Монголын Урлагийн зөвлөл урлагийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг олон нийтэд таниулах, уран бүтээлчийн туурвих, үзэл санаагаа илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор залуу уран бүтээлч Даваагийн Дорждэрэмийн “Огт+оргүй” бие даасан үзэсгэлэнг энэ сарын 26-нд Төв ХААН Банкинд байрлах “Улаан гэр” галерейд зохион байгуулах гэж байна.
Монгол хэл зүй дэхь огторгуй хэмээх үгийн үндэс “огт+оргүй” билээ. Уг нэр нэг талын үгүйсгэлийг тээж буй мэт болов ч бүтээлчийн сэтгэлгээнд бидний оршихуйн тухай асуулт мэтээр сонгогдсон учраас уран бүтээлч Д.Дорждэрэм шинэ үзэсгэлэнгээ ийн нэрийджээ.
Түүний шинэ үзэсгэлэн нь нийт долоон уран бүтээлээс бүрдэх бөгөөд уран бүтээл бүтээн туурвих шинэ төвшнийг үзэгчдэд хүргэх нь ээ. Түүний гурван баримал, гурван уран зураг мөн нэг видео бүтээлээс бүрдэж буй уг үзэсгэлэнгийн баримлуудаар уран бүтээлч өөрийн эмэг эх, аав болон эхнэрийгээ “жирэмснээр” дүрсэлсэн байна. Уран бүтээлч өөрийн хамгийн их хайртай, түүний хувь заяанд ихэд нөлөөлсөн бодит хүмүүсийг бүтээл болгожээ. Зарим хүмүүст чөтгөрлөг мэт харагдаж болох эвэр бүхий шийдэл нь баримлуудыг илүү байгальлаг болгосон гэж хэлж болно. Байгаль өөрөө хүчирхэг, хүчирхэг болохоороо туульслаг чанарыг өөртөө агуулсан байдаг. Бүтээлчийн уян хатан бөгөөд зөөлнөөр дүрсэлсэн баримлын бодит дүрүүд уг мөн чанарыг мэдрүүлнэ. Орчин үеийн, зөөлөн бөгөөд хүчирхэг, нууцлаг болоод ил, сүнслэг эдгээр бүтээлүүд нь орчин үеийн Монголын баримлын орон зайд уг мөн чанараараа, гүйцэтгэлийн ойлгомжтой классик төрх, сюрреалист хэллэг, хайпэрреалист болон симболик агуулгаараа шинэ өнгө төрхийг нэмэх юм.
Эдгээр ажлуудтай холбогдож буй гурван уран зураг нь “spot paintings” буюу хараагүй хүмүүсийн бичгийн дүрслэлийг өнгөтэй болгон эсгий зураг бүтээсэн нь дүрслэлийн тоглолтоос гадна сэтгэлгээний тоглолтын бас нэгэн хэллэгийг харуулах нь ээ.
2007 онд Сингапурийн биенналиас үзэгчдийн сонголтоор тэргүүн байр хүртсэн “Орон зай дахь дуу хоолой” бүтээлээс нь олонд танигдсан эвэр бүхий шийдэлийн тухай Д.Дорждэрэм хэлэхдээ “Эвэр дэхь тойрог хөдөлгөөн бүхий орон зай нь бидний оршихуйн тойрог хөдөлгөөний билэгдэл бөгөөд тэндээс ураг мэндэлж, түүнийг тээж, түүнд дахин уусах болно” гэжээ.
Ирэх аравдугаар сарын 19-ныг хүртэл үргэлжлэх “Огт+оргүй” үзэсгэлэнгээс Д.Дорждэрэмийн сэтгэлгээн дэхь хүчирхэг гоо сайхныг мэдрээрэй.
www.URLAG.mn