээ хөгжүүлэх бодлогын ном бариулчих юм бол нүд салгалгүй уншаад суучихна. Юун амралт, зугаалга манатай. Худалч хүнд, хоол ундаа ч идэхээ больчихдог гэнэ. Гэхдээ дутагдал гэж нэрлэж боломгүй дуучин залуугийн энэ хобби дунд сургуульд байхаас нь эхэлж. Ном уншихын тулд ямар ч зүйлд анхаарал хандуулдаггүй байсан учраас сүүлдээ бүр “номын цагаан солио” гэгч өвчин тусч байсан түүхтэй гэх. Харин нас биед хүрсэн хойноо номноос хөндийрч урлагийн сургуульд орсноор детектив зохиолын араас хөөцөлдөхөө больжээ. Мэдээж хэрэг ном унших хоббигоо бүрмөсөн мартана гэж юу байхав. “Харилцааны урлагт сайнаар нөлөөлж сэтгэхүй хөгжүүлдэг” хэмээн номын ач тусыг мэдэрсэн дуучин залуу маань өдгөө ч номын дэлгүүрээр эргэлдэж явдаг гэсэн шүү.
Таваг зөвхөн гал тогоонд байдаг гэж үү
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Алтанцэцэг таваг цуглуулах тун ч их сонирхолтой аж. Гэхдээ хоолын ширээндээ тавих гэсэн юм биш шүү. Гадаадад тоглолтоор явах үедээ бэлэг дурсгалын дэлгүүрээр орж, тухайн орны түүх соёлын билэгдлийг дүрсэлсэн таваг, худалдаж авдаг гэнэ. Тиймээс энэхүү тавгуудаа зочны өрөөндөө тавьж, найз нөхөддөө сонирхуулдаг юм байх. Дуучин бүсгүй бэлэг дурсгалын 20-иод таваг цуглуулсны зэрэгцээ нэлээд олон төрлийн сувинер ч худалдаж авчээ. Түүнээс хамгийн үнэтэй нь 300 ам.доллараар худалдаж авсан мөнгөн заан гэнэ.
Гадаад бус, монголын хамтлаг дуучдын цомог
Дуучин ВХ шүлэг бичих хоббитой гэдгийг фенүүд нь андахгvй байх. Бүтэлгүй хайр, гэнэн шохоорхлоос үүдэлтэй түүний сэтгэлийн үг нэгэнтээ дуу болон эгшиглэж фен охидынх нь зүрхэнд шар ус хуруулдаг байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл дуучин залуу маань шүлэг зохиохоос гадна гадаадын алдартай хамтлаг, дуучдын цомог, DVD цуглуулах дуртай гэнэ. Түүний цуглуулгад өдгөө 60 гаруй цомог, 40-өөд DVD байгаа гэсэн. Гэхдээ сүүлийн үед бие даасан уран бүтээлдээ анхаараад энэхүү цуглуулгаа арвижуулах цаг зав хомс болсон аж. Өдөр нь хоолойны бичлэг хийлгэж, шөнө нь клипний зураг авалтад оролцоно гэсээр байгаад стресст орох дөхсөн түүний энэхүү цуглуулгыг дүү нь арвижуулах үүрэг авчээ. Харин тэр монголын рок попын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн дуучин ахынхаа ачаар шилдэг хамтлаг дуучдын цомгийг төвөггүйхэн цуглуулдаг болсон гэнэ лээ. Учир нь уран бүтээлчид шинэ цомог DVD-гээ бие биедээ дурсгадаг эрхэм харилцаатай болохоор ВХ-ийн цуглуулга өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бололтой.
50 сандал, сурагчийн тэмдэглүүд
“Шинэ үе” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаа хөтөлж дууссан тэмдэглэлийн дэвтэр, сувинер сандал, сэтгүүл цуглуулах тун ч дуртай нэгэн. Цуглуулсан сандал нь өдгөө 50 орчим болоод байгаа аж. Харин түүний сурагч ахуйгаасаа эхлэн хөтөлж дууссан тэмдэглийн дэвтэр тоогоо алдсан юм байх. Тухайлбал, тэрбээр 1986 онд “Найрамдал” зусланд амарч байхдаа хөтөлж байсан дэвтрээ одоо хүртэл хадгалдаг гэсэн. Дашрамд дуулгахад, жүжигчин бүсгүйн сандал цуглуулах хоббитойг мэдсэн хүмүүс “Жинхэнэ сандал цуглуулдаг байсан бол гэрт нь багтахгүй бөөн юм болох байж дээ” гэж шивэр авир хийлцдэг байна.
Мөнгөн эдлэлд “нугасгүй” дуучин
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Банзрагч Увс нутгийн хүү. Тэрбээр мөнгөн аяга, бөгж, эмээлийн мөнгөн даруулга, хазаар цуглуулах хоббитой аж. Цуглуулгад нь байгаа хамгийн олон зүйл нь мөнгөн аяга гэнэ. Дуучин залууг энд тэнд тоглолтоор явахад үзэгч, сонсогчид нь хүндэтгэсэн сэтгэлээ илэрхийлж мөнгөн аяга хадаг сүүтэй хамт барьдаг болохоор ийн богино хугацаанд цуглуулга нь арвижсан юм байх. Мөн найр хуриманд хүртэл тэрбээр мөнгөн аягатай “урилга” гарддаг болоод байгаа гэсэн шүү.
4000 шүдэнзтэй Ардын уран зохиолч
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ажлын ширээнийхээ ард сууж, бүтээл юугаан туурвиж байх завсраар багахан сатаарч, сонирходог саваагүй зан нь шүдэнз, галын асаагуур аж. Хүний орчлонгийн хамгийн дээд шүтээн галыг өлзий дэмбэрэлтэй хэмээн билэгдэж, нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн цуглуулах болсон тэрбээр анхаарал татсан содон хийц, сонин зурагтай, өвөрмөц асаагуур болон шүдэнз харвал шуудхан л худалдаад авчихдаг юм байх. Хориод жил цуглуулсан түүний шүдэнз одоо бүр 4000 гаруйд хүрчээ.
Тор цуглуулдаг “дууч шувуухай”
ДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг тор цуглуулах дуртай гэнэ. Тэрбээр чамин зураг хөрөгтэй, гоё ганган торонд дурладаг юм байх. Тиймээс муухай тор барьчихсан хүн харагдвал санаа нь зовоод өөрийнхөө барьж явсан торыг өгчихдөг гэх. Цуглуулгаасаа хааяа авч хэрэглэсээр байгаад өдгөө тэрхүү торнууд нь хэчнээн хэмжээнд хүрснийг тоолж ч чадахаа больсон гэнэ.
Загварын хатагтай бамбарууштай “нөхөрлөдөг”
Топ модель Д.Болормаа зөөлөн тоглоомонд нугасгүй эмэгтэй. Монголын загварын тайзан дээр амьдралынхаа олон жилийг өнгөрүүлж буй цөөхөн бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог топ модель маань зөөлөн тоглоом цуглуулах дуртай аж. Тэр тусмаа бамбарууш цуглуулдаг төдийгүй чамин машиныхаа салонд олон төрлийн тоглоом зүүж явдаг юм билээ. Түүний цуглуулга машинд төдийгүй гэрээр нь дүүрэн байдаг бөгөөд өөрөөс нь том бамбаруушнаас эхлээд түлхүүрийн оосорт нь зүүгдэх бяцхан бамбарууш хүртэл бий. Энэ хоббиг нь мэддэг топ бүсгүйн найз нөхөд ч ямар нэгэн баяраар түүнд зөвхөн чихмэл тоглоом, цэцгийн баглаа бэлэглэдэг гэсэн. Toп моделийн бас нэгэн хобби бол цүнх. Үнэтэй сайн цүнхэнд гар татдаггүй тэрбээр хувцаснаасаа ч олон цүнхтэй гэдэг юм билээ.
Дэрмээ гарын хоолоороо дагуулахгүй
Бидний Дэрмээ нэрээр нь мэдэх “Чоно” хамтлагийн ахлагч Д.Батбаяр хоол хийх тун ч дуртай. Тэр дундаа үндэснийхээ хоолыг илүүд үздэг гэнэ. Тэрбээр зав л гарвал юун түрүүнд гэртээ амарч, гэр бүлийнхэндээ хоол хийж өгөх дуртай гэдэг юм билээ. Түүний бас нэг хобби нь холын аянд гарах. Олон ахтай болохоор ч тэр үү, хоол хийх дуртай болсон хэмээн ярьдаг Дэрмээгийн гарын хоол их амттай гэдгийг хамтлагийнхан нь шагшдаг гэнэ.
Гарамгай билльярдчин
Дуучин Т.Батсайхан эрүүл мэнддээ юунаас ч илүү анхаардаг учир цаг заваа спортод зориулдаг. Түүний хобби нь билльярд. Тэрбээр нэг тоглоод эхэлвэл хэдэн цагаар ч хамаагүй тоглодог гэнэ. Тиймээс барагтай аавын хүүд хожигдохгүй гарамгай билльярдчин болжээ.
Хамгийн үнэтэй шил нь 2000 ам.доллар
Рок попын эмэгтэй дуучдаас хамгийн дэгжин гэх нэртэй явсан Соёлын тэргүүний ажилтан, “Хайрын дууч” С.Сэрчмаа чамин загварын нарны шил цуглуулах дуртай. Сэтгэлд нь таалагдсан шилээ авахын тулд мөнгө хайрладаггүй нэгэн болохоор түүний цуглуулга одоогоор 30 гаруй болсон гэх. Тэр дундаас хамгийн үнэтэй нь 2000 ам.долларын үнэтэй нарны шил гэнэ.
Р.Есүй