Учир юу гэвэл энэ сарын 4-9-ний өдрүүдэд "Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам зохион байгуулагдахаар болжээ.Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүргэх зорилготой тус наадмын зохион байгуулагчидтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Бодьбаатар: МОНГОЛЫН ҮЗЭГЧДИЙГ ӨӨР ЕРТӨНЦТЭЙ ТАНИЛЦУУЛАХАД БИДНИЙ ЗОРИЛГО ОРШИЖ БАЙНА
-Юуны түрүүнд "Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадмын талаар товч мэдээлэл өгнө үү?
-ССАЖЯ, Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй тус наадамд бид кино сонирхогч, уран бүтээлчдэд дэлхийн А зэрэглэлийн гэж хэлж болохуйц кино наадмуудаас шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бүтээлүүдийг хүргэх гэж байна. Мөн энэ ажлын хүрээнд Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы шилдэг найруулагч, жүжигчдийг урин авчирч Монголын үзэгч, кино бүтээгчидтэй уулзах боломжийг олгох юм. Түүнчлэн гадны хүндэт зочиддоо өөрийн орны зургаан бүтээлийг сонирхуулахаар болсон. Олон улсаас сонгогдсон кинонуудын хувьд арт хаус чиглэлийн, сүүлийн 1-2 жилд кино урлагт мэргэжлийн хувьд өндөр үнэлэгдэж байгаа бүтээлүүд байгаа.
-Танай яамны зүгээс энэхүү наадмыг хийх болсон шалтгаан юу вэ?
-1990-ээд оноос хойш Монголын киноны зах зээл, киноны уран бүтээлчид хувьдаа гарч санхүүгийн болон бодлогын түвшинд төрөөс дэмжлэг дутмаг байсаар өдийг хүрсэн. Энэ талаар ч кино уран бүтээлчид хамтарч ажиллая, дэмжлэг үзүүлээч гэсэн санал тавьсаар ирсэн. Тиймээс сүүлийн үед ССАЖЯ-аас кино урлагийн энэ салбарыг дэмжих хэд хэдэн ажил төлөвлөн ажиллаж байна. Бодлогын түвшинд киноны хуультай болъё, эрх зүйн орчинг бүрдүүлж өгье гэсэн үүднээс ажлын хэсэг байгуулагдаад байна. Ерөнхийдөө киног цогц хэлбэрээр олон талаас нь дэмжье гэдэг үүднээс хийж буй нэг ажил бол энэ кино наадам.
-Энэ ажлын хүрээнд үзэгчдэд кино наадмуудаас шагнал хүртсэн, амжилт гаргасан бүтээлүүдийг толилуулна гэж байсан. Тэгэхээр эдгээр кино уран бүтээлчдийн хувьд та бүхний саналыг хэрхэн хүлээн авсан бэ. Мөн төрөл жанрын хувьд сонгогдсон бүтээлүүдийг танилцуулбал?
– Мэдээж сонгогдсон киноны уран бүтээлчид сайхан хүлээж авсан. Тэр ч утгаараа тодорхой төлөөлөл манай улсад хүрэлцэн ирж, үзэгчдэд бүтээлээ танилцуулсныхаа дараа цөөн хором уулзалт зохион байгуулахаар болсон байгаа. Олон улсын кино наадмын зах зээл, оршин тогтнож буй зорилго бол бидний хэлээд байгаа арт хаус буюу жинхэнэ урлагийн бүтээлийн оршин байх ганц үндэс нь болдог. Бид ч мөн энэ орон зайг бий болгоё, олон улсад киноны чиг хандлага, дүрслэл, хэллэг ямар түвшинд байна, тэрийг Монголын киночид, үзэгчидтэй хуваалцая гэсэн зорилгыг агуулсан.
-Наадмын хүрээнд “Улаанбаатар” кино форумыг зохион байгуулна гэж байсан. Энэ талаар?
-Кино бүтэх ямар шат дараалал байдаг, хэрхэн төсөл бичих, яаж мөнгө босгох зэрэг кино бүтээх шилдэг туршлага ба боломжуудын талаар Монголын кино уран бүтээлчдэд танилцуулах олон улсын киночид, урлагийн бодлого боловсруулагчдын хамтарсан “Улаанбаатар” кино форумыг маргааш “Black Box” театрт зохион байгуулна.
-Гадны зочдод толилуулах бүтээлийг хэрхэн сонгов?
-Монгол киноны хөтөлбөрт нийт найман кино сонгогдсон. Үүнээс зургаан уран сайхны, хоёр баримтат кино байгаа. Тухайлбал, Хамба Студийн “Улаан дөрвөлжин”, Ж.Сэнгэдорж “Бодлын хулгайч”, Ж.Сэнгэдорж, Навчаа Фильм “Лардьма”, Монгол Фильм студийн “Аравт”, Сэмүүн Студийн “Би монгол хүн” баримтат кино “Нэрийг минь хэлж өгөөч” зэрэг киног үзүүлэхээр болсон. Сонголтын хувьд олон төрөл жанрын бүтээлийг чухалчилсан байгаа. Эдгээр кино нь манай улсыг зорьж ирсэн гадны уран бүтээлчдэд манай кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг үзүүлж чадахуйц бүтээлүүд гэж хэлж болно.
-Монголын үзэгчдэд хүргэхээр зэхсэн бүтээлүүдийн тухайд?
-Олон улсын кино наадмыг найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” бүтээлээр нээнэ. Уг кино нь хэллэг, найруулга гээд бидний барьж ажиллаж буй бодлоготой, олон улсын кино наадмын түвшинд хүрэхүйц бүтээл болсон учраас сонгосон. Харин дараагийн өдөр буюу аравдугаар сарын 5-нд франц кино өдөрлөгийн хүрээнд “Зөвшөөрөгдсөн хувилбар”, “Ердийн гүйцэтгэл”, “Брагийн гэр бүл” кинонууд гарна.
Бид олон улсын наадмын кино хөтөлбөрийг боловсруулдаг Францын зөвлөх Тибу Бракийг урьж ажиллуулсан. Тэр зөвлөх маань бидэнд энэ жилийн нэртэй наадмуудад сонгогдсон, эсвэл шагнал авсан бүтээлүүдийг санал болгосон. “Зөвшөөрөгдсөн хувилбар” киноны хувьд ираны найруулагч Аббас Киорастами найруулж гол дүрд нь францийн жүжигчин Juliette Binoche тоглосон. Тус кино 2010 онд Каннын ОУ-ын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн байгаа.
Миний хувьд аравдугаар сарын 6-ны өдөр үзэгчдийн хүртээл болох 2013 оны Каннын олон улсын кино наадмын “Алтан камер” шагналт “Ило ило” киног онцлон ярьмаар байна. Киноны тухайд маш энгийн түүхээр дэлхий нийтийг хамарсан үйл явдлыг харуулж чадсанаараа онцлог болсон. Киноны найруулагч нь 29 настай Энтони Чэнь хэмээх залуу байгаа. Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд олон улсын кино ертөнцөд цахиур хагалж буй залуу уран бүтээлчдийн арт хаус чиглэлийн бүтээлүүд Монголын дэлгэцнээ амилна.
Ц.АРИУНАА: БИД ӨӨРСДИЙНХӨӨ ОНЦЛОГИЙГ ХАРУУЛЖ ЧАДВАЛ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРАХ БОЛОМЖТОЙ
“Улаанбаатар” олон улсын кино наадмын зохион байгуулагчаар ажиллаж буй Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа энэ талаар,
Монголын үзэгчид ерөнхийдээ гадаадын кино гэхээр холливүдийн, арилжааны шинж чанартай хийсэн киног үзэж заншсан. Харин өнөөдөр дэлхийд хэдэн улс үндэстэн, соёл, бүс нутаг байна тэдий хэмжээний олон янзын кино түүх, түүнийг илэрхийлэх олон янзын кино хийц байдаг.
Дэлхийн олон нэр хүндтэй наадмууд эдгээр өөр өөр киног өөрсдийнхөө үзэгчдэд хүргэх, кино урагийн салбарт гарч ирж байгаа шинэ, залуу уран бүтээлчдийг дэмжихэд оршдог. Энэ наадмын зорилго ч үүнтэй мөн ижил байгаа.
Мөн бид Монголын олон улсад сурталчлах, түгээх гарцыг уран бүтээлчдэдээ олгоход анхаарч байгаа. Ер нь манай киноны уран бүтээлчид Монголын, өөрийн гэсэн онцгой кино түүхийг , өөрийн кино хэлээрээ хийх ёстой. Тэр нь түүхэн байна уу эсвэл орчин үеийн драм байх гол биш. Бид заавал хэн нэгнийг дуурайх албагүй. Харин биднийг тойроод дэлхийн кино салбарт юу болоод, ямар киног дэлхийн ба мэргэжлийн хүмүүс таашаагаад байгаа, ямар ямар найруулагчид байна, тэд хийсэн киногоо яаж сурталчилж, яаж түгээж байгаа техникийн чанартай асуудлыг бол тэдэнтэй эн тэнцүү мэдэж байх ёстой. Энэ боломжийг энэ фестиваль өргөнөөр олгоно.
Сонгогдсон кинонуудын хувьд 2013 оны олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн бүтээлүүд гэж дээр дурдсан. Бид оюуны өмч тал дээр ихээхэн анхаарч сонгосон кинонуудаа албан ёсны эрхтэйгээр худалдан авч байгаа. Тодруулбал, зөвхөн нэг удаа гарах эрхтэйгээр авсан бөгөөд дуу дүрсний хувьд дэлхийн стандартад нийцсэн чанартайгаар хүргэж байна гэсэн үг.
Кино наадмыг ССАЖЯ-наас санхүүжүүлж байгаа бөгөөд 149 сая төгрөгийг зарцуулаад байна. Монголын үзэгчдэд ихэвчлэн Орос, Солонгосын кинонууд хүрдэг, тэр бүр олон орны олон хэллэгээр киног хүлээн авах боломж хомс байдаг учраас бидний энэ ажил нэлээд ач холбогдолтой болно гэж найдаж байгаа.
Наадмын хүрээнд 10 орны 12 кино гарна. Тэгэхээр бид 10 орны цонхоор шагайж, 12 өөр хүний түүхийг тэнд байгаа нийгэм, соёлын өргөн өнцгөөр харах боломжтой болон гэсэн үг.
А.Сүрэн
Эх сурвалж: gogo.mn