Монголчууд бидний “Маленькая страна” дуугаар сайн мэддэг Наташа Королева саяхан 40 насны босго давжээ. Гэсэн хэдий ч Наташа залуу охид шиг хөгжилтэй, идэвхтэй хэвээр байгаа юм. Түүний “КП” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Амьдралын хамгийн хүнд үе нь 40 нас гэдэг. Та сэтгэлээр унаж байна уу?
-Хэдэн ч нас миний сэтгэлийг зовоохгүй. Би ямар зүрх алддаг 10 хэдтэй охин биш. Гэхдээ 20 нас хүрч байсан шиг баяр баясгалантай биш байна.
-Өдий насны босгон дээрээс эргэн харахад өөртөө ямар дүгнэлт хийх вэ. Хэрвээ та охинтой байсан бол түүндээ энэ насандаа ямар туршлага суулгах байсан бол?
-Амьдралаас харж байхад хувь хүнийг өөрийн хийж буй алхмаас нь хэн ч зайлуулж чадахгүй. Яриад нэмэргүй. Яагаад гэвэл хүн бүр өөрийн замаар явах ёстой. Тиймээс бүх зүйл зөн совин, тухайн хүний ухаан, хэр эрсдэл хийж байна гэдгээс шалтгаална. Хүн өөрийнхөөрөө л явах учраас өмнөх замыг нь мянга засаад нэмэргүй. Амьдралын замыг хүний дотоод сэтгэл бий болгодог юм. Хэрвээ тэр зам бартаа ихтэй бол хүн илүү зорилготой, тэсвэр хатуужилтай болно. Харин тэгш замаар явбал хэн ч биш болно.
-Харин та өөрийнхөө явсан замыг хэрхэн үнэлж байна вэ?
-Минийх янз бүр байсан. Нэг талаас үзэхэд тун хялбар, энгийн замаар явсан мэт боловч тийм биш. Надад бүх зүйл заяасан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би туулж өнгөрүүлсэн замаа хараад, дүгнэлт хийхийг хүсэхгүй. Яагаад гэвэл би дөнгөж 40 настай. Энэ бол өөртөө дүн шинжилгээ хийдэг нас биш. Харин 80 насандаа л дүгнэлт хийх болно. Үнэнийг хэлэхэд би паспорт дээрх наснаасаа илүү сэтгэлээрээ залуу гэж боддог. Харин амьдралын хамгийн сонирхолтой үеүд өмнө минь байна. Тиймээс 40 наснаас дөнгөж амьдарч эхэлж байна. Хамгийн гол нь эрүүл л байх хэрэгтэй.
-Таны амьдралд үргэлж аз дайрсан шүү?
-Магадгүй. Өнгөрсөн амьдралд би сэтгэлээрээ маш их хөдөлмөрлөсөн. Үүний үр дүнд томоохон амжилтад хүрсэн байх.
-Охины тухай яриандаа эргэн оръё. Та нөхөртэйгөө охин гаргах талаар төлөвлөж байна уу?
-Үнэхээр тийм боломж олдвол бид маш их баярлана. Үүнийг бурхан л мэдэх байх даа. Ер нь хүүхэд аав, ээж дээрээ шууд хүрээд ирдэггүй гэж боддог. Дээгүүр аль хос нь аав ээж болоход тохиромжтой вэ гэсэн сонгон шалгаруулалт болдог гэж боддог шүү.
-Гэхдээ л хичээх хэрэгтэй дээ?
-Нөхөр бид хоёрыг хараад энэ асуудлыг тоодоггүй гэж бодоод байна уу. Бид хоёр гэр бүлийнхээ гишүүдийн тоог нэмэхэд хэзээд бэлэн.
-Энэ жил Сергей та хоёрын албан ёсоор гэрлэсний 10 жилийн ой болно?
-Үнэндээ бид хоёр хамт амьдраад 12 жил болжээ. Ямар ч олон жил амьдраа вэ. Цаг хугацаа огт анзаарагдалгүй өнгөрсөн байна шүү. Одоо ч гэсэн бидний гэр бүлийн амьдрал сайхан хэвээр байна.
-“La Bomba” синглд та Наталья Медведеватай дуулдаг шүү дээ. Энэ синглд та маш гоолиг, сайхан биетэй гарсан. Хүмүүс таны нөхрийг бие галбирт тань анхаардаг гэж ярьдаг?
-Янз бүр дээ. Заримдаа сайхан, заримдаа муухай болдог. Энэ бүхэн эрүүл мэндийн байдал, хэр ядарч байна вэ гэдгээс шалтгаална. Эмэгтэй хүн бага унтвал сайхан харагдаж чадахгүй. Сережа ч намайг сайхан байлгахыг хичээдэг. Хааяа хэмжээ хязгаараасаа хальж, болохоо байх үед тэр намайг шүүмжилдэг. Энэ үеэр үнэхээр ичгэвтэр санагдаж, өөрийгөө хянаж эхэлдэг. Мэдээж нөхөр маань өөрийгөө гаргуунд нь гаргахгүй байх гол хөдөлгөгч хүч мөн. Яагаад гэвэл заримдаа би хэт их ачааллаас болж алжаалаа тайлж, амттан идэх зүйл тохиолдоно. Бялуу, амттан гээд хорьсон бүхнийг идэж эхэлнэ шүү дээ.
-Хөргөгчиндөө бялуу байнга байлгадаг гэсэн үг үү?
-Хөргөгчинд байхгүй ээ. Гэр рүү харих замын ресторануудад өч төчнөөн амттан бий. Ер нь гол асуудал хөргөгчиндөө байгаа юм биш, өөртөө анхаарч чадахгүй байгаа нь миний хувьд ёс суртахууны хувьд ичгэвтэр зүйл юм. Харин Сережа надад хяналт тавьдаг. Би завтай үедээ л зааланд хичээллэдэг. Харин ойрын үед зураг авалтаас болоод нойр дутуу явж, зааланд хичээллэж чадсангүй.
Тэгэх ч тэнхэл алга. Яг өнөөдөр миний маш их хүсч буй зүйл бол ханатлаа унтаж авах. Бусдаар бол бүх зүйл сайн байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
– See more at: http://review.time.mn/content/30134.shtml#sthash.BgafPiA1.dpuf