Холливудын жүжигчин Орландо Блум өнгөрсөн есдүгээр сард Торонтогийн олон улсын кино наадмын үеэр “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгээгүй юм. Тэрбээр Жонни Депптэй хааяа холбоотой байдаг бөгөөд түүнийг “Гайхалтай хүн” хэмээн тодорхойлжээ.
Блумын хэлснээр, уг киноны жүжигчид дахин нэгдэх нь үзэгчдэд дурсамж сэргээсэн онцгой үйл явдал болох боломжтой. Гэхдээ киноны шинэ анги хэзээ хийгдэх, ямар жүжигчид оролцох талаар одоогоор тодорхой мэдээлэл аваагүй гэдгээ мөн онцолсон байна.
Харин Жонни Депп арваннэгдүгээр сарын 1-нд Нью-Йорк хотод болсон өөрийн шинэ “Ebenezer” киноны тусгай үзвэрийн үеэр Жек Спэрроугийн дүрдээ дахин тоглох сонирхолтой эсэхийг нь асуухад “Мэдэхгүй юм” хэмээн хариулжээ.
Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны эхний гурван ангид Кира Найтли, Жеффри Раш нарын хамт тоглож, дэлхий даяар үзэгчдийн танил болсон билээ. Депп ахмад Жек Спэрроугийн дүрийг нийт таван ангид бүтээсэн бол Блум 2011 болон 2017 онд гарсан дараагийн хоёр ангид гол дүрээр оролцоогүй юм.
Кино цувралын продюсер Жерри Брукхаймер өмнө нь Деппийг зургаа дахь ангид эргэн тоглуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Түүний хэлснээр, дүрийн зохиол Деппэд таалагдвал жүжигчин эргэн тоглох боломжтой аж.
Брукхаймер 2024 онд “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын хоёр тусдаа төсөл хөгжүүлж байгаагаа мэдээлсэн. Нэг нь зохиолч Жефф Натансон ажиллаж буй шинэ хувилбар бол нөгөө нь Марго Роббигийн продакшнтай холбоотой төсөл юм.
Гэхдээ Жонни Депп, Орландо Блум болон бусад жүжигчид шинэ ангид тоглох эсэх талаар албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна.

