Нэгэн ярилцлагадаа “Миний амьдрал өдөр бүр баяр баяслаар дүүрэн байдаг. Энэ бол урлагт хайртай монгол түмний ач” хэмээсэн тэрбээр олон сайхан бүтээлээрээ түмнийг баярлуулж яваа бүсгүй.
Холливудынхны жишгээр Монголын эмэгтэй жүжигчдийг халуухан, тачаангуй, хөөрхөн, ялдам гэхчлэн “цоллож”, жагсаадаг бол Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд, ардын жүжигчин С.Сарантуяа хоёр лав бүх үзүүлэлтээрээ, олон жилийн турш дээгүүр давхих байсан гэдэгт эргэлзэхгүй.
Гялалзсан хар нүд, энхрий, ялдам төрхтэй Сараа эгчийг яагаад ч юм бэ хараад л баймаар. Хүн татдаг нэг тийм увидас түүнд бий. Ямар сайндаа л түүний нөхөр О.Бат-Өлзий түүнийг зурагтаар харангуутаа сэтгэл алдарсан гэж байгаа. Монголын тайз, дэлгэцийн урлагт нэгэн шигтгээ болсон энэ хүн өнөөдрийн зочдын маань нэг. Тэрбээр хойч үеийн уран бүтээлчдэд “Өөртөө үнэнч, зорилгодоо тууштай байх”-ыг чухалчлан захидаг гэсэн.
Тухайн бүтээл үзэгчдэд хэр хүрэх, уран бүтээлийн чанар ямар байх нь гол дүрийн уран бүтээлчдээс илүүтэй найруулагчаас шалтгаалдаг гэхэд хилсдэхгүй. Тоглолт өндөрлөж, уухай түрэх “Браво”, цэцгийн баглаанд дарагдан, инээмсэглэн зогсох уран бүтээлчдийн дунд энэ хүн хэдийгээр харагддаггүй ч Дуурийн театрын үзэгчид түүнийг андахгүй.
Шөвөгдөх мэт хурц харц, хурдан шалмаг хөдөлгөөнтэй найруулагч Е.Сарантуяа энэ бүхнийг 30-аад жилийн турш хөшигний араас харан, догдлон зогссон театрын арын албаны “генерал”. Тэрбээр дуурийн дуучин мэргэжилтэй ч хамт олны итгэл, хүслээр найруулагч болсон түүхтэй.
Монголын драмын урлагийг ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа, рок поп урлагийн ертөнцийг гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяагүйгээр төсөөлөх аргагүйн адил сонгодог урлагийн шилтгээн болсон ягаан байшинд Ерэнтэйн Сарантуяа хэмээх найруулагч чухал үүрэгтэй.
“Нэр нэгтийн чих нэг” булан Монголын урлагийн ертөнцийн гурван өнгийг онцолж байна.
-Шагнал гэж юу юм бэ?
-Хүн зорилгодоо хөтлөгддөг юм болов уу, эсвэл зорилгоо хөтөлдөг үү?
-Хамгийн сайн хийдэг таны брэнд хоол юу вэ?
-Эцэг эхээ хэзээ хамгийн их баярлуулсан бэ?
-Юугаар гоёдог вэ?
-Эрт ба эдүүгээ үеийн Монгол орныг товчхон тодорхойлбол?
-Танд монгол хатны ухаан бий юү?
-Монголчууд уг нь нас нэмбэл ухаан нэмнэ гэдэг ч сүүлийн үед хүмүүс нас ахихаас айдаг шиг санагддаг. Энэ талаарх таны бодол.
-Чухам юуг сайхан гэж тодорхойлдог юм бэ. Таны хувьд сайхан гэж юу вэ? гэсэн асуултад зочид маань ийнхүү хариуллаа.
Б.САРАНТУЯА: ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙДАЛ, ЗОРИЛГО, ТЭМҮҮЛЭЛ ХҮНИЙГ ГОЁДОГ
-Нийгэмд эзлэх тухайн хүний байр суурь тодорхой хэмжээнд илүү байгааг илтгэсэн урамшуулал юм болов уу.
-Зорилго хүнийг хөтөлдөг байх.
-Хүмүүс намайг загас сайхан шардаг гэдэг. Гэхдээ тухайн цаг үе, үйл явдалтайгаа холбогдоод янз бүрийн хоол хийнэ л дээ. Сүүлийн үед сам хорхой, хясаатай паста гэхчлэн итали хоолонд дуртай болоод байгаа. Харин загасны мах сүүлийн үед бараг идээгүй юм байна. Тэгээд ч Туул голд маань нөгөөх сайхан зэвэг загас ч үгүй болсон нь харамсалтай.
-1993 онд олон улсын “Азийн дуу хоолой” наадмаас гран при авч ирэхэд аав, ээж хоёр минь их баярлаж байсныг мартдаггүй. Тэр наадамд 26 орны дуучидтай өрсөлдөж, тэргүүн байр эзлээд ирсэн охиноо аав маань мөнгөн аягатай сүүтэй угтаж билээ. Тухайн үед намайг эдийн засагч болгохыг хүсэж, дуу хөгжмийг минь ойшоодоггүй байсан аав минь (Тэр үед аавынх нь Төв аймгийн Зуун модод амьдардаг байжээ) тээврийн товчоонд тосож авахдаа сандарч, тэвдэж байсан нь уучлал хүсэж байгаа мэт санагдаж билээ. Тэгэхэд л намайг дуучин болж гэж хүлээн зөвшөөрсөн гэж боддог. Одоо бодох нь ээ, аав хүний ухаан ямар уужуу, агуу байдгийг тэр үед 23-хан настай байсан би сайн ойлгож чадаагүй байх.
-Эмэгтэй хүний хувьд өнгө их чухал. Тиймээс би хар бараан өнгөнөөс зайлсхийж, өөдрөг, тод өнгө сонгодог. Зөвхөн өөрийн хувцас, хэрэглэл гэлтгүй гэр орноо, ширээгээ өнгөлөг байлгахыг хичээдэг. Хувь хүнийхээ хувьд би аз жаргалаар гоёдог. Ер нь өөртөө итгэлтэй байдал, зорилго, тэмүүлэл хүнийг гоёдог.
-Өвөг дээдэс минь ахмад үеийнхнээ хүндэлдэг, уужуу тайвуу, ухаалаг хүмүүс байж. Харин одоо үед ахмадуудаа чин сэтгэлээсээ хүндлэх нь үгүй болж. Тэр бол зүгээр хэлбэр төдий л зүйл болсон. Төр, засгийн зүгээс ч тийм л хандлагатай байна. Залуучуудад илүү анхаарал хандуулаад байх шиг. Залуу үеийнхнээ анхаарахыг буруу гэхгүй ч, миний бодлоор ачааны хүндийг үүрч, амь, амьдралаа эх орондоо зориулж байсан ахмад үеэ илүү халамжилж, хайрлаж, хүндлэх учиртай. Одоогийн залуучууд тэдэн шиг эх орондоо амиа өргөж, цусаа урсгаагүй биз дээ. Ер нь залуу үеийнхнийг чанга, хатуу хүмүүжүүлэх хэрэгтэй гэж боддог. Улс орныг удирдан залж, шийдвэр гаргах хариуцлагатай өндөр албан тушаалд ямар ч туршлагагүй залуу хүн томилж байгааг би буруу гэж боддог. Мундаг сургууль төгсөж, өндөр боловсрол эзэмшсэн байж болно. Гэхдээ туршлага гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй. Өөр нэг зүйл гэвэл, манайд 35-аас дээш насныхан бүр орхигдсон. 40 дөхөөд ирвэл ажилд авахгүй болжээ. Энэ үеийнхэн бүр хэлмэгдэж байх шиг. Яагаад тэднийг ингэж зөнд нь орхиж байгаа юм бэ.
-Сайн мэдэхгүй юм, тодорхой хэмжээнд байдаг л байх.
-Түрүүн хэлсэн дээ, бид нийгмээрээ залуу зандан насыг тахин шүтээд байх шиг. Нас нэмэх тийм аймаар юм биш л баймаар. Ахмад насныхан сайхан харагддаг үе байлаа шүү дээ. Тэгэхээр бид ахмадуудаа хайрлахгүй, хүндлэхгүй байгаа учраас л ийм байдал үүсэж байгаа болов уу.
-Хүмүүст баяр баясгалан өгч, оюун санаа нь гэгээн байж, дотоод, гадаад гоо сайхнаа хамтад нь цогцлоовол түүнийг л сайхан гэх байх.
С.САРАНТУЯА: БИ ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ, БҮТЭЭСЭН ДҮРҮҮДЭЭРЭЭ ГОЁДОГ
-Шагнал бол цаашид хийж, бүтээх урам гэж боддог.
-Ер нь хүсэж, мөрөөддөггүй хүн гэж байхгүй. Тэгэхээр эхлээд хүсэл, мөрөөдөлтэй байж, түүндээ тулгуурлан зорилго тавина. Тэгээд зорилгынхоо төлөө зүтгэдэг. Тиймээс хүн зорилгоо биелүүлэхийн төлөө явдаг болохоор тэр том зүйлдээ хөтлөгддөг юм болов уу.
-За байз, би тооми (шарсан банш) сайн хийдэг юм байна.
-Би айлын том хүүхэд. “Биднийг аав, ээж болгосон анхны охиноо төрөхөд асар их баярлаж байсан” гэж ээж минь үргэлж ярьдаг. Тэгэхээр хорвоод ирснээрээ би тэднийгээ хамгийн их баярлуулжээ. Үүнээс гадна би 1996 онд гавьяат жүжигчин болоход аав минь “Чамд үүнээс илүү хүч чадал байгаа гэдгийг санаж яваарай” гэж билээ.
-Би эзэмшсэн мэргэжил, бүтээсэн дүрүүдээрээ гоёдог.
-Өвөг дээдэс, ахмад үе маань бидний төлөө амиа хайрлалгүй зүтгэж, өдий үетэй золгуулсан. Тэгэхээр бид тэр ачтай хүмүүсийг мартах учиргүй. Ахмад үегүй одоо үе гэж байхгүй учраас тэр эрхэм хүмүүсийг одоогийн залуучууд хүндэлж, өнгөрсөн он цаг, түүхээ мартах ёсгүй.
-Монгол хатан гэхээр арай өргөн, өөр ухагдахуун болох байх. Монгол эмэгтэй хүний ухаан гэвэл бас нэг асуудал. Тэгэхээр монгол эмэгтэй хүний нандин чанар, ухаан надад тодорхой хэмжээнд байгаа.
-Байгалийн жам юм чинь хөгшрөхөөс айх хэрэг юу билээ. Тэрэнд эмзэглэх хэрэггүй л дээ. Хүн бүр л нас ахиж, хөгширнө шүү дээ.
-Сайхан гэдэг маш өргөн далайцтай ойлголт. Миний хувьд гэр бүл хамгийн эрхэм. Тиймээс гэр бүлээрээ элэг бүтэн, эрүүл энх байх хамгийн сайхан юм даа.
Е.САРАНТУЯА: ХҮН АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН ЯВАХ НЬ ХАМГИЙН САЙХАН
-Тухайн хүний хийсэн бүтээсэн ажлыг нь үнэлж, цаашид улам ихийг бүтээх урам зориг бий болгодог том урамшуулал гэж боддог. Хуучин нийгмийн үед шагналыг олон жил хөлс хүчээ шавхаж, өндөр амжилт гаргасан хүнд өгдөг байсан бол өнөө үед танил тал, өнгө мөнгөөр олгодог болсноор үнэ цэнэ, нэр хүнд нь буурч байгаа санагддаг.
-Хүн өмнөө тавьсан зорилготой ажиллаж, амьдарч, түүндээ хүрэхийн тулд хичээдэг шүү дээ. Тиймээс зорилго хүнийг хөтөлдөг гэж бодож байна.
-Найз нар маань миний хийсэн буузанд их дуртай. Тэгэхээр гарын минь брэнд хоол юм болов уу.
-Аав, ээж хоёр минь малчин байлаа. Тэднийгээ тэр болгон баярлуулж чадаагүй байх. Намайг Болгарт Хөгжмийн дээд сургуульд явахад аав, ээж минь хавь ойрынхондоо, орсон гарсан хүмүүст охиныхоо тухай яриад л их бахархаж байж билээ. Би Дуурийн театрт 23 жил ажиллаад Алтан гадас одонгоор шагнуулсан юм. Тэр үед аав минь өөд болсон байсан. Харин ижий минь тэгэхэд их баярлаж байсан даа.
-Би хөдөө, олон хүүхэдтэй айлд төрж, өссөн болоод тэр үү, гоёж гоодох тал дээр жаахан тиймэрхүү. Ер нь багаасаа л тийм байсан. Өөртөө тохирсон энгийн хувцас, эд зүйл хэрэглэдэг дээ. Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэдэг үг байдаг шүү дээ.
-Би социалист нийгмийн үед сурч боловсорч, мэргэжил эзэмшсэн хүн. Тэр үе надад муу муухай байгаагүй, харин ч хүүхэд насны хүмүүжил, зан чанар минь зөв тогтсон. Бид хэдийгээр шинэ нийгмийн тогтоолцоонд орж, улс орон минь сайхан хөгжиж байгаа ч манайханд туйлширдаг нэг муу тал байна. Урдах нийгмээс авч үлдэх сайн талуудыг нь ч тоолгүй, бүгдийг арчаад хаячихсанд харамсдаг.
-Монгол хатдын төр барих ухаан чадвар байхгүй ч, өрх гэрээ аваад явах хатан ухаан байлгүй яах вэ.
-Би нас ахихаас айдаггүй. Хорвоогийн жам юм хойно яах билээ. Хүн насандаа таарсан намба төрхтэй байх нь гоё биз дээ.
-Миний хувьд хүн амьдралдаа сэтгэл хангалуун явах сайхан гэж боддог.