Улсын драмын эрдмийн театрын 16 тоот өрөө. Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Мягмарнаран, гавьяат Б.Жаргалсайхан соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын өргөө. Хаалгыг нь тогшлоо. Хариу таг чиг. Дахиад л тогшихоор гараа чиглүүлтэл, ар талд “Та хэнтэй уулзах вэ” гэсэн танил хоолой… Өө, Гамлет, өөрийг тань зорьж ирсэн билээ, би. Өнгөрсөн жилийн өдийд эрхэмсэг хийгээд эгэл даруугаар тайзнаа ёслон байсан Гамлет. Өрөөний чинь үүдэнд өөрийг тань л хүлээн зогсоо минь энэ. Эргээд хартал… Энэ удаа залуу Гамлет маань тариачны болов уу гэмээр хувцастай зогсч байлаа. Харваас жүжгийн сургуулилт дуусаагүй, дундуур нь өрөөгөө “эргэж” яваа бололтой.
-Таныг, Гамлетыг зорьж ирлээ. Ярилцлага авах гээд л…
-Зориод ирсэн хүнийг чинь үүднээсээ буцааж болохгүй биз дээ. Орцгооё. Манай өрөөнийхөн бэлтгэл сургуулилтаа базаагаад завгүй л яваа.
-Та энэ удаа ямар дүрээр өмнө минь зогсч байна вэ?
-Дон Кихотын гахайчны дүр ш дээ. Манай театр энэ жилийн үзвэрээ Сервантесийн “Кихот ноён”-оор нээж байгаа. Мундаг бүтээл л дээ. (Илүү дутуу оршил ч байсангүй. Бидний ярилцлага ингээд л эхэлчихлээ. Ярилцлагын зочин маань УДЭТ-ын жүжигчин С.БолдЭрдэнэ гэдгийг уншигч та тааварласан биз ээ)
-УДЭТ-ын өнгөрсөн жилийн нээлт бол үнэхээр дуулиан шуугиантай байсан. Театр өнгөрсөн жил хөшгөө драмын бүтээлийн ноён оргил “Гамлет”- аар нээж байлаа. 31 жилийн дараахь Гамлетыг харин та амилуулсан. Миний бодлоор бол та Гамлетыг үзэгчдийн сэтгэлд сийлж чадсан байх аа.
-Баярлалаа.
-Та даруухнаар биш үнэнээр нь хариулаарай. Та өөрийн хэмжээнд Гамлетыг төгс бүтээж чадсан уу?
-Ер нь бол чадах чинээгээрээ гаргасан. Гамлетын маш олон янзын хувилбарууд байдаг. Дэлхийн олон театр энэ жүжгийг өө- рийнхөөрөө тавьж байсан. Олон жүжигчин өөрийнхөө- рөө амилуулж байсан. Дэлгэцийн ч олон бүтээл байна. Манай нэрт жүжигчин Л.Жамсранжав гуайн Гамлет ч байна. Бүр гүн ухааныг нь орхиод зөвхөн боевик хэлбэрээр найруулсан Гамлет ч байна. Энэ бүхнийг судалж байж өөрийн гэсэн Гамлетаа бүтээсэн. Их агуу бүтээл юм даа. Одоо эргээд харж байхад дутуу хийсэн, энийг нь ингэчихдэг байж дээ гэмээр зүйл гарч ирээд л байдаг юм. Дундаршгүй их цар хүрээтэй, сонгодог зохиол болохоор ч тэгдэг байх.
-Даруухан бишээр хариулаарай гээд байхад л танаас даруухан хариулт ирчихлээ. Магадгүй жилийн өмнө, яг энэ жүжгийн гол дүрийг бүтээгээд хөшиг хаагдах тэр агшинд би танд энэ асуултаа тавьсан бол арай өөр хариулт авах байсан юм болов уу. Тэр гаслант эрийн, дурлалт ханхүүгийн, өшөө авагчийн эмоцийг халуунаар нь мэдрэх байсан юм болов уу?
-Магадгүй л юм.
-Бидний хувьд бас азтай юм. Эрдмийн театрынхаа тайзан дээрээс хоёр дахь Гамлетыг үзлээ. Амьдаар нь харна гэдэг шиг. Харин Л.Жамсранжав гуайн тоглолтыг бол амьдаар нь харах хувь дутлаа л даа. Та дүрээ судалж байхдаа мэдээж хамгийн түрүүнд монгол Гамлетаа барьж авсан байх. Л.Жамсранжав гуайгаас юугаараа өөр Гамлетыг та бүтээсэн бэ?
-Жүжгийн нэг онцлог нь өөрөө өөрийгөө толь болгож харж чаддаггүй л дээ. Кино бол харж чаддаг. Гамлетын дүрээ авчихаад би Нармандах эгчтэйгээ уулзсан. Л.Жамсранжав гуайн тухайн үед ажиллаж байсан дэвтрийг нь гуйж аваад уншиж байсан. Гамлет дээрээ маш нямбай, нягт ажиллаж байсан нь шууд анзаарагдсан. Тоглолт болгоныхоо дараа, сургуулилт бүрийнхээ дараа дүгнэлт хийгээд он сараа биччихсэн байсан. Өдөр болгон тэмдэглэл хөтөлж байсан юм билээ. Цөөхөн тоглогдсон байгаа юм. Ер нь тэгдэг юм байна лээ л дээ. Орост ч гэсэн. Сардаа нэг юм уу хоёр тоглоод л болдог. Тэр жишээнүүдийг хүртэл дурдаад биччихсэн байсан. Тэр үеийн Гамлетын тавилт гэхэд л тайз нь гэхэд Шекспирийн үеийнх мэт сэтгэгдэл төрүүлэхээр байгаа юм. Хувцаслалт нь зохиолчийн үеийн хэв маягаар. Бид ази хүмүүс болохоор мэдээж европууд шиг харагдахгүй. Биеийн онцлог байна. 31 жилийн дараа харин Н.Наранбаатар найруулагч маань тавихдаа Азийн хөрсөндөө аваачсан л даа. Хувцаслалт, тайз засалт энэ бүхнийг сэтгэмжлэн өөрчилсөн. Дүрийн хувьд Гамлет бол сэтгэлийн асар их зөрчилдөөнтэй хүн байхгүй юу. Ёс суртахууны асар өндөр хэм хэмжүүрт баригдчихсан тийм өшөө авагч гэж ч тодорхойлсон байдаг л юм. Өшөөгөө авах гэхээр өөрийн асар өндөр ёс суртахууны хэм хэмжээ нь бариад болдоггүй. Яг энэ талыг нь илүү түлхүү барьж дүр дээрээ ажилласан л даа. Тэгээд илүү ритмтэй тавихыг хичээсэн. Гамлетыг зохиолоор нь уншихад бас их сонин ш дээ. Гамлет бол өөрөө жирийн хүмүүсээс хамааг үй өндөрт гарчихсан тийм ёс суртахуунтай хүн. Сонгодог зохиолыг уншаад, үзээд ойлгодоггүй, уйтгартай гэх хүмүүс байдаг. Тийм биш юм аа. Хүнд хүрэхгүй бол сонгодог байгаад яах юм, тийм үү. Аль талаас нь яаж ойлгуулах вэ. Ялангуяа залууст сонгодог зохиолыг яаж хүргэх вэ гэдгийг манай найруулагч их эрж хайсан л даа. Аль болох ритмтэй, хүмүүсийн сонирхлыг татах гэж хичээсэн нь ч оносон байх гэж бодоод байгаа.
-Н.Наранбаатар найруулагч “Хэрвээ БолдЭрдэнэ байгаагүй бол би Гамлетыг тавихгүй байсан” гэж хэлж байсан гэнэ лээ. Найруулагчийн нүдэнд бол энэ цаг үеийн цорын ганц Гамлет нь та л харагдаж. Харин өөрийн тань хувьд надаас өөр хүн байгаа юм биш байгаа гэсэн эргэлзээ төрж байсан уу?
-Сонгож авсан найруулагчийн шийдэл бол хамгийн чухал. Би бас нэг талаараа азтай хүн. Намайг театрын ерөнхий найруулагч маань Гамлет гэж харснаараа би азтай болж байгаа юм. Энэ бол хэн хүнд олдоод байдаг дүр биш шүү. Яахав Наранбаатар бид хоёр найз л даа. Харин найзын хувиар биш, найруулагчийн нүдээр, уран бүтээлчийн нүдээр намайг Гамлет гэж харсан нь маш сайхан зүйл байлаа. Нэг талаар аз завшаан мэт боловч нөгөө талаар шууд тэгж хэлж бас болохгүй байгаа юм. Яагаад гэхээр надад нэг юм, Гамлетыг амилуулж чадахаар авьяас байгааг найруулагч олж харсан хэрэг байх нь байна шүү дээ. Мэдээж жүжигчин бүрийн дотор л Гамлетад тоглох юмсан гэсэн хүсэл байдаг. Дэлхийн олон жүжигчин Гамлетад тоглоод нэр алдар нь өсч байсан түүх ч байна, эсрэгээрээ нуран унаж байсан гашуун сургамж ч байна. Би бол эргэлзээгүй ээ.
-Найруулагчийн хувьд эргэлзээгүйгээр Гамлетаараа таныг сонгосон. Харин та өөрийгөө Гамлет гэж хэзээ мэдсэн юм бэ?
-Түрүүнд би хэлсэн дээ. Жүжигчин болгон л Гамлетад тоглох юмсан гэж хүсдэг. Наранбаатар бид хэд ярьдаг байсан л даа. Чамайг дөчин нас хүрэхээс чинь өмнө Гамлетыг найруулчих юмсан гээд л тоглоом шоглоомоор Наранбаатар маань ч хэлдэг л байсан. Уран бүтээлийн яриа өрн үүлэхэд ч ийм яриа гардаг байсан. Яг Гамлетыг тавихаар боллоо гэхэд ч Наранбаатар надад “Гамлет бол чи шүү. Бэлдэж байгаарай” гэж хэлж байсан.
-Саяхны нэг ярилцлагыг чинь харж байхад та том дүр авах жүжигчин хүнд аз жаргал хийгээд стресс, шаналал зэрэг авчирдаг гэсэн байсан. Гамлетыг авчихаад та ер нь хэр их шаналсан бэ. Өөрийгөө хэр их мэрсэн бэ?
-Шаналсаан шаналсан. Нервний ш дээ бас л. Нэг жүжиг тавина гэдэг маш олон шат дамжлагаар орж байж үзэгчдэд хүрдэг. Тэгээд эхний шалгалтуудыг давсны дараа л “За даа, ханатай явж байгаа юм байна даа” гэж тайвширч байгаа юм чинь.
-Гамлет тавигдсан газар болгон л дуулиан шуугиан дагаж байдаг юм гэнэ ээ. Том бүтээл мөлж үүртэй ч байдаг биз дээ. Найруулагчаас нь эхлээд олны хэсгийн жүжигчдийн тухай хүртэл ярьж л байдаг. Таныг Л.Жамсранжав гуайтай, А.Ганчимэгийг Н.Сувд гуайтай ч жишиж магтах цагт нь магтаад, шүүмжлэх үед нь шүүмжилж байсан. Энэ бүхэн танд хэр дарамт авчирч байсан бэ?
-Хэцүү ш дээ. Үнэхээр хүнд. Гэхдээ харьцуулалт хийхээс ч аргагүй юм байна л даа. Энэ бол агуу бүтээл. Хүссэн нь найруулаад, хүссэн нь тоглочихдоггүй. Жишээ нь, манай хойд хөрш байна. Театрын агуу их үүх түүхтэй. Маш олон Гамлет тавигдсан байдаг юм. Энэ жүжгийг тавьсны дараа хү- лээн зөвшөөрөх хийгээд үл зөвшөөрөхийн асар их урсгал жүжигчдэд ирдэг юм байна. Нийгэмд нь ямар нэгэн тэсрэлт бий болохын өмнө энэ жүжиг тавигддаг гэдэг ч юм уу.
-Анхны Гамлетыг тавьсны дараа драмын театр 31 жилийн өмнө академик гэдэг цолоо авч байсан юм гэнэ билээ. Харин хоёр дахь удаагийн Гамлет театртаа юу авчирсан бол. Гол дүрийн жүжигчдэдээ, тухайлбал танд юу авчирсан бэ?
-31 жилийн өмнө театр маань эрдмийн гэдэг цолоо энэ жүжгээр баталж байжээ. Бидний үед тавигдахдаа залуу халаагаа бэлтгэсээр байна, эрдмийн цолоо баталсаар байна гэдгийг харуулсан юм болов уу даа.
-Театрын хувьд тийм байдаг байж. Энэ том дүрийг амжилттай бүтээсэн танд алга ташилтаас өөр юу ирсэн бэ. Эрдмийн зэрэг цолоороо багш нар нэмэгдэл авдаг шиг ийм дүр бүтээсэн жүжигчний цалин жишээ нь нэмэгддэг юм уу?
-Байхгүй ээ. Манай театр чинь төсвийн байгууллага. Тиймэрхүү нэмэгдэл энэ тэр бол байхгүй. Гэхдээ тухайн үед өөрсдийн боломжоороо мөнгөн урамшуулал өгч, цалингаар урамшуулж байсаан. Тогтмол цалин хөлс нэмэгдэнэ гэж байхгүй л дээ. Гамлет маань надад мөнгө төгрөг гэхээс илүү “Мөнгөн мод” авчирсан. Салбарын маань хамгийн том шагнал шүү дээ.
-Төрийн одон медаль авчраагүй юу?
-Авсан ш дээ. Алтангадас одонгоор энгэрээ мялаалгасан.
-Нээрэн тийм. Ээжтэйгээ нэг өдөр шагнуулж байсныг тань санаж байна.
-Тийм ээ, ээжтэйгээ хамт нэг өдөр төрийн одонгоор шагнуулах сайхан л юм билээ.
-Танайхан бүгд урлагийн хүмүүс байх аа. Аав тань найруулагч, ээж тань жүжигчин, бас том эгчийг тань жүжигчин гэдгийг хүмүүс мэдэх байх.
-Манай аав Сугар гэж урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор хүн байна даа. Top of Form Одоо СУИС-д багшилдаг. Хүүхэд залуучуудын театр гэж байхад аав маань тэнд найруулагчаар ажиллаж байлаа. Дундговь аймгийн театрт ажиллаж байлаа. Ээж маань бас жүжигчин. Эгч маань жүжигчин, ах хөгжимчин. Нэг эгч маань л өөр мэргэжилтэй. Бусад нь бүгд урлагийн хүмүүс байна. Сая Болормаа эгчийнхээ бичсэн зохиолоор би “Хөлтрөг” хэмээх кино найрууллаа. Удахгүй дэлгэцэнд гарна.
-Триллер гарчихсан байсныг харсаан. Хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Энэ сарын 8 гэж товлоод байгаа.
-Театрын энэ их ажлын хажуугаар яаж зав гаргаж кино найруулав?
-Ерөнхийдөө амарч байх хугацаандаа л киногоо хийсэн дээ. Манай театр зун амардаг. Тэгээд долдугаар сарын 20-ноос сар гаруй зураг авалтаа хийсэн. Ихэвчлэн хөдөөгүүр зурганд гарсан.
-Дэлгэцийн олон кинонд тоглосныг тань мэднэ. Харин найруулагчийн хувьд анхны бүтээл “Хөлтрөг” болж байна уу?
-Тийм. Ер нь би кинонд их дуртай л даа. Чөлөөт цаг гарвал кино үзээд л суучихна. Дотроо шүүж тунгаагаад л. Тэгээд кино хийх юмсан гэж мөрөөддөг байлаа л даа. Зохиолыг нь Болормаа эгч өнгөрсөн жил биччихсэн байсан. Бодож тунгааж байгаад чадан ядан хийлээ. Нэлээд өвөрмөц кино болсон болов уу л гэж найдаж байгаа.
-Сэтгэхүйн драм гээд байгаа бил үү?
-Драм тал руугаа хийх гэж оролдсоон. Гэхдээ би нэг их айхтар кино судлаач биш юм. Өөрийн хийх юмсан гэж хүсч явдаг тэр зүйлээ “Хөлтрөг”-т харуулахыг хичээсэн. Төрөл жанрыг нь бол кино судлаачид л хэлэх байх.
-Өөрийн тарьсан үйлийн үрээс зугатаах юм шиг андуурахын хэрэггүй гэсэн үгийг эшлэсэн байсан. Киноны гол агуулга энд зангидагдаж байна уу?
-Богд Зонхавын хэлсэн сайхан үг л дээ. “Өөрийн тарьсан үйлийн үрээс зугатаах юм шиг андуурахын хэрэггүй. Өрөөл бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй” гэж. Энэ үгийг бид киноныхоо малгай үг болгосон. Манай киноны утга санааг энэ өгүүлбэр илэрхийлэх болов уу гэж бодоод байгаа. Нөгөө талаар бас эх үрийн нандин холбоог харуулахыг зорьсон. Эх үр хоёр хичнээн хол байсан ч зөн совингоороо хагацдаггүй юм байна гэдгийг кинондоо харуулахыг хичээсэн дээ.
-Борооны дараах мөөг шиг гэж ярьдаг даа. Яг түүн шиг олон кино гардаг боллоо. Таны кино юугаараа ялгарч чадах бол?
-Онцлогууд байгаа. Нэг онцлог нь гэхэд зураг авалтыг ихэвчлэн шөнөөр хийсэн. Дотор орохоороо гэрэл асаадаг ш дээ. “Хөлтрөг” дээр бол дандаа дэнлүү, лаа асааж ажилласан. Тусгал энэ тэр нь их нарийн болж ирдэг ч дэнлүү лаагаар гэрлээ гаргахад нэлээд ажиллагаа шаарддаг л даа. Жүжигчний тоглолтын хувьд ер бусын байдалд орсон хүн хэрхдэг вэ гэдгийг эндээс харах байх. Киноны үйл явдал маань ердөө л 24 цагийн дотор өрнөдөг.
-Драмын театрын хамгийн авьяаслаг жүжигчдийн нэг гэж таныг хүмүүс хардаг. Кино хийчихлээ, кинонд тоглолоо гэхээр хармын сэтгэл төрөөд байдаг шиг байгаа юм. Театраас явчих вий дээ. Тайзнаас дэлгэц рүү урвачих вий дээ ч гэдэг юм уу. Энэ киног амжилт авчирч магадгүй гэж хэлж байх хэд хэдэн кино сонирхогчтой би таарсан. Та кино урлаг руу урвачих юм биш биз дээ?
-Жүжигчин хүний ур чадварыг хамгийн сорьдог газар бол театрын тайз шүү дээ. Холливудын мундаг одод жишээ нь яаж байна. Жаахан формоо алдаад ирэхээрээ театрын тоглолтод оролцчихож байх жишээний. Тэгж өөрийгөө цэнэг авахуулдаг байх нь байна ш дээ. Театр бол хүнийг их авьяасыг нь гаргаж, хурцалж байдаг, шавхаж байдаг тийм л газар. Театраасаа би явахгүй ээ. Гэхдээ бид төсвийн байгууллагын ажилтнууд. Цалин мөнгө ямар билээ, бүгд л мэдэж байгаа. Театрынхан маань энэ бүхнийг бодолцоод биднийг бас дэмждэг. Хувийн уран бүтээлээрээ аж амьдралаа зохицуулах хэрэг ч гардаг.
-Та рекламд тоглодог уу?
-Тэр болгон тоглохгүй ээ. Санал ирдэг л юм.
-Драмын театрын жүжигчин найруулагчид маань ахуйн барааны рекламд тоглоод явж байх нь нэг их таашаалтай харагддаггүй болохоор асуусан юм аа.
-Тийм ээ, магадгүй. Академик театрынхан арай илүү цензуртэй байх ёстой байх. Гэхдээ яг энэ цаг хугацаанд хэтэрхий тэгж харах нь хэцүү л дээ. Тэр хүн чинь ар гэртэй, амьдралтай. Орлого олох хэрэгтэй. Академик театрынхан рекламд тоглож болохгүй гэдэг ч юм уу хэт туйлширч болохгүй байх л даа. Мэдээж ариун цэврийн хэрэгсэл, 00-ын цаасны рекламд тоглоод байх нь харин хаашаа юм.
С.Ононтуул