Энэ дэлхийг дуу хуургүй байна гэж төсөөлж үзвэл хав харанхуйд тэмтчих адил. Тиймээс дууны сайханд хүн бүхэн уярдаг. Тэр дундаа сонгодог урлагийн гайхамшигт илбүүлэхдээ хүн ил далд мэдэрхүйд хөглөгдөж баясдаг. Хүн бүү хэл ус хүртэл бүтцээ өөрчилдөг тухай судлаачид гаргасан байна.
Тэгвэл эх орондоо төдийгүй олон улсад ая дуугаа өргөж авьяас чадвараа гайхуулаад ирсэн нэгэн залуу дуучны яриаг уншигчиддаа хүргэхийг хүсч УДБЭТ-ын гоцлол дуучин, М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын 22-р уралдааны гуравдугаар байрын болон Монгол улсын Ерөнхийлөгчийн шагналт, СТА, А.Сайнбаяртай уулзаж ярилцлаа.
-Саяхан танай байгууллага 50 жилийн ойгоо тэмдэглэсэн, одоо амсхийж байна уу?
-Тийм ээ. Хагас зууны бүтээлийг тайлагналаа. Одоо шинэ түүхийн хуудсыг эргүүлэн бичиж эхэллээ. Энэ сарын 26-нд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн худалдаачны дүрд тоглоно.
-Дуучин болох таны мөрөөдөл үү, санамсаргүй энэ мэргэжлийг сонгосон уу?
-Дуулах дуртай байсан ч дуучин болно гэж бодож байгаагүй. Намайг их хүчтэй хоолойтой гэж хүмүүс ярьдаг. Харин өөрийнхөө хоолойны чадлыг үнэлдэггүй байж. Бүр гуравдугаар станцад гагнуурчин байсан.
-Харин өнөөдөр сонгодог дуучин болж. Хэн нэг хүн өөрт чинь нөлөөлсөн байна даа?
-Миний ах урлаг судлаач. Ах маань урлагаар яв гэсэн, гэрийнхэн ч дэмжсэн. Ингээд л СУИС-д шалгалт өгч тэнцсэн. Ардын жүжигчин Д.Жамъяанжав багшийн шавь болсон. Багш маань надад бусдаас илүү их даалгавар өгч, шахаж олон юманд сургасан.
-Танайх дуучны удамтай юу?
-Эмээ ээж сайхан дуулдаг байсан гэнэ билээ. 80 насны ойгоо тэмдэглэхэд гэрт цугларсан олны дундаас дуу нь сондгойрон хадаж байсан гэдэг юм. Ээж маань ч уртын дууг сайхан дуулдаг.
-Дуурийн дуучин байх хэцүү юу?
-Дуу урлах эрдмийг сурах амархан биш. Зөв дуулах аргыг эзэмшихгүй бол хол давхихгүй. Буруу дуулвал хоолой эвдэрнэ. Харин зөв жолоодвол дуулах тусам хүч ордог юм. Мөн өөрийн дуунаас гадна бусад хүний дуулж байгааг мэдрэх, жүжиглэх гээд олон зүйлийг сурах хэрэгтэй болдог.
-И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуу дуулаачдын 22-р уралдааны гуравдугаар байрын шагнал хүртсэн. Бөх унана гэж барилддаггүй гэдэг шиг шагнал авна гэдгээ мэдэрч байсан уу?
-Үнэнийг хэлэхэд дээгүүр орно гэж бодоогүй. Хоолойныхоо чансааг ямар түвшинд байгааг үзээд алдъя гэж санасан. Гэтэл 150 хүн уралдсан гурван үе шаттай дээрх наадамд явсаар байгаад л гараад ирсэн. ОХУ-ын ардын жүжигчин Рина Архипово гуай дуучин хүнд байдаг бүх аппарат нь жигдэрсэн хүн гэж намайг үнэлсэн.
-Өөр хэлээр дуулж түүнийг үзэгчдэд хүргэх, эх хэлээрээ дуулах тэс өөр дөө?
-Тэгэлгүй яахав. Хүний нутагт харь хэлээр өндөр түвшинд оролцох амаргүй байсан. Намайг тэнд байр эзлэхэд Солонгост Ази хүн гуравдугаар байранд шалгарчээ гээд сонинд бичиж үнэгүй тарааж байсан гэнэ лээ.
-Ганц монгол биш Азийн амжилт байсан юм шүү ? Одоо дээрх амжилтаа ахиулахаар дахин оролцож болох уу?
-Амжилт гаргасан л бол дахин оруулдаггүй юм. Тэр наадамд Оросын нэг дуучин гурван удаа оролцоод тусгай шагнал авлаа гээд бөөн баяр буцаж байсан. Тэр бүү хэл хоёрдугаар шатанд үлдсэн хүнийг их амжилт гаргалаа тооцогдог юм билээ.
-Танай дуурийнхан нэг тоглолтыг хэдий хугацаанд бэлддэг вэ?
-Дуурийг хоёр цаг дуулахад хагас жил бэлтгэл хийдэг. Маш их эрч хүч зарцуулна. Би ганцаараа дуулах боловч миний ард 50 дуучин мөн тооны бүрэлдэхүүнтэй сифони найрал хөгжим ажиллана.
-Манайд дуурийн дуучин олон байна уу?
-УДБЭТ-т найрал дуучин 50, гоцлол дуучин 30 байгаа. Манай олон сайхан гоцлол дуучныг бэлтгэсэн гавъяатай хүн бол ОХУ-ын Ардын жүжигчин Дариймаа Лянховоен юм. Дуучин П.Ганбат, Ч.Энхтайван,Н. Мөнхзул бид нарыг олон улсын хэмжээнд сонгодог дуучнаар бэлтгэсэн. Манай улс Дариймаа Лянховоены хөдөлмөрийг үнэлж “Алтан гадас” одон, “Найрамдал” медалиар шагнасан.
-Дуурийн дуучныг уурхайчинтай зүйрлэдэг билүү?
-Хоёр цаг дуулсан дуурийн дуучныг найман цаг уурхайд ажилласан уурхайчинтай зүйрлэдэг. Хүнд хөдөлмөр эрхэлдэг учраас зүрх судас, мэдрэл, чих, хамар, хоолойн эмчийн хяналтад байдаг. Сайн амрах шаардлага гардаг.
-Тэгвэл бас цөөн жил ажиллахыг зөвлөдөг гэж сонссон энэ үнэн үү?
-20 жил дуулсан бол насны гавъяандаа сууж болно гэсэн хуультай. Хэрэв өөрөө хүсээд чадал тэнхээ нь байвал дуулж болдог.
-20 настайдаа дуулж эхэллээ гэхэд 40 насандаа тэтгэвэрт гарна гэсэн үг үү, харамсмаар юм байна?
-Урлаг тодорхой хугацаанд ажилладаг залуу насных юм. Тайзнаасаа эрт буухыг би хувьдаа дэмждэг. Цаашид багшаар ажиллаж ирээдүйгээ бэлтгэж болно. Би есөн жил дуулж байна. СУИС-д магистр цол хамгаалсан.
-Таны уран бүтээлийн сан хэр арвижиж байна вэ?
-Нийт 15 дуурийн 22 дүр бүтээсэн. Өөрийн болон Олон улсын тэмцээнээс 10 гаруй шагнал авсан.
-Таны цаашдын мөрөөдөл?
-Монгол улс өөрийн үндэсний түүх соёлыг харуулсан тэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кармен дуурь шиг улс орон бүхэнд тоглодог бүтээл гараасай билээ гэж хүсэж мөрөөддөг.
-Одоо манай улсын тайзнаа хэдэн дуурь тоглож байна вэ. Шинээр ямар бүтээлийг үзэгчдэд хүргэх бол?
-“Учиртай гурван толгой”,” Чингис хаан”, “Үүлэн заяа” дуурийг тоглож байна. Төрийн шагналт Ц.Нацагдоржийн бичсэн “Гүн гэрийн гүнж” зохиол бий. Үүнийг амиллуулж чадаагүй л байна. Учир нь нэг бүтээлийг дэглэхэд 40-50 сая төгрөг зарцуулдаг. Хаана хаанаа эдийн засгийн хүндрэлтэй байх юм. Бидний цалин хангамж ч тааруу. Энэ бүгдийг анхаарч үзээсэй билээ.
Эх сурвалж: niigmintoli.mn