УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатартай ярилцлаа.
-Тун удахгүй “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Миний санаж байгаагаар энэ таны хоёр дахь дэлгэцийн уран бүтээл байх аа?
-Би өөрөө театрын найруулагч хүн. Кино урлаг гэдэг бол орчин цагт гарцаагүй тэргүүлж байгаа. Тиймээс ч орчин цагийн хүмүүс кино урлаг руу ихээхэн анхаарлаа хандуулдаг болжээ.
Миний анхны дэлгэцийн уран бүтээл “Үл таних эмэгтэй” гэж милодрам байсан.
Харин энэ удаад инээдмийн кино найрууллаа. “Зүүдэнд ч оромгүй явдал” гэдэг нэр Монголын үзэгчдэд их танил, дотно сонсогдож байгаа болов уу. Учир нь энэ кинонд олон хүний амьдралд хандах хандлага, хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Тиймээс ч энэ кино үзэгчдийн зүрх сэтгэлд мөнхөд үлдсэн гэж би ойлгодог.
Эндээс яагаад кинондоо “Зүүдэнд ч оромгүй явдал” гэдэг нэрийг өгөх болсон юм бэ гэдэг асуулт ургаж байгаа биз. Тэгвэл манай кинонд ихрүүдэд тохиодог үйл явдлыг нэг талаас нь харахад байж болох юм шиг хэрнээ нөгөө өнцгөөс нь харвал зүүдэнд ч оромгүй явдал өрнөдөг юм. Энэ утган дээр нь үндэслээд “Зүүдэнд ч оромгүй явдал” гэж нэрлэсэн. Зүүд өөрөө бол нэг бодлын маш замбараагүй боловч заримдаа асар их зөн совинг илтгэж байдгаараа уялдаатай болж байгаа юм. Амьдралдаа тохиолдсон хамгийн гайхамшигтай үйл явдлыг л хүн зүүдэнд ч оромгүй явдал боллоо гэдэг шүү дээ. Эсрэгээрээ зүүдэнд ч оромгүй муу муухай явдал тохиож болно. Гэхдээ бид муу муухай зүйлээс ангид байх учиртай. Тиймээс ч зүүдэнд ч оромгүй сайхан учрал, явдал амьдралд тохиодог юм аа гэдэг санааг л агуулсан бүтээл болсон.
Манай кинонд эцэг, эх нь салсан ихрүүдийн тухай гардаг юм. Тэдний амьдралаар гэр бүлийн үнэ цэнийг харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, элэг бүтэн амьдралын үнэ цэнийг өнөө цагийн залууст ойлгуулахыг хичээсэн. Учир нь орчин цагт гэр бүл салалт, түүнээс үүдсэн “тал” амьдралтай хүүхдүүд олширсон байна. Эхтэй нь эцгийн хайрыг, эцэгтэй нь эхийн хайраар дутаж, түүнийг үгүйлж байгаа хүүхдүүд маш олон бий. Тиймээс ч тэд өсч томорсон хойноо эргээд бусдыг “тал” хайрлаж байна л даа. Тэгэхээр гэр бүлийн үнэт чанар, элэг бүтэн амьдралын үнэ цэнийг ойлгуулахыг хичээсэн.
-Киноны гол дүрийг залуу жүжигчин Б.Энхтүвшин бүтээсэн байна. Нэг талаараа олонд танигдсан жүжигчнийг гол дүрд сонгож болох байсан байх. Тэгэхээр хувьд залуусаа дэмждэг юм байна гэж харагдаад байна ? -Миний нэг бодлого байдаг юм. Хүн бүхэн залуу насыг тойрч бус дайраад өнгөрдөг. Бид гэнэтхэн тэнгэрээс унаад өдий зэрэгт хүрчихсэн юм биш. Энэ бүхнийг даван туулдаг учраас бид залуустаа өгөөмөр хандах ёстой. Өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсээс харамгүй хуваалцахыг хичээдэг. Ер нь Д.Равжаагийн нэг гайхалтай үг бий шүү дээ. Үйл бүхний дээд нь бодох, туурвих, дэмжих. Дэмжих гэдэг бол их чухал зүйл байгаа биз. Тэгэхээр бид залуу үеийнхээ тулгуур, багана нь байх учиртай. Тиймээс ч залуу жүжигчин Б.Энхтүвшинтэй хамтарч ажилласан юм.
-Та олон жүжиг найруулсан. Өөрийгөө хамгийн их шаналгаж, шатааж найруулсан жүжиг чинь аль нь вэ? -Уран бүтээл бүхнийг чи сэтгэл зүрхнээсээ хийдэг л бол тэр бүхэн үлдэнэ. Мэдээж түүнийг нь дутуу хийчихэж дээ гэж бодох үе байна. Яагаад гэвэл хүн өөрөө төгс биш учраас. Гэхдээ дараагийн уран бүтээлдээ алдаагаа давтахгүй байх нь чухал.
Миний хувьд сэтгэлээс гардаггүй бүтээл бол “Тэнгэрийн хүү” жүжиг.
2220 жилийн тэртээх төрт ёсыг, баялаг бахдам сайхан түүхийг тайзнаа амилуулсны дараа үнэхээр кайфтай байсан. Маш их судалгаа хийсэн, үнэхээр завгүй хөдөлмөрлөсөн. Энэ жүжгийг тавих гэж байхад юун зуны амралт. Хүн чинь уг нь зун цагийг ашиглаад нэг сайхан амраад авахыг боддог биз дээ. Гэтэл миний хувьд үнэхээр ийм боломж байгаагүй.
Гэхдээ дараа нь энэ бүхнийг эргээд бодоход зовлон биш жаргал байсан байгаа юм. Энэ бүхэн эргээд надад асар их туршлага, мэдлэг хуримтлуулсан. Арай л булш ухахаас наахнуур судалгаа хийсэн. “Тэнгэрийн хүү” жүжгийг үзсэн үзэгчдийн нүднээс нэг л зүйл мэдрэгдэж байсан. “Би монгол хүн, бид монголчууд” гэдэг омогшил хүн бүрийн харцнаас мэдрэгдэж байлаа. Бид тэнгэрээс заяатай хүмүүс юм байна гэдэг тэр нүдийг л харсан даа.
Магадгүй Гамлет агуу. Гэхдээ тэр өрнийн зохиол. Алс холын Дани улсын тухай, европын соёлыг харуулсан зохиол шүү дээ. Гадны юм гадных л байдаг шүү дээ. Тиймээс бид үндэстний омогшил төрүүлэх тийм бүтээл урын сандаа үлдээх хэрэгтэй.
-“Гамлет” гэснээс надад нэг асуулт байна. Би “Гамлет” жүжгийн хаалтын тоглолтыг үзсэн. Үзэгчийн нүдээр харахад, С.Болд-Эрдэнэ үнэхээр гайхалтай байсан. Харин таны хүсч, хүлээж байсан өөр “Гамлет”-ыг бүтээж чадсан уу?
-Чадсан. Чадсан учраас би өнөөдөр баяртай байгаа. “Гамлет” бол уншихад хүртэл маш түвэгтэй шүү дээ. Уйтгартай, гүн ухааны шинжтэй. Хөврөөд, уншигчид хөтлөгдөж унших зохиол биш. Тиймээс ч миний хувьд энэ зохиолыг яаж сонирхолтой болгох вэ гэж бодсон. Бодож, хүсч байсан дүр гарсан гэж бардам хэлнэ. Ер нь С.Болд-Эрдэнийн бүтээсэн “Гамлет” бол аливаа зүйлд хүлээцтэй, тайван дүр. Аливаа улс орныг удирдаж байгаа хүмүүс ийм л байх ёстой.
-Таны хувьд УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Театраар сонин юу байна?
-Бид “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг тавилаа. Үүнээс гадна УГЗ Д.Баатар найруулагч “Кихот ноён” жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Бид Шекспирийн, Д.Намдагийн зохиолыг тоглож байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн сонгодгуудаас гадна Монголынхоо суутнуудын бүтээлийг тайзнаа амилуулж байна.
Ер нь театр бол урын сангийн бодлогоос гадна нийгмийн хэрэгцээг судлах ёстой. Хүн амын дийлэнх хувийг залуус эзэлж байгаа өнөө үед яах аргагүй тэднийхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээл туурвих шаардлагатай. Тиймээс ч бид инээдмийн жүжгийг тоглохоор төлөвлөж байна. Мөн “Фауст”, “Ромео Жульетта” хоёрын алийг тавих талаар судалж, ярилцаж байгаа.
Үүнээс гадна монгол ардын үлгэрүүдээр хүүхдийн уран бүтээл тавихаар төлөвлөж байна. Ер нь сүүлийн үед иргэдийн үндэсний үзэл сэргэж байна. Энэ бол сайн хэрэг.
Би саяхан нэг баяртай мэдээ сонссон юм. Д.Сосорбарам ах маань маестро гэдэг цол хүртсэн байна. Манай хамтлагууд харь улсад очоод үндэснийхээ урлагаар илүүрхээд, Гранпри шагналыг нь хүртээд ирж. Энэ мэтчилэн ар араасаа театрын болон кино урлаг нь дэлхийн тавцанд гарах цаг нь болжээ. Өнөөдөр манай тамирчид ямар мундаг байна вэ. Тив дэлхийд аваргалж байна шүү дээ. Ялангуяа манай бүсгүйчүүд ямар адтай, азтай, одтой байна вэ. Тэгэхээр урлагийнхан бид ч гэсэн төрдөө тоогдох уран бүтээл туурвих шаардлагатай байна.
-Тэгвэл монгол театр дэлхийд өрсөлдөх боломж байна уу?
-Би бол Монголын театрын уран бүтээлчдийг чадалтай, чадвартай гэж боддог. Гагцхүү бидэнд гарц ховор байна. Тухайлбал, бид “Тэнгэрийн хүү” жүжгээрээ фестивальд оролцох гэхэд хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байгаа юм. Дуучин бол ганцаараа яваад л оролцчихож байна шүү дээ. Гэтэл театр нийлмэл урлаг учраас тайз, гэрэлтүүлгээс эхлээд л маш олон хүний бүрэлдэхүүнтэй явах шаардлага тулгардаг. Энэ бүхэн чинь мөнгө шаардана. Миний хувьд энэ бүх бэрхшээлээс хэрхэн ангижрах вэ гэж бодсоны үндсэн дээр ирэх онд том төсөл хэрэгжүүлэхээр болсон. Камерын жүжгийн уралдаан зарлана. Энэ уралдаанд түрүүлсэн бүтээлийг Урлагийн зөвлөлөөс санхүүгийн асуудлыг шийдэж өгөөд томоохон фестивальд оролцоно. Төрөл жанр чөлөөтэй. Сэтгэлгээний, комеди гээд чөлөөтэй.
-Гэхдээ салбар хариуцсан яам байгуулагдлаа. Нэг үеэ бодвол асуудлаа шийдэхэд харьцангуй дөхөм болсон болов уу?
-Үнэн. ССАЖЯ байгуулагдсанаар бид зовлонгоо тоочих газартай болсон. Тиймээс ч сайд маань урлагийнхантайгаа харьцангуй ойрхон ажиллаж байна. Цаашид олон сайхан ажил хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаа.
Х.Өнөржаргал