“Чи минь байгаа болохоор…” гэсэн тодотголтой “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын зураг бүхий реклам хотын төвийг тэр чигт нь эзэлснийг та лав анзаарсан байх. Рок попын тогоонд чанагдаад 20 шахам жилийн нүүрийг үзэж байгаа ч тэрбээр анхны бие даасан тоглолтоо хийхээр зар түгээгээд байгаа нь энэ. Энэ сарын 12-13-нд болох “Чи минь байгаа болохоор…” тоглолтыг тэсэн ядан хүлээсэн хүн ч олон байгаа юм билээ. Рок попынхны их цугларалтыг хийхээр төлөвлөөд буй “Хурд” хамтлагийн гитарчин Д. Отгонбаяртай ярилцлаа.
-Өөрийн чинь тоглолтын зар хаа сайгүй харагдаж байна. “Чи минь байгаа болохоор” хэмээн өөрийгөө ирлэж бут авах гээд л ажил ихтэй явна уу?
-Харин тиймээ, нэг том хэрэг тарьчих гээд л яваад байна. Энэ сарын 12-13-нд UB паласын концертын их танхимд рок попын шилдгүүдтэйгээ хамт хоёр үдшийг бут авах гээд зав муутай л явна. “Чи минь байгаа болохоор” бол дан миний уран бүтээлийн концерт. Ер нь би 1993 оноос хойш дуу зохиож эхэлсэн хүн л дээ. Тэр үеэс хойш хийгдсэн дуунуудаасаа түүж байгаад нэг концерт хийчих гээд зүтгэж байна.
Эргээд харахад яггүй уран бүтээлүүдийг ард, түмэндээ хүргэжээ, би. Миний ард түмэн, сонсогч олон маань миний зохиосон дуунуудыг их таалдаг юм байна, бас их сонсдог ч юм байна. Энийг анзаарсан юм байлгүй манай хамтлагийнхан энэ жил Отгонбаярынхаа концертыг тоглоё гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гүйцэлдүүлэх гээд бужигнаад л байна.
Өчигдрөөс эхлээд рок попынхонтойгоо бэлтгэлээ хийж эхэллээ. Сайхан байна. Ер нь бэлтгэл ажил нэлээд сайн хангагдаж байна. Тоглолт маань хоёр хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь рок попынхны тоглолт байх бол сүүлийнх нь “Хурд”-ынхны мэдэлд очно. Тэгэхээр эхлээд поп дуунууд дуулагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа Соёлын тэргүүний ажилтан С.Сэрчмаа хамтлагуудаас “Номинталст”, “Sweetymotion” гэх мэтчилэн манай рок попын шилдгүүд миний хит болсон дуунуудыг дуулна.
Гэхдээ тэд миний өчигдөр зохиосон дууг өнөөдөр дуулах гэж байгаа юм биш. Бид тэртээ 1993 оноос эхлэн хамтарч ажилласан. Тэгэхээр нэлээд олон жилийн яггүй бүтээлүүд маань дуулагдана гэж ойлгогдох байх. Энэ хугацаанд дуулсан бүхий л дуугаа дуулна гэвэл бүтэн өдөр ч бараг хүрэлцэхгүй. Тиймээс би энэ тоглолтоо хоёр цаг гучин минутад барина гэж тооцоолж байгаа. Найруулагчтайгаа ярьсан чинь одоогоор гурван цаг болчихоод байна гэж байна лээ. Тиймээс танана даа. Ер нь нэлээд цензур өндөртэй тоглолт болно гэж бодож байна.
-Ер нь рок попын тэр дундаа мундгуудынх нь цугларалт болно гэж ойлгоод байгаа шүү?
-Яг тийм. Үнэхээр мастеруудынх нь цугларалтыг хийчих гээд үзээд байна. Олон жилийн турш надтай ганзага нийлж уран бүтээлийн анд найз байсан хүмүүс маань надад цаг зав гаргаж тоглолтод минь оролцоно. Түүнээс гадна гитарчдын, хөгжимчдийн ер нь олон хүний цугларалт болох байх аа. Би наадам шиг л юм болох байх гэж бодоод байгаа.
-Яагаад тоглолтоо “Чи минь байгаа болохоор…” гэж нэрлээ вэ? Их олон талын утга агуулга бодолцон байж ингэж нэрлэж ээ дээ? Мэдээж энэ дуу өөрийн чинь хамгийн их үнэлж явдаг дууны нэг байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. “Чи минь байгаа болохоор…” гэж энэ дуу клипгүй ш дээ. Тэгсэн хэрнээ одоо болтол хүмүүсийн дуулах дуртай дуунуудын нэг байсаар байгаа. Энэ дуу их сайхан энергитэй, уянгалаг дуу гэж би боддог. Маш олон хүнийг хооронд нь учруулсан, бас ухааруулсан. 2005 оны тоглолт дээр гэнэтийн тохиолдлоор сүй тавих ёслол хүртэл хийж байлаа ш дээ.
Яасан гэхээр тоглолтоо хийгээд байж байтал нэг залуу гэнэт тайзан дээр гарч ирээд “Отгоо ахаа би нэг бүсгүйд хайртай юм. Тэр бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэх гэсэн юм, та “Чи минь байгаа болохоор” дуугаа дуулаад өгөөч” гэж гуйсан. Маш их эр зориг гаргаж тайзан дээр гарч ирж гуйж байгаа хүнд үгүй гэлтэй биш. Тэгээд найз бүсгүйг нь тайзан дээр дуудаж гаргаж ирж бид “Чи минь байгаа болохоор” гэж энэ дуугаа дуулан тэдний хайрыг зузаатгаж байлаа.
Интернэтээр тавигдсан мэдээллийн дор их олон хүн би танай энэ дууг дуулж найз охинтойгоо учирч байлаа, найз маань намайг уучилж байлаа гэж бичсэн байдаг. Ер нь энэ дуутай холбоотой маш их түүх байдаг юм билээ. Би эхнэртэйгээ муудаад гарч явсан ч энэ дууг сонсоод сэтгэл минь уужирч эргэн ирж байлаа ч гэж байх шиг янз бүрийн юм бичсэн байдаг.
Би ч гэсэн энэ сайхан түшигтэй рок попынхон маань байгаа болохоор би энэ концертыг тоглож байна. Хоёрдугаарт, миний дууг сонсохыг хүсдэг ард түмэн маань байгаа болохоор л би энэ тоглолтыг хийж байгаа юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд би энэ дуугаа эхнэртээ зориулж хийсэн. “Чимээгүй ирэх дурлал” гэж нэрлэх гэснээ олон талаас нь бодож үзсэн ч “Чи минь байгаа болохоор” гэдэг нь илүү оновчтой зохимжтой юм байна гэж бодсон. Хүн төрөлхтөн чинь бие биедээ байгаа болохоор л аз жаргалыг өгдөг юм шүү дээ.
-1993 оноос эхлэн дуу хийж эхэллээ гэлээ. Эхний жилдээ биш юм аа гэхэд түүнээс хойш бие даасан тоглолт хийх боломж бололцоо байсан нь мэдээж. Гэвч яагаад өнөөг хүрсэн юм бэ?
-Болох байсан байх л даа. Таван жилийн өмнөөс эхлэн хүмүүс ч маш их санал тавьдаг болсон. Гэвч би “Хурд”-тай тоглоод байдаг байсан болохоор нэг их анзаараагүй. Тэгээд ч бид нэг гэр бүл, нэг хамтлагийн статустай байдаг болохоор намар бол ургацаа хурааж байгаа юм шиг маш их тоглолттой байдаг. Үнэнийг хэлэхэд амжаагүй гэж хэлж болно. Нэг бол гадаад руу тоглолтоор явчихна нэг бол дотооддоо тоглолттой байна.
Ингэж явсаар л өдий хүрсэн. Ер нь нарийн яривал би тоглолт хийе гэж огт бодож байгаагүй. Зүгээр гоё бүтээл хийгээд түүнийг маань хүмүүс ард түмэнд хүргэх нь надад аз жаргал байсан. Харин энэ жил тоглолт хийх болсны тухайд гэх юм бол манай хамтлагийнхан хийгээд On & Off продакшныхан чи тоглолтоо хийх цаг болсон хожим хараад сууж байхад ч гэсэн сайхан байдаг юм гэж хэлсэн болохоор хийхээр болсон.
Ер нь тэгээд хүнд сэтгэлээсээ хандах их сайхан байдаг юм байна. Эргэн тойрны хүмүүсийн маань дэмжлэг маш их байгаа. Би очиж хэдэн билет авчихаач гэж гуйх байтал зарим нэг байгууллагынхан өөрсдөө над дээр хүрч ирж чиний тоглолтыг сайхан болно гэж итгэж байна тэдэн билет авъя гэж байгаа. Энэ бол надад өгч байгаа асар том сэтгэлийн бэлэг юм. Тэгэхээр юмыг яг сэтгэлээсээ үнэн зөвөөр бодож явах нь сайхан байдаг юм байна гэж би бодож байгаа.
-Бөхчүүд унана гэж барилддаггүй. Үүнтэй адил Отгонбаяр олонд хүргэх гэж дуу хийдэг нь дамжиггүй. Гэхдээ өөрийн тань ихэнх дуу хит болдог. Ер нь дуугаа ийм хэмжээнд хүртлээ олонд түгнэ гэж бодож байв уу?
-Би дотроо маш их бясалгаж байж дуу хийдэг л дээ. Энэ дуу энэ дуучинд таарна, энэ дууны энэ хэсгийг ард түмэн залуучууд дагаж дуулах байх гээд л бүгдийг тунгаан бодож байж бичдэг. Ариунааг тайзан дээр гарч ирээд “Жаргаж үзээгүй зул” дууг дуулахад үзэгчид дурлал минь гэсэн тэр хэсэг дээр дагах байх гэж би бясалгасан. Энэ бясалгал яг нүдээ олсон.
Ер нь миний бясалгасан зүйл оноод байдаг. Тэрнээс биш гаргасан дуу болгон хит болно гэдэг хэцүү ш дээ. Нийт масст таалагдсан дуу зохионо гэдэг амаргүй. Их амархан мөртлөө энгийн байж гэмээнэ хүмүүст хүрнэ. Ер нь олон талаас нь бясалгасан бүтээл масст хүрдэг. Гэхдээ миний олон сайхан дуу масст хүрсэн байдаг.
-Одоогоор хэдэн дуутай болчихоод байна даа. Хоёр гурван цаг битгий хэл дуулахаар дуу байгаа биз дээ?
-50 гаруй дуунаас шигшиж сонгох гээд л үзэж байна. Танаж байгаад 28-29 дуу дуулагдах болов уу. Энэ тавин дуу бүгд хит дуунууд. Тэгэхээр болохгүй бол попури болгоно доо, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэдэг шиг.
-Нэг талаар энэ тоглолт өөрийн чинь “Хурд” хамтлагийнхаа 20 жилийн ойд барьж байгаа бэлэг гэв үү?
-Тиймээ. Ирэх жил манай “Хурд” хамтлагийн 20 жилийн ой болно. “Хурд” хамтлагийнхандаа барьж байгаа миний бэлэг энэ байх болно.
Х.Алтанцэцэг