Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Салхиар дуулагч” хэмээх нэртэй энэ уралдаанд Монголоос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, ӨМӨЗО, Тува улсын 100 орчим хөөмийч оролцож байна. Монгол туургатны хөөмэйн анхдугаар уралдааны нэгдүгээр шат 19-нд боллоо. Монгол хөөмэйг 2010 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэснээр манай улсыг дэлхийд сурталчлах нэрийн хуудас нэгээр нэмэгдсэн.
Монгол хөөмэй хэмээх гайхамшигт урлагийг тээж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлж, хадгалан хамгаалж яваа уран бүтээлчид авьяас чадвараа нээн илрүүлж, харилцан бие биенээсээ сурч судлахаар цугласан нь энэ. Хөөмийчид шилдгээ шалгаруулахаас гадна тулгамдсан асуудлаа хэлэлцэж, төр засагт дуу хоолойгоо хүргэх давхар зорилго тавьсан гэж Монголын хөөмэйн холбооны тэргүүн А.Цэдэн-Иш ярилаа.
Монгол түмний уламжлалт язгуур урлаг хөөмэйг урлагийн нэг төрөл хэмээн үзэж, 1954 онд тайзнаа гаргажээ. Ховд аймгийн урлагийн үзлэгээр Сэтэвийн Цэдээ гэж хүн анх хөөмэйлж, урлагийн тайзнаа гаргасан гэж үздэг. Түүний хөөмэйлэхийг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Д.Лувсаншарав гуай урлагийн мэдрэмжээр хүлээн авч, Улаанбаатарт болох урлагийн наадамд авчирсан байна. Тэр наадамд анх Алтайн магтаалыг хөөмэйлж, шалгарчээ. Үүний дараа БНХАУ, БНСУ-д Монголоос анх удаа айлчлан тоглолтоор явж, хөөмэйн гайхамшгийг хилийн чанадад сурталчилсан гавьяатай хүн байв. Энэ тухай хөөмэй судлаач, доктор Энэбишийн номонд өгүүлсэн байдаг аж.
Ирэх онд монгол хөөмэй урлагийн төрөл болон хөгжсөний 60 жил, С.Цэдээ агсны мэндэлсний 90 жилийн ой болно. Монгол туургатан хөөмийчид язгуур урлагаа сурталчлан таниулах энэ удаагийн наадамд идэвхтэй оролцож байна. Азийн соёл харилцаа, хөгжлийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй монгол туургатны хөөмэйн анхдугаар уралдаанаас шалгарсан уран бүтээлчдийн гала тоглолт өнөөдөр 15.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Наадмын ерөнхий шүүгч, СУИС-ийн багш Б.Одсүрэнгээс хөөмэйн урлагт тулгамдсан ямар асуудал байгааг тодруулахад, Монгол хөөмэйн холбоо бий болсноор хөөмэйн урлагийг хадгалан хамгаалах, хөгжүүлэх талаар багагүй үйл ажиллагаа явуулж байна. Хөөмэйлэх нь урлагийн хүнд төрлүүдийн нэг. Тиймээс гоцлол хөөмэйчин 20 жил ажиллаад тэтгэвэрт гарах ёстой. Гэтэл албан байгууллагууд хөөмэйчин ажилд аваад дуучны орон тоон дээр ажиллуулаад байгаа нь буруу. Хөөмэйлнэ гэдэг дуулахаас хүнд, дээр нь цалин багатай. Тиймээс залуучууд гадаад руу олноороо явах боллоо. Засаг төрөөс анхаарал тавьж, хөөмэйчдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх хэрэгтэй байна” гэж ярилаа.
www.URLAG.mn