“Miss Mongolia” наадам жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө арав дахь жилтэйгээ золгож байна. Дотоод, гадаад гоо сайхнаараа орчлон дэлхийд өнгө нэмж, бусдад үлгэр дууриалал болсон миссүүдтэй бид ярилцаж, тэдний ярилцлагыг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад бид “Miss Mongolia 2012” наадмын тэргүүн миссээр шалгарсан Д.Долгионыг ярилцлагын зочноороо урьсан юм.
Юуны өмнө "Miss Mongolia 2012" наадмын тэргүүн миссээр тодорч байсан танд энэ өдрийн мэнд хүргье. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Баярлалаа. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Миний хувьд “Miss Mongolia 2012” наадамд түрүүлж байх үед маш давчуу хугацаанд олон даалгаварыг гүйцэтгэх хэрэгтэй болсон. Гэхдээ тэр бүгдийг даваад амжилт гаргасандаа маш их баяртай байдаг.
"Miss Mongolia " тэмцээний 10-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү наадмын талаарх таны сэтгэгдэл?
Арван жил гэдэг бол багагүй хугацаа. Эдгээр жилүүдэд алгасалгүй “Miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулж ирсэн холбооныхондоо болон хамтран зохион байгуулж буй хүмүүстээ юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол маш сайхан тэмцээн. Нөгөө талаар монголынхоо гоо бүсгүйгээр дамжуулаад улс орноо дэлхийд таниулах нэг боломж гэж боддог. Энэ сайхан нэр хүнд бүхий тэмцээнд оролцоод нэг жилийнх нь тэргүүн миссээр шалгарсандаа маш их байртай байдаг.
Таны бодлоор Мисс хүн ямар байх ёстой вэ?
Ерөнхийдөө хүмүүс маань мисс, модель хоёрыг ижил гэж ойлгодог. Гэхдээ мисс бол өндөр, гоолиг, сайхан байхад хангалтгүй. Мисс бол тухайн улс орныхоо энх тайван, амар амгалан, эрх чөлөөний билэг тэмдэг гэж явдгаараа онцлогтой.
Миссийн титэм таны амьдралд хэрхэн нөлөөлсөн вэ?
Мэдээж нөлөөлөлгүй яахав. Мянга мянган сайхан охидоод шалгарч уг тэмцээний тэргүүн мисс гэх эрхэм алдрыг хүртэнэ гэдэг бол миний хувьд маш том аз завшаан байсан. Тиймдээ ч миний амьдралын чухал, эрхэм мөчүүдийн нэг болж чадсан.
Энэ жилийн шилдэг 23-н оролцогчдын нэрстэй танилцсан уу? Ер нь хэн гэдэг оролцогчийг дэмжиж байна?
Уг наадам энэ жил өргөн хүрээг хамарч зохион байгуулагдаж байна. Миний хувьд бол энэ жилийн тэргүүн миссээр хэн тодрох бол гэж сэтгэл догдлон хүлээж байна. Энэ жилийн шилдгээр шалгарсан 23 оролцогч охидынхоо нэрстэй танилцсан байгаа. Одоогоор бол тэрийг, энийг дэмжинэ гэсэн зүйл байхгүй байна. Ерөнхийд нь шалгаруулалтуудаас харж байгаад л дэмжих байх даа.
Энэ жилийн оролцогчдод болон ирээдүйд миссийн тэмцээнд орохоор бэлтгэж буй охидод захиж хэлэх үг байна уу?
Мэдээж маш олон охид, бүсгүйчүүд маань энэ тэмцээнд оролцох хүсэлтэй байдаг. Миний хувьд тэдгээр охидод болон шилдэг оролцогчиддоо хандаж хэлэхэд зөвхөн гоо сайхан, гадаад үзэмжиндээ анхаарахаас гадна спортлог, оюунлаг, авъяаслаг байх хэрэгтэй гэж захимаар байна . Тиймээс эдгээр зүйлүүд дээрээ ч гэсэн анхаарч бэлдээрэй гэж хэлье. Мөн хувийн зохион байгуулалт дээрээ охидууд маань маш их анхаарах хэрэгтэй. Ингээд нийт оролцогчиддоо амжилт хүсье.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.