Монголын урлагийн ертөнцийн түүхэнд хуудас нэмэж УДЭТ-ийн уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ өчигдөр сүр дуулиантайхан хийлээ. Тэднийг дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгээр хийхээр төлөвлөснийг уншигч та мэдэж байгаа биз ээ. Жүжгийн нээлт 18:00 улаан хивсний ёслолоор эхэлж уран бүтээлчдээ хүлээж авсан юм. Жүжигчдийг анхалж тус театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу алхсан бол түүний араас ардын жүжигчин Д.Мэндбаяр, Г.Мягмарнаран нар хамтдаа урлагийн их өргөөндөө морилсон. Тэдний дараа Ардын жүжигчин А.Очирбат, Н.Сувд, А.Долгор, гавьяат жүжигчин С.Дамдин, Ч.Алтан-Өлзий нараас гадна тус жүжгийн найруулагч, зураач ирсэн.
Театрын өмнө цугласан иргэд тус жүжигт тоглосон Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, У.Уранчимэг, жүжигчин Э.Болд-Эрдэнэ нарыг хүлээж байсан. Цагийн дараа тус жүжиг тоглогдсон учир тэд тайзны ард бэлтгэлээ хийж байсан болохоор яахан улаан хивс дээгүүр алхаж амжих билээ. Цас хаялж нэлээд жиндүү байсан ч үзэгчид 33 жилийн дараа манай улсын тайзнаа дахин тоглогдох гэж буй эмгэнэлт жүжгийг сонирхохоор цувж буй нь энэ бүтээлийг ямар их санасныг биз ээ. Гэхдээ өчигдрийн жүжигтээ театрын уран бүтээлчид элитүүдийг урьсан болохоор үзэгчдийн ихэнх нь олны танил жүжигчин, дуучин байснаас гадна улс төрийн түшээд хүрэлцэн ирсэн. Тэднийг хүлээж авсны дараа театр руу ороход намуухан хийлийн аялгуу сонсогдоно. Уран бүтээлчдээс сэтгүүлчид дуртай асуултаа асууж баярын сэтгэлийг нь ч хуваалцаж байгаа харагдсан. Гадаа хүйтэн байсан болохоор дотор ороход ярилцсан нь тэдэнд оновчтой сонголт байсан нь мэдээж.
Цаашилбал гавьяат жүжигчин Г.Равдан үзэгчдэд хандаж манай улсад У.Шекспирийн жүжиг хэдэн онд хэн найруулж хэн гэдэг жүжигчин тоглож байсныг танилцуулж байв. Энэ нь бусад жүжгийн нээлтээс шинэлэг болсон. Түүнчлэн тэдгээр жүжигчдийг тухайн жүжигтээ ямар хувцас өмсч байсныг нь танилцуулж байв. Ингээд жүжиг тоглогдоход бэлэн боллоо. Үзэгчид суудлаа эзлэхэд зааланд өчүүхэн ч чимээ сонсогдсонгүй. Жүжиг эхлэхийг мэдэгдэх мэт хонх гурван удаа дуугарахад хөшиг нээгдэв.
Жүжиг Данийн ван Клавдий Гертруда нарын хурим хийж буй найраар эхэлнэ. Бүгд тэдний хуримд баяр хүргэж, хөл толгой нь олдохгүй зугаацал үүснэ. Харин Гамлетад энэ байдал огт таалагдсангүй. Учир нь Гертруда буюу түүний ээж нөхрөө нас бараад хоёрхон сар болж байхад нь нөхрийнхөө төрсөн дүүтэй гэр бүл болж их найр зарласанд байгаа юм. Гашуудлын цуваа нь бараг цуварч дуусаагүй байхад ийм их хөл хөөр болсон найр болж байгаад уурлах нь арга ч үгүй юм. Үүнээс болж Гамлет асар их ганцаардалд автана. Гэхдээ түүний сэтгэлийг гэгэлтүүлж буй ганц хүн бол Полоний охин Офелия. Түүнтэй хайр сэтгэлээр холбогдсон болохоор бүхий л цагаа хамт өнгөрөөнө. Мөн багынхаа найз Горациотой. Түүнд өөртөө тохиолдсон зүйлээ ярьж нууцаа дэлгэнэ.
Гамлет хүү аавыгаа юуны улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлснийг үл мэднэ. Эхлээд аавыгаа хорвоогийн жам ёсоор өөд болсон хэмээн дотроо итгэх болов. Шөнө болсон ч гэлээ тэр их найрын хөлөөс дайжиж найзуудтайгаа ойгоор зугаалж байтал аавынх нь сүнс түүнтэй таарч өөрийгөө яагаад бурхан болсноо ярина. Тэр өөрийнхөө төрсөн дүү Данийн ван Клавдийд амиа алдсанаа болон эхнэртэйгээ хуйвалдсаныг нь хэлж хатуу үнэнийг хэлэв. Ингээд цусан өшөө авалт эхлэх нь тэр. Уншигч та тэр үйл явдлыг үзвэл илүү сонирхолтой биз ээ. Тиймээс жүжгийн өгүүлэмжийг энэ хүргээд төгсгөе.
Энэхүү бүтээл тухайн улс орны театрын урлагийн чансааг харуулж, уран бүтээлчдийнх нь ур чадварыг сорьсоор эдүгээ XXI зуунтай золгож байна. Дэлхийн театр урлагийн мэргэжлийн түвшинг тодорхойлж байдаг сонгодог бүтээлүүдээс У.Шекспирийн бүтээлүүд онцгой байр суурийг эзэлдэг учраас мэргэжлийн театр урлагийн өмнө тавигдаж байгаа том сорилт, нөгөө талаас нэр хүндийн хэрэг юм. Манай улсын театр У.Шекспирийн “Отелло” (1955), “Лир ван” (1964), “Гамлет” (1979), “Макбет” (1991), “Ричард ван” (1994), “Ромео Жулетта” (1996) онуудад амилуулж үзэгч олны хүртээл болгосон нь Монголын драмын урлагийн хөгжил, уран бүтээлчдийнх нь мэргэжлийн түвшинг батлан харуулсан.
Гамлет жүжгийг 1979 онд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав улсдаа анхлан тайзны бүтээл болгосон. Дүрүүдэд Клавдийд Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Гамлетад Ардын жүжигчин Л.Жамсранжав, Полонийд Б.Лоовой, Гертрудад жүжигчин Д.Цээнямбуу, Офелияад Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар тоглож байлаа.
Гамлетийг дэлхийн олон нэр алдартай авъяаслаг жүжигчид тал бүрээс нь дүрслэн гаргасан байдгаас Английн Гар Рик, Эдмунд Кин, Францын Гольма, Италийн Сальвини Росси, Германы Дев риент, Кайнц нарын бүтээсэн дүрүүд үзэгчдийн сэтгэлд хоногшин театр урлаг судлаачдын анхаарлыг татсан гэж тэмдэглэгдсэн байдаг.
1986 онд Ардын жүжигчин Л.Жамсранжав Монголын радиод найруулагч н.Цагааны найруулгаар уншиж бичүүлсэн бөгөөд 1996 онд сийрүүлж тайзнаа тавьсан юм.
Ерөнхий продюсероор тус театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байгаа бол ассисент найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх, бүжиг дэглээчээр Т.Төгсөө ажиллаж байна. Жүжиг 140 сая төгрөгөөр бүтжээ.
Гол дүр:
Гамлет С.Болд-Эрдэнэ
Данийн ван Клавдий П.Цэрэнлагва
Гертруда У.Уранчимэг гавьяат жүжигчин
Офелия А.Ганчимэг, Д.Ганцэцэг
Полоний Б.Жаргалсайхан гавьяат жүжигчин
Горацио Г.Амгаланбаатар
Лаэрт Г.Эрдэнэбилэг
Фортинбрас М.Түвшинхүү
Хоёр ясчин Г.Мягмарнаран Ардын жүжигчин, Б.Отгонбат
Вольтиманд Г.Дөлгөөн-Аюуш
Розенкранц Б.Тамир
Гильденстерн Б.Баяржаргал
Озрик Ж.Пүрэвдорж
Лам Ц.Цэрэнболд
Марцелл Д.Баттөмөр
Франсиско Г.Алтангэрэл
Рейнальдо Н.Бадарч
Ахмад С.Дамдин Монгол Улсын болон Буриадын гавьяат жүжигчин
Туслах дүрд А.Алтантөр, Г.Отгонцэцэг, Н.Баярмаа, Х.Цэнгэлжаргал
Туслах найруулагч Э.Батхүү
Гүйцэтгэгч зураач Т.Түмэн-Өлзий
Хувцасны зураач Ч.Батболд
Жүжиг чимэглэлийн эрхлэгч Н.Батбилэг
Менежер: Т.Дэлгэрбат, Б.Гэрэл А.Чингүн, Ш.Чандмань,
Дууны найруулагч, гэрлийн инженер, тайзны машинист, оёдлын мастер, гэрлийн оператор Т.Ганхуяг, Ц.Эрдэнэбат, Г.Алтангэрэл, Ц.Эрдэнэбилэг, С.Оюунчимэг, Р.Мөнхцэцэг.
У.Баяраа
www.urlag.mn Ayu