Хүн төрөлхтөн эрт үеэс мод, төмөр, яс, чулуу, шил, шаазан, арьс шир, утас хялгас ашиглан үлээдэг, хөрөөддөг, шудардаг, цохидог, гишгэдэг аргаар дуугарах хөгжим хийж хүний дуутай адил болгох гэж хичээсээр ирсэн ч чадааггүй л байна. Би энд оркестрийн тухай яриагүй. Морин хуурын үүслийг урлаач, судлаач П.Байгалжав “Хүннү хуур хэрэглэдэг байсан” /Морин хуур урлалын түүхэн уламжлал илтгэл. “Бадрангуй эгшиглэн магнай” Улаанбаатар 2011. 122 дугаар тал/, “Хуур хуурдуулж…/МНТ 189-д тэмдэглэсэн нь/ хуурын үүсэл 800-2200 жилийн өмнөх цагт хамаарч байна. Энд аман хуур, морин хуурын аль нь болох нь тодорхойгүй байна. Бас Хөхөө Намжилын домог, уртын сайхан хүрэн морь дуугаар улбаалан морин хуур XIV-XVI зуунд үүссэн гэх нь бий. Одоо үед морин хуурын дуугаралт ямар байх нь их чухал боллоо. П.Байгалжав дээрх илтгэлдээ “Хүлэг морь янцгаах шиг яруу, уянгалаг, тод цэвэр, цоглог тосон тунамал ая эгшигтэй, 140 арга, 120 билгэ хөг буй, нумын хялгасанд 100 эгшиг гарах чадал шингэсэн” гэжээ. Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэргүүн, урлаач Б.Баярсайхан морин хуурийн олон улсын гуравдугаар наадам симпозиумд тавьсан илтгэлдээ “Нарс, хус хоёрыг хослуулан хуур хийх нь хамгийн зөв. Нягтшилын хувьд нарс 1280, гацуур 1240, хус 750, агч мод 700 гэсэн дундаж үзүүлэлттэй. Энэ нь хоёр дахин өсвөл сонсгол зүйн тогтмол буюу констант нь 2.83 дахин буурна” морин хуураар нэг, хоёр аялгуу тоглож дүгнэх нь өрөөсгөл, бүрэн таньж мэдэхэд багадаа зургаан сар тоглох шаардлагатай. Хуурын эгшиглэлтэд тогтсон нэршлүүдийг оновчтой тогтоох. Үүнд янгинах, хүнгэнэх, ёнгиноо, зөөлөн, хүчгүй, гуншаа гэжээ.
Миний бие СУИС, ХБК, Морин хуурын чуулга, Өвөрмонголын Үшин хошууны морин хуурийн чуулга, Pegasus, Эгшиглэн магнайн дэлгүүрүүд мөн морин хуурчдын мастер хуур 40 гаруйг татаж, хуурдан, дуугаргаж судалж үзэхэд нийтлэг нэг дуугаралт ажиглагдаж байна. Үүнд эр /бүдүүн/ чавхдас хүнгэнэж, эм /нарийн/ чавхдас нь ёнгинож, янгинаж хоёр чавхдасыг нэг нумаар зэрэг сул татахад хөөрөх гэж байгаа онгоцны хөдөлгүүр шиг дуугарч байсан. Доод маар, чиглүүлэгч мод хоёрын дунд нумаар татахад шувуудын жиргээ шиг сонин авиа гарч байна. Ийм дуутай хууранд урт, богино дуу, сонгодог аялгуу амархан тоглогдож чухамдаа хөл хөнгөнтэй морь унасан юм шиг мэдрэмж, урам орж байна. Арьсан цартай хуур зөөлөн дуутай байна лээ. Нарантуул зах, бэлэг дурсгалын олон дэлгүүрийн худалдаачид гуншаа, сул муу дуугардаг хуурыг мастер хуур гэж учир мэдэхгүй гадаад, дотоодын иргэдэд өндөр үнээр зарж худал хэлж хулхидаж байгаа нь морин хуур дуугардаггүй муу хөгжим юм гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлэх хор уршигтай юм. Айл гэрийн жавар үргээх гэдэг уламжлал нь хуурын дуутай холбогдсон ойлголт. Хананд өлгөөтэй, дуугардаггүй дурсгалын хуур жавар үргээхгүй. Ерөнхийлөгчийн “Хуураа дээдлэх тухай” зарлиг, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн гол үзүүлэлт нь морин хуурын дуугаралт, дуурьслыг үнэлсэн хэрэг юм. Дуу муутай морин хуурыг гадаад, дотоодын хүн хэсэг хугацаанд ханандаа зүүж, харж байгаад тоос тортгонд өнгө алдаад ирэхээр зай эзэлсэн илүүдэл хог мэт үзэгдэн хог дээр хаяж магадгүй. Дуугардаггүй, сул, гуншаа хуур бол хөгжмийн зэмсэг бишл. Дэлхийд болон Монголдоо тархаад байгаа 30 мянга орчим морин хуур амьд байж, уянгалан эгшиглэж байвал морин хуурын соёл дэлхийд мандан бадарч байна гэсэн үг юм. Морин хуурын дуугаралтыг герц, тембр, өнгө дуу, эгшиглэлтийн хувьд нарийвчилсан багажаар хэмжиж судлах, улам төгөлдөржүүлэх, шинжлэх ухааны судалгаа цаашид эзнээ хүлээж байна. Сул гуншаа дуутай, дуугардаггүй морин хуур бол чанаргүй бүтээгдэхүүн юм. Муу морин хуур хийж сонирхогчдыг хохироодог хүмүүст ШӨХТГ хяналт тавих цаг болсон.
Эх сурвалж www.polit.mn