Анх “Говийн зэрэглээ” киног үзчихээд холбоочин Номин шиг нисэгч залуугийн өгсөн алимийг говиор нэг тарааж хаячихаад хайртай залуутайгаа хөтлөлцөн инээж явах юмсан гэдэг боломжгүй ч гэмээр балчирхан хүсэл эрхгүй төрж билээ.
“Тань руу нүүж явна”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Хүн чулууны нулимс”, “Мандухай цэцэн хатан” гэх мэт кино урлагт дээр үеийн, гэхдээ хэзээд “дээд” нь гэх тодотгол бүхий бүтээлүүдэд тоглосон мундаг бүсгүйчүүдээ эргэн нэг дурсмаар санагдлаа. Таны мэдэх эдгээр “үзэсгэлэн гоо”-нууд үргэлж бидний үлгэр дууриал, үзэх харахын оргил нь байх болтугай.
Гоо үзэсгэлэнгийн гурвалжин гэмээр эдгээр бүсгүйчүүдээс гадна Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ч.Долгорсүрэн, МУГЖ Д.Цээнямбуу, Б.Сэржханд, Б.Тунгалаг зэрэг олон сайхан хүүхнүүдээ хэзээ ч мартаж боломгүй. Үүний тулд хүүхдүүддээ киног нь шимтэн үзүүлж, тайз дэлгэцийн урлагт дуртай болоход нь туслаарай. Тэд ч гэсэн чам шиг “дурлана” гэдэгт итгэлтэй байна.
1. • “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна” кинонуудын алаг нүдэн МУГЖ Н.Батцэцэг- Нуруу давсан урт хар үс, нуугдаж суучихаад ажаад л баймаар торомгор хар нүд. Бага байхдаа үзсэн киноны минь “Гоё эгч”. “Суварган цэнхэр уулс” киноны зураг авалт дуусч, хотдоо ирсэн ч гэсэн хилчин залуусын захиан цуваа тасралтгүй үргэлжилсээр л байсан гэдэг. Бүр сургуулийнх нь хэвлэл түгээгч “Чамд ирсэн захиа ангийн чинь хайрцагт ч багтахгүй байна, ирж ав” хэмээн хорь гаруйхантай жаахан охиныг ичээдэг байж. Одоо тэрээр нөхөр, хоёр хүүгийн хамт Америкт аж төрж буй. Хүүхдүүд нь ч гэсэн кино урлагт ээлтэй хүмүүс болцгоож, хоёул хоёулаа найруулагчийн мэргэжил эзэмшсэн гэнэ лээ.
2. • “Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэлийн дүрийг бүтээсэн галтай, цогтой МУГЖ Б.Цэрэнпагма- Хорхой барьж аваад идчихдэг эгчтэй киног ганц үзээд л би ухаангүй айсансан. Харин дараа нь, нэлээн хэдэн жилийн дараа үзээд учиргүй уйлж билээ. “Цэрмаа, чиний наадах уруул дээрх мэнгэ чамд их зохижээ” гэдэг үгийг Жигжид найруулагч Цэрэнпагма гуайд л зориулж зохиосон байх учиртай юм шиг. Сэтгүүлч Б.Ганчимэгийн хөрөг ярилцлагад нэгэнтээ дурдсан баримтыг доор сийрүүлвэл: “Жүжигчин бүсгүйн нөхрөөс өөр нэгэн түүнийг сэм сэм уясгасаар байгаад өөртөө дасгаж орхиж. Хэргийн эзэн улсын начин цолтой, цагтаа тив дэлхийд шуугиулж явсан сайхан эр. Нэгэнтээ хайртай залуу нь энэтхэгээс хэн болгоны өмсч чаддаггүй гоёмсог даашинз авчран бэлэглэжээ. Тоглолт тараад нөгөө даашинзаа өмсчихсөн, гэнэ сэрэггүй амьтан театрын үүдэнд гараад иртэл нөхөр нь хүлээж байх нь тэр. Нэг ч үг хэлэлгүй даашинзыг нь цуу татан урж шидчихээд яваад өгч. Дотуур хувцаснаас өөр юмгүй үлдсэн бүсгүй тэр чигээрээ гэр лүүгээ алхчихсан гэж байгаа. Хот яасан ч амар амгалан байсан юм. Нөгөө нэр алдартай нүцгэн бүсгүй маань сарны туяанаас өөр хэвнэггүй гудамжаар гудиггүй алхаж явсан байх юм” . Зоригтой, бас гэнэхэнийг нь хайрлаж түүнийг монгол Кармен гэж нэрийдмээр.
3. • “Мандухай цэцэн хатан” киноны маргаангүй ганц сонголт Монгол улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд- Ардын жүжигчин Цогзолмаа гуайн охин нь ч гэсэн ард түмэндээ хүндлэгдсэн, хайртай жүжигчин нь болчих юм гэж анхандаа хэн ч санаагүй. Театрын мундагчуулын нэг түүний бүтээсэн дүр болгон энэ урлагт өөрийгөө зориулахад бэлэн залуусын мөрөөсөл гэлтэй. “Ромео, Жульетта”-ийн Жульетта, “Гамлет”-ын Офелия, “Хунгийн дуу”-ийн Анна, “Инжгүй хүүхэн”-ий Лариса гээд театрын тайз, “Буш хүүгийн үлгэр”-ийн лусын дагина, “Моторын дуу”, “Хатанбаатар”, “Ичээнд нь” зэрэг олон дэлгэцийн дүрийг амилуулсан түүнийг харин “Мандухай цэцэн хатан” киногоор нь л ард түмэн маргаангүй дархалчихсан юм. 41 насандаа Мандухайн жаахан үеийн дүрийг бүтээдэг залуу гэхэд дэндүү залуу уран бүтээлч. Цаг үетэйгээ хөл нийлүүлнэ гэдэг л тэр болов уу. Одоо ч тэр “моод” хэвээрээ л байна.
Эх сурвалж: www.goolingoo.mn