“Никитон” хамтлагийн гитарчин, ая зохиогч, чөлөөт уран бүтээлч Р.Өлзий-Оршихтой ярилцлаа. Тэрбээр ирэх сарын 1, 2-нд тоглолтоо хийхээр тун ч завгүй яваа бөгөөд биднийг уулзах үеэр “New Star” студид “Гурван охин” хамтлагийнхантай шинэ дууныхаа бичлэгийг хийж байсан юм.
-Гитарчин Өөжгий гэхээр таныг уран бүтээлээр тань мэдэхгүй хүн байхгүй. Тэгвэл энэ удаад таны бага нас эцэг, эхийн тань талаар яриагаа эхэлье гэж бодож байна. Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манай аав Булганых, ээж Архангайнх. Аав маань насаараа хилийн цэрэгт ажилласан. Харин ээж хотын худалдааны байгууллагуудад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би эхээсээ наймуулаа. Дээрээ хоёр ахтай байсан ч тэд маань багадаа эндчихсэн юм. Тэгээд л айлын том хүү гэдэг үүрэгт ажлыг хүлээж авсан даа. Бид одоо тавуулаа. Дөрвөн дүү маань бүгд насанд хүрсэн, өөр өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхлээд л явж байна.
–Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Нэлээн сахилгагүй хүүхэд байсан байх даа?
-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн. Миний бага нас хотын төв буюу 40, 50 мянгатад өнгөрсөн. Багадаа нэлээд өвчин ороодог хүүхэд байсан. Жишээ нь, гурван настайдаа менингит тусч байсан бол дөнгөж арван настайдаа олгойны хагалгаанд орж байх жишээтэй. Энэ мэтчилэн болсон болоогүй өвчин тусдаг нэг тийм л хүүхэд байсан юм шиг байгаа юм. Тэр ч утгаараа нэлээд бөөцийлүүлсэн, эрх танхи хүүхэд байлаа. Ингээд дүү нар маань гарсны дараа нэг удаа эмээ маань “Миний хүү уг нь бурхан байсан юм. Сүүлдээ ч буг болж дуусч байх шиг байна дөө” хэмээн хэлж байсан удаатай. /инээв/ Багаасаа л гитар тоглох дуртай байлаа. Тэр үед манай 40 мянгатын орц бүрт л орцны хамтлагууд байдаг байв шүү.
-Орц бүр хамтлагтай юу?
-Тэр үед чинь гитар тоглоод дуулахад цуурайтаад орцны дуугаралт орон зай ихтэй болохоор гоё сонсогддог байсан. Тэр үеийн бүх хүүхдүүд л орцонд гитар барин тоглодог байсан шүү дээ. Ер нь гитар барьж, орцонд дуулж үзээгүй хүүхэд манай 40, 50 мянгатад лав байхгүй байх өө.
-Таны хувьд гитар, хичээл хоёроо хэрхэн хослуулдаг байсан бэ. Хоббигоо хөөгөөд хичээлээ цалгардуулах тохиолдол байдаг байв уу?
-Ер нь бол тэгдэг л дээ. Хүүхдүүд урлаг, спорт гээд нэг зүйлд түлхүү анхаараад эхлэхээр мэдээж сурлагын чанар жаахан буурдаг талтай. Би зургаадугаар анги хүртлээ тасархай онц сурсан юм шиг байгаа юм. Тэгээд зургаадугаар ангиас хойш энэ гитар гэдэг зүйлтэй нөхцчихөөр мэдээж хичээл ном орхигдоод эхэлсэн. Гэхдээ бүүр муудаагүй л дээ. Багш нар “Энэ нөхөр ерөөсөө хичээл хийдэггүй. Уг нь хичээл хийх юм бол онц сурах бүрэн боломжтой” гээд л загнадаг байв. Тэгээд л эцэг эхийн хурал болохоор дандаа хэл ам таталж байдаг. Энэ гитар тоглохоос өөр зүйл мэддэггүй. Хичээл ерөөсөө хийдэггүй гээд л жаахан зэмлүүлэх маягтай байсан. Гэхдээ би аравдугаар ангиа гайгүй төгссөн шүү. Манай сургууль чинь мундаг шүү дээ. Одоо хүртэл сургалтын чанар сайн хэвээрээ байгаа юм билээ. 24 дүгээр сургуулийн багш нарт их загнуулсан ч нөгөөтэйгүүр урлаг, соёлын арга хэмжээ, тэмцээнүүдэд маш сайн оролцдог байлаа. Дүүрэг хоорондын “АСТ”, байгаль орчны хамгаалах гээд янз бүрйин арга хэмжээнд би дандаа урлагийг нь хариуцан ордог юм. Ер нь тэмцээнээс шагналгүй буцаж байсан удаагүй байх аа. Заримдаа ч сургууль руу ороход байдаг “Сайшаал”, “Дохио” гээд хоёр буланд хоёуланд л бичүүлчихсэн. Заримдаа зөвхөн Сайшаал дээр захирлын тушаалаар магтуулж байсан удаа ч байлаа.
-Аль хичээлдээ түлхүү сонирхолтой байсан бэ?
-Би ер нь тооны талын хичээлд дуртай биш байсан ч геометрт нөхцөлгүй дуртай, тасархай онц сурдаг хүүхэд байлаа./инээв/ Мөн түүх, уран зохиол гээд аман хичээлүүдэд гайгүй байсан. Ямар сайндаа л манай ээж тэр үед намайг МУИС-ийн түүх юм уу хуулийн ангид орооч гэдэг байсан юм. Гэвч би элсэлтийн шалгалт өгөөд үсэрчихсэн. Тэр үед улаан шугам гээд айхтар зүйл байлаа шүү дээ. Хэрвээ конкурст тэнцээгүй л бол дараагийн жилийг хүлээнэ. Тэр хооронд юу хийх вэ гэдэг асуудал гарангуут л гитар санаанд орж ирж байгаа юм чинь. Тэгээд л “Соёмбо” хамтлагт гитарчин болоод л тэр чигтээ яваад өгсөн байхгүй юу. Юун нөгөө сурах.
-Та гитар тоглох хоббитой болохоор гитарыг ч сольж өгдөг байсан биз?
-Анх гуравдугаар ангид байхдаа гитар авахуулж байсан. Гэхдээ тэр гитараа зургаадугаар анги хүртлээ нэг их хэрэглээгүй. Харин зургаадугаар ангиас аравдугаар анги төгстлөө нэлээд олон банзан гитар сольсон шүү. /инээв/
-Анхны тайз?
-Анхны тайз бол Пионерын ордных байсан. 1984 оны аравдугаар сард “Солонго” хамтлагтайгаа тэр тайзан дээр гарч байсан санагддаг юм. Банжо, Галт гээд хэн хэн ч гэж байлаа даа, одоо бүр тэднийхээ нэрүүдийг нь ч мартчихаж. Би нэг банзан гитартай. Бид чинь долоо наймуулаа улс төрийн дууны “Солонго” хамтлаг гэж байгуулаад анх тайзан дээр гарахад үхтлээ айж билээ. Тухайн үед Пионерын ордны тайз чинь томдоо ордог. Битүү хүүхдүүд суучихсан. Тэд шоолох болов уу яах бол гээд л бараг хөлийн доор чичиргээ мэдрэгдээд л. Тэгээд хэд гараад эхлэхээр ямар ч цочрол байхгүй болж байгаа юм чинь.
-Дараа нь ямар хамтлагт оров?
-Намайг анх “Солонго” хамтлагт байхад Батболд багш бидэнд хамтлаг гэж ийм байдаг, ингэж дуулдаг гээд л зааж өгч байв. Би чинь тухайн үед басс гитарчин байлаа. Хоёр дахь хамтлагийн тухайд их хөгжилтэй түүх л дээ. 1987 бил үү 1988 он шиг санагдаж байна. Тэр үед Улаанбаатар хотын хамтлагуудын аварга шалгаруулах тэмцээн Залуучуудын соёлын төвд болох тухай зарлал Залуучуудын үнэн сонинд гарсан. Тухайн үед хотын хөгжим сонсдог баахан хүүхдүүд нийлээд ямар ч албан байгууллагын харъяа биш нэг хамтлаг байгуулсан юм. Тэр хамтлагт “Номин” хамтлагийн дуучин Раваа агсан бөмбөр тоглодог, дуучин нь “Элькондор”-ын Цогоо, манай Томоо гээд найз, Микрын Аринболд гээд бас нэг залуу, би басс гитар, Цогтоо, Ука гээд хоёр найз маань соло гитар тоглоод долоо наймуулаа хөлбөмбөгийн баг шиг л олон хүн цуглаад хамтлаг байгуулаад тэр тэмцээнд орж байсан. Тухайн үе чинь үзэл сурталын нийгэм байсан. Бид эхний дуугаа “The Beatles” хамтлагийн “Let it be” гээд дуулж эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгээд дараа нь Бовкагийн зохиосон “Сэтгэмж” гэж дуу дуулсан. Тэр хоёрыг дуулахад тухайн үед шүүгчээр сууж байсан Хаянхярваа гуай та нар болно ор гэхэд нь бид нар гүрийгээд дахин нэг дуулаад тайзнаас хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлсэн гээд хөөгдөөд бууж байсан. Тэр үед хамтлагууд бүгдээрээ форм шиг ёслолын хувцастай. Бид нар аминдаа хувцасаараа ижижлсэж байгаа санаатай ноосон цамц, жинсэн өмдтэй ирээд хөрөнгөтний хоригдлуудын хувцас өмссөн нөхдүүд хаанаас гараад ирэв гээд хөөгдөөд тарж байсан ч энэ бол миний амьдралд гоё дурсамж үлдээсэн.
-Таны ая зохиох авьяас хэзээнээс тодорч эхэлсэн бэ?
-1986 онд “Сэлбэ” пионерын зусланд амарч байгаад нэг дуу зохиосон нь тухайн үед нийтэд их түгсэн. Эхлээд өөрөө дуулдаг байснаа дараа нь манай бүлгийнхэн бүгдээрээ дуулаад тэгээд дараа нь зуслангаараа дуулдаг болсон. Тэгтэл гурван сарын дараа нэг залуу би энэ дууг зохиосон гээд миний зохиосон дууг дуулчихсан сууж байсан. Би гайхааад наад дууг чинь уг нь би зохиосон шүү дээ гээд. Миний үеийнхэн бол мэддэг юм аа. “Чамд хайртай миний сэтгэл, Чам руу тэмүүлэх миний хайр” гээд дууг. Сүүлд Сэрчмаа, Эби хоёр дуулсан. Анхны дуу орцныхонд хит болоод би бөөн баяр болж билээ. Дараагийн дуу гэхэд л 1992 онд гарч байсан бол гурав дахь нь 1996 онд зохиосон “Хайрын бурхан” дуу. Надад гурвын тоо их ээлтэй байдаг /инээв/. Ингэж явсаар 1997, 1998 оноос жаахан идэвхитэй болоод жилд нэгээс хоёр дуу хийж эхэлсэн. Дуу зохиоход хамгийн их түлхэц болсон нь манай “Хөх тэнгэр” хамтлаг байлаа. Хөгжмийн зохиолч Хоовон Энхбаяр, Сахал Пүүжээ ах, Никитоны Баачка байлаа. Мөн “Титэм”-ийн Оогий, Тайвнаа хоёр. Сониноос миний тоглолтод Тайвнаа Оогий хоёр “Титэм” хамтлагаараа ирэх гэж байгаа. Би тэдний гитарыг тоглодог байсан. Тиймээс тэд тэр үеээ дурсаж, тоглолтод маань ирнэ. Мөн дээр нь миний анхны клипт орж байсан “Хөх тэнгэр” хамтлаг маань ирнэ.
-“Хөх тэнгэр” хамтлагийн “Зоогийн газар” дууны клип таны анхны тоглосон клип байсан уу?
-1992 оны хоёрдугаар сард хийж байсан клип. Учир нь миний төрсөн өдрөөс нэг хоногийн өмнө тэр клипний зураг авалтыг шөнөжингөө авч, гэртээ ядарч унах гэсэн хүн ирээд орой нь миний төрсөн өдөр болж байсан юм. Тэр үедээ нэлээд шуугиан тарьж байсан байх аа. Бид их ганган Бачка гоё шар хүрэмтэй, би тамхи татаж байснаа унтраагаад тоглож эхлээд л. Тухайн үедээ монголын залууст маш их таалагдсан клип болж байсан.
Түүний өмнө Дашка бид хоёрын тоглосон алдарт “Охин” клип байна. Тэр клип бүтсэн түүх их хөгтэй. Тухайн үед хөх тэнгэр хамтлаг радиогийн студид шинэ дуугаа бичүүлж байтал гаднаас Ононбат орж ирээд та хоёр гялс зураг авахуулчих гээд телевизийн 600-гийн студид оруулаад хоёр гэрэл тавьж байгаад л зураг аваад явуулчихсан юм. Тэр үед чинь клип ч гэж мэдэхгүй шүү дээ. Болсон уу болсон гээд л. Тэгсэн дараа нь зурагтар гараад. Тэр клипт ажлынхаа хувцастай очоод тоглосон нь ч гоё дурсамж. Хүн бүхэнд залуу насаа дэлгэцэнд мөнхлөх боломж тэр бүр тохиохгүй шүү дээ.
-1980-аад онд үзэл суртал хаалттай тэр бүр дотроо байгаа бүхнийг дуугаар гаргаад байж болдоггүй байсан гэдэг шүү дээ?
-Би бол азтай хүн. Яагаад гэвэл 1989 оноос хойш дуун дээр айхтар хориг тавихаа больсон. Уран бүтээлийн хориг тавих нь нэг бодлын зөв, нөгөө талаасаа буруу байсан. Хориг тавьж байснаар нэгдүгээрт аяны давхцал гэж зүйл ерөөсөө байгаагүй. Гэтэл өнөөдөр бие биенийгээ давтсан аятай дуу маш их гарч байгаа. Хоёрдугаарт энхрий хайрт нам засгийг муулсан юм уу тухайн нийгэмд хориотой сэдвээр дуулах бол нэлээд асуудалтай л байсан. Харин 90-ээд оноос хойш Титэм, Бачка, хөх тэнгэр, би ч тэр чөлөөтэй уран бүтээлээ хийж байсан. Тухайн үед дууны үгт хувьсгал хийсэн хамтлаг бол “Хонх” байсан. “Би ажилгүй хүн”, “Хонхны дуу биднийг сэрээнэ”, “Рашаантын 18” гээд тухайн нийгэмд хэзээ ч дуулагдаж байгаагүй тэр нийгмийн эмзэг сэдвийг хөндөн өөрөөр хэлбэл “Хонхны дуу”-гаараа хувьсгал хийх хэмжээнд хүрсэн шүү дээ. Тэр бол “Хонх” хамтлагийн маш том гавьяа. Түүний замаар бүх хамтлагууд явж эхэлсэн. Миний дуунууд хайрын сэдэвтэй нам засаг руу дайрсан биш болохоор тухайн үед ч гэсэн гайгүй батлагдчих байсан бол уу. Нөгөөтэйгүүр тэр цензур байснаараа тухайн үед гарч байсан дуунууд чанартай, чадалтай дуунууд байсан. Өнөөдөр ямарваа нэгэн хэмжээгээр тэр цензурыг монголын рок, поп ч юм уу, фм радио өөрсдөө тогтоож өгөх хэрэгтэй бол уу гэж боддог. Яагаад гэвэл урлаг ард түмнийг араасаа чирж явах ёстой байтал өнөөдөр хэтэрхий нийгмийн захиалгаар хийж байгаа дуунуудад дарагдчихсан нийгмийн захиалгын хүлээсэнд орчихсон сөрөг талууд ажиглагддаг.
-Арилжааны урлаг, урлагийн бүтээл хоёр дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Би үүнд санаа зовдоггүй. Яруу тод жишээ нь байна шүү дээ. Үзэл суртал тавигдан бүгд чөлөөтэй уран бүтээл хийж болно гэсэн 1990 онд энэ урлаг руу нэг том давалгаа болон бид орж ирсэн. Жишээ нь “Харанга”, “Чингис хаан”, “Хурд”, “Никитон”, “Титэм”, Сараа, Ариунаа гээд л. Өнөөдөр ихэнх нь тайзна дээр үлдчихсэн л байгаа биз дээ. Бид 23 жилийн турш тайзан дээрээ зогсож л байна. Гэхдээ тухайн үед бидэнтэй хамт тайзан дээр зогсож байсан зарим нөхөд маань өнөөдөр тайзнаа алга. Зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, зарим нь бор дарстай нөхөрлөсөн. Гэхдээ урлагтай үнэнч үүнийг арилжааных гэж бодоогүй өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр хийж байсан миний найз нөхөд бүгдээрээ энэ тайзан дээр үлдчихсэн байгаа.
-Таны сэтгэлд хамгийн ойр үлдсэн тоглолт тань юу вэ?
-Энэ миний хоёр дахь бие даасан тоглолт. Би анхны бие дасан тоглолтоо 2002 онд “UB Palace”-ын Концертын их танхимд хийсэн. “UB Palace”-д тоглолтоо хийсэн анхны монгол уран бүтээлч нь бий болсон. Түүнээс хойш олон ч уран бүтээлч тэнд тоглолтоо хийлээ шүү дээ. Хамтран оролцож байсан тоглолтуудаасаа тэр нь сайн энэ нь муухай гэж хэлж чаддаггүй юм аа. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой, дурсамжтай. Магадгүй дараагийн хийх тоглолт маань хамгийн гоё нь байх болов уу. Тэгж л урлагт сэтгэл зүрхээ зориулж дуулбал тоглолт илүү гоё болдог. Миний хувьд дараагийн тоглолт бол ирэх арваннэгдүгээр сарын 1, 2-нд “UB Palace”-д хийх “Best of Өөжгий” тоглолт маань байгаа. Түүнд би бүх сэтгэл зүрхээ зориулж тоглоно. Энэ тоглолтод миний сайн гэсэн 30-аад уран бүтээлээс гадна шинэ дуунууд маань дуулагдана. Мөн өөрөө гитарыг нь тоглосон монголын супер хит дөрөв, таван дуу, монголын мундаг хөгжмийн зохиолчдын бүтээлийг гитарт хөрвүүлж тоглоно. Өнөөдөр хэдийгээр чамтай суугаад ярилцаж байгаа ч миний бүх анхаарал тэр тоглолт руу “UB Palace”-ын тайзан дээр л байна.
Г.Даша
Эх сурвалж: eagle,mn