Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяатай ярилцлаа. Энгийн, даруухан…
-Төрсөн өдрийн тоглолтоос тань хойш уулзах гэж хүлээлээ. Гэтэл дараа дараачийн тоглолтууд ар араасаа залгаад, ажил ихтэй байсан байх. Тоглолтоосоо хэр таашаал авсан бэ, хэр ядрав, одоо яаж ядралаа тайлж байна?
-Тоглолтоосоо маш их таашаал авсан. Үзэгчид маань бүгдээрээ дагаж дуулаад, тэвэр дүүрэн цэцэг, танхим дүүрэн алга ташилтаар бэлэг барилаа. Угаасаа миний фэнүүд намайг үргэлж баярлуулж байдаг. Энэ удаагийн тоглолтоос ч гэсэн маш их таашаал авсан. Ер нь бол би төрсөн өдрөөрөө “суботник” л хийдэг хүн шүү дээ. Өмнө нь хаа нэгтээ нэг хүлээн авалт хийгээд бэлэг аваад өнгөрдөг байсан бол одоо концертын танхимд фэнүүдээ баярлуулж, өөрөө хамт баярладаг болсон. Урлагаас таашаал авч, өөрөө өөртөө бэлэг өгөх дуртай. Жил өнгөрөх тусам өөрөө өөртөө уран бүтээлийн бэлэг өгөх эрмэлзлэл намайг хөглөх болсон. Тоглолт хийхэд ч хэцүү биш болсон байна. Тоглолтын ивээн тэтгэгчид олон, мэдээллийн ивээн тэтгэгчид, телевиз, сайт гээд туслахгүй хүн байхгүй болохоор их гоё тоглолт боллоо. Мөн залуу уран бүтээлчид Д.Болд, Б.Чинбат гээд олон залуучууд ирж ая дуугаа өргөсөн нь надад маш их урам, эрч хүч өгсөн.
-“Харанга”-ын Лхагваа яагаад ирээгүй юм бэ. Та хоёр чинь бас нэг дуутай биз дээ?
-Ерөнхийдөө бол төрсөн өдрийнхөө тоглолтод гансарсан, ганцаардсан, гунихарсан дуунууд цөөхөн оруулья гэж бодсон юм. Миний дуунуудын ихэнх нь тийм л сэдэвтэй байдаг. “Мартаж болохгүй сэтгэл” ч гэдэг юм уу… Тоглолтын найруулагчийн сонголт нэгдүгээрт байсан. Хоёрдугаарт Лхагваа ч өөрөө яг тэр үеэр гитарчин Өөжгийгийн тоглолтод орж таарсан л даа.
-Тоглолт дандаа хуучны гоё дуунуудаас тань бүрдсэн байсан. Яагаад шинэ дуу дуулаагүй юм бэ?
-Хуучин гэхээсээ илүү миний шилдэг дуунууд л даа. Төрсөн өдрийн тоглолтоор шинэ дуу гарч байсан удаа бий. 2009 оны төрсөн өдрийн тоглолт дээр “Төрсөн өдрийн аялгуу” дуугаа анх дуулж, “Кармен” мюзиклийг өөрийн хувилбараар танилцуулж байсан. Энэ удаагийн тоглолтын хувьд гэвэл 27 жилийн туршид дуулсан дуунуудынхаа 29 хит дууг сонгож дуулсан. Энэ ч бас фэнүүдэд маань маш их таалагдсан.
-Хамгийн сүүлийн шинэ дуу нь “Тэр намайг турсдаг болов уу” байсан, тийм үү?
-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ “Би дуртай” дуугаа дуулсан. Дээр үеэсээ л хүмүүс гансарсан, ганихарсан үедээ их яруу найраг бичдэг шиг байгаа юм. Миний дуунууд дотор тийм дуу олон бий. Гэхдээ хэт их гансарсан, ганихарсан дуунуудаа оруулаагүй, энэ бол найруулагчийн сонголт. Тоглолтоо “Мартаж болдоггүй сэтгэл” дуугаараа эхлээд, жил жилийн хит дуунуудаа дараалаад дуулсан.
-Төрсөн өдрийн тоглолт VIP зиндааны гэхээр олон топ үзэгчтэй байсан. Тэд танд ямар бэлэг барьсан бэ, нууц биш бол?
-Миний найз нар, дэмждэг хамтран ажилладаг ах эгч нар болон байгууллагуудынхаа удирдлагуудыг урьсан. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлийг урьсан. Үзэгч, фэнүүд маань надад маш гоё алга ташилт, тоглолтын дараах сэтгэгдлүүд, цэцгийн баглаагаар бэлэг барьсан. Ц.Оюунгэрэл сайд номоо бэлэглэсэн. Хамтран ажилладаг байгууллагууд маань цэцгийн баглаа, “Централ таур”-ийн 17 давхрын “Монет” ресторанаас тусгай бэлэг бэлтгэж ирүүлсэн. Энэ өдөр Сараад хайртай хүмүүс маш олон юм байна гэдгийг дахин мэдэрсэн. Фэнүүд маань маш олон дууг маань дагаж дуулсан, хамтдаа дуулсан. Уг нь ард дөрвөн охин хоолой хийж байсан ч би тэдний дууг үзэгчдийн түрэлтээс давж сонсохгүй, юу билээ гэж хүртэл бодогдсон шүү. Хамгийн гоё бэлэг нь үзэгч, фэнүүдийнх. UB palace-ийн н.Согоосүрэн захирал маш гоё сэтгэлийн бэлэг явуулсан. Хамтран ажилладаг байгууллагууд, хэвлэл мэдээллийхэн реклам, зар сурталчилгаанаас эхлээд олон гоё бэлэг өгсөн.
-Жинхэнэ төрсөн өдөр буюу гэр бүл, найз нөхдийн баяр хаана, хэзээ болсон бэ?
-Тоглолт тараад “Централ” таурын 17 давхарын “Монет” ресторанд найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэсэн. Нийт 100 хүн урьснаас 98 хүн ирсэн. Манай поп дива нар, эмэгтэй дуучид ирж надад зориулж дуулж өгсөн нь маш гоё бэлэг болсон. Төрсөн өдрийн лаагаа үлээхдээ би хамгийн гоё хүслээ хамгийн чангаар хэлсэн.
-100 хүний дунд хэлсэн юм чинь нууц биш байх. Ямар хүсэл юм бэ?
-Нууц. Манай найз нөхдөөс хэн нь ч хэлэхгүй нууц. /инээв/
-Төрсөн өдрийн дараа таньтай “болзсон” боловч амжсангүй. “Ромьео Жуллетта” араас нь залгаад. Мюзиклд тоглох таалагдсан уу?
-Сүүлийн үед уран бүтээлээр бялхаж явна аа. Төрсөн өдрийн тоглолт гээд бэлтгэл сургуулилтаа зөндөө тасалсан, хоцорсон байсан учраас мюзиклдээ бэлтгээд завгүй байлаа. “Ромьео Жуллетта”-д тоглох үнэхээр гайхалтай байсан. Азид анх удаа зохиогчийн эрхтэйгээр тавигдсан. Өрлөг эхийн дүр маань үзэгчдэд ч гэсэн их сонирхолтой, гоё байсан гэсэн.
-Ээж Сарааг илүү олж харсан байх л даа?
-Ерөнхийдөө тийм шүү. Настай, намбатай эмэгтэйн дүр шүү дээ. Надад энэ дүрийг бүтээх боломж олгосон найруулагчдаа баярлалаа. Мөн ивээн тэтгэсэн байгууллагууд, менежментийн багийнхан болон “Ромьео Жуллетта” мюзиклийг үзэгчдийн хүртээл болгоход оролцсон бүх хүмүүст баярласнаа хэлмээр байна.
-Ядрахгүй байна уу?
-Ер нь бол ядарч байна. “Ромьео Жулетта” мюзиклийг тавьсан өдөр манай найзын төрсөн өдөр байсан. Мөн мюзиклийнхаа уран бүтээлчдийн хүлээн авалтад оролцсон, нэлээд ядарсан. Би амралтын өдрөөр зусландаа гарах их дуртай. Гэвч бүтэн сайнд найруулагч Б.Наранбаатарын уран бүтээлийн тоглолтод орно, өнөөдөр “Гэгээн алсын одод” тэмцээнд оролцож байгаа Буриад, Өвөрмонгол хүүхдүүдийн шалгаруулалтад уригдсан. Шалгаруулалт нь энэ сарын 14-нд Улан-Үдэ хотод болох юм. Би өөрөө Буриад, Эрхүүгээр аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын судалгаа, бэлтгэл ажлаар явах хэрэгтэй. Ер нь бол ажил ихтэй л байна. Наадмаар “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоо хийх төлөвлөгөө бас байна. Энэ тоглолтын дараа л нэг мөсөн амаръя гэж бодож байна даа. Хөдөө явдаг ч юм уу. Уг нь зургадугаар сард АНУ-ын Сандиего явж амаръя гэж төлөвлөж байсан юм. Гэхдээ ажил юу болох нь уу.
-Хүүхдүүддээ хэр зав гаргаж байна вэ?
-Хүүхдүүддээ аль болох цаг зав гаргаж байгаа. Өнөөдөр ч гэсэн үдийн цайгаараа охиныхоо хичээлийг давтуулчихаад одоо цүнхийг нь бариад явж байна, харахгүй юу.
-Төрсөн өдрийн тоглолтыг тань үзсэн хүмүүс “яг л бидний үеийнхний залуу нас, хайр сэтгэл, амьдралын амтыг дахин мэдрүүллээ” гэж байсан. Та ч гэсэн дуулахдаа тэгж догдолдог уу?
-Мэдэхгүй байна. Би тайзан дээр маш хариуцлагатай “оператор”-ын ажил хийж байсан. Маш олон хэмжээтэй дууны үгээ бодож байсан. “Зүрхэн хоёр алга” дуугаа яаж дуулна аа л гэж бодож байсан. Бас ойрд дуулаагүй дуунуудаа яаж дуулна даа гэж бодож байсан. Би өөрийнхөө фэнүүдтэй хамтарч хөгширч байна, амьдралын амтыг мэдэрч байна гэдэг сайхан биз дээ. Бас миний дуунуудыг хүүхдүүд цоо шинээр сонсч байна. Тийм болохоор “Милая моя” концертоо МҮОНРТ-д бичүүлээд, мэргэжлийн сайн DVD болгодог юм уу гэж бодож байгаа. МҮОНРТ миний уран бүтээлийг маш их дэмждэг. Баримтат кино хийхээр ярьж байгаа. “Сэтгэлийн есөн цацал” хэмээх есөн дуутай сайхан уран бүтээлийг МҮОНРТ-ийн 600 студи хийж өгсөн. Яг тийм бичлэг одоо болтол гарахгүй байгаа. “New Star” студитэй хамтарч ажилладгийн давуу тал бас харагдаж байгаа юм. Төрсөн өдрийн тоглолтоо ч бас бүрэн хэмжээний DVD болгож бичүүлсэн.
-Уран хуучин дуунуудаа бага багаар шинэчлээд байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Найруулга, дуулалт дээр өөрчлөлт хийгээд л байгаа.
-Гэхдээ нөгөө талаас 20 жилийн өмнөх дуунууд одоо ч гэсэн хит хэвээрээ байна гэдэг таны араас шинэ поп од, поп дуу гарахгүй байна аа л гэсэн үг шүү дээ?
-Одоо төрөх байх аа. Би ер нь өөрөөсөө хамааралгүй зүйлд дүн шинжилгээ хийхээс татгалздаг гэж болно. Гэхдээ ирэх намар гэхэд попынхон тэсрэлт хийх байх аа. Би тэгж мэдрээд байна. Нэг тийм эргэн ирдэг цаг хугацаа байдаг шүү дээ.
-Хувийн амьдралдаа өөрчлөлт хийсэн үү? эсвэл хийх бодол байгаа юу?
-Хувийн амьдралынхаа талаар ярьмааргүй, ямар нэг мэдэгдэл хиймээргүй байна. Яагаад гэвэл над руу хамгийн их дайрдаг сул тал маань миний хувийн амьдрал. Миний хувийн амьдралын талаар цухасхан нэг зүйл гарахад над руу маш их дайралт хийдэг. Тийм учраас би тэр газраа ил гаргаж, бай болгомооргүй байна. Харин амьдралынхаа тухай, элбэрэл хайр, энэрлийн тухай ном, альбом гаргахаар ажиллаж байгаа.
-Гэрэл зургийн үзэсгэлэнг яагаад гаргасан юм бэ?
-Төрсөн өдрийн тоглолтдоо, фэнүүддээ зориулж гаргасан. Хүмүүс маш их үзсэн.
-Ийм том тоглолт, 27 жилийн урлагийн үзэсгэлэн гараад ирэхээр хүмүүс “Дараа нь яах гэж байгаа юм бэ” гэсэн нэг төрлийн түгшүүр төрдөг шүү дээ?
-Дараа нь “Аргагүй монгол аялгуу” хийх гэж байгаа юм аа.
-Өмнө нь та нэг удаа “Би удахгүй тайзнаас бууна” гэж хэлээд олон хүнийг гомдоож байсан шүү дээ?
-Тэр явдалд би тайлбар хийсэн. Миний амьдралын маш хүнд хэцүү үедээ би дуулах хүсэлгүй байсан. Уран бүтээл хийх боломжгүй юм шиг санагдаж байсан тэр үедээ би тэгж хэлсэн. Дараа нь тэр тухайгаа тайлбар хийсэн. Тийм болохоор ийм сайхан тоглолтын дараа тийм муухай зүйл яриад яах юм, тийм үү.
Надад дуулах хугацаа байгаа. Бүр хорин жил дуулах хугацаа байна гэж манай Ц.Оюунгэрэл сайд хэлсэн. Тэгэхээр хорин жил дуулахаас. /инээгээд/ Хорин жил гэж бодож байгаа боловч яг үнэндээ хоёр жил л байгаа байх аа. Ямарваа юм чинь хугацаатай шүү дээ.
Б.СЭМҮҮН