Өглөө босоход баруун нүдний дээд зовхи хэдэнтээ татав. Баярлах нь дээ гэж бодоод сэтгэл сэргэмэр аядахад, “Заа… одоо ч юунд баярлахав дээ” гэсэн гуниглангуй бодол зурвасхийв. “Нээрээ…, би юунд баярлах юм бол! Би яг одоо юунд баярлах юм бол…! Яавал би баярлах юм бол…! гэж өөрөөсөө хэдэнтээ асуулаа. Гэвч надад баярлах зүйл байсангүй. Бараг л байхгүй… Хэнтэй уулзаж, ярьж хөөрөх, хэнээс ч ямар бэлэг авах, юу ч авах юм бэ дээ…! Баяр ёслол, ажил төрөл, уран бүтээл, гавъяа шагнал бүгд миний баярлах шалтаг биш. Эдгээр зөвхөн миний амьдралын хэрэгцээ, хүнийхээ хувьд нэгэн хэвийн үргэлжилсэн амьдрал, үйл ажиллагааны урсгал ч байж магадгүй юм.
Харин бурхан болсон аав, ээж хоёртой минь уулзуулна гэвэл миний хувьд бүр өөр хэрэг л дээ. Надад хамгийн дээдийн дээд баяр болох нь мэдээж байлаа. Гэвч даанч тийм юм болохгүй л дээ. Ер нь боломжгүй л зүйл тэр байх л даа. Өглөө яг л урьдын адил нэг хэвийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, би хувцсаа өмсөөд ажилдаа явлаа. Хотын гудамжаар машинуудтай түгжирч, тагжирч байж арай л гэж ажилдаа хүрээд, тэрийг энийг гэсээр байтал үдийн цайны цаг болчихжээ. Утас дуугарч байна. Миний хайртын нэр, зурагтайгаа, утасны дуудлага дээр анивчиж харагдлаа…
– Байна уу?
– Байна…
– За яасан бэ? Ямар хэрэг гарав? гэж би асуулаа. Над руу залгаж ярих хүмүүсийн дийлэнх нь заавал чухал хэрэг гарахаар утасддаг болохоор би “За яасан, юу болсон, ямар хэрэг гарав…” гээд л шуудхан асуучихдаг зантай.
– Миний хайраа гараад ир. Хайр нь танай ажлын үүдэнд ирсэн байна. Би амандаа “Миний хайр…, миний хайр…, миний хайр…” гэж хэдэнтээ аяархан хэллээ. “Сайхан санагдаж байна шүү. Яахав дээ, ийм дулаан үг сонсоогүй удсан ч байж магад” гэж дотроо бодож амжив.
– Яасан, юу болов… гэж эргэлзэнгүй асуух зууртаа, “Гадуур явах ажил байгаа аж дээ” гэж өөртөө хэлсэн ч, “овоо доо, өнөөдөр надад цаг, зав, бас сэтгэл гаргаж байх чинь” гэж санаад баярламаар аятай болоод ирэв.
– За…, одоохон… гэж хэлэхдээ хувцсаа шүүрээд гарлаа.
Бид хоёр явсаар өндөр зэрэглэлтэй гэх ресторанд орлоо. Хүн багатай, амьд хөгжим тоглодог бололттой тайзтай, аятайхан газар байв. Хэзээ ч билээ, найз нөхөд, хамт олонтойгоо орж ирсэн л юм байна даа гэж бодоод эргэн тойрныг хэрэгтэй юм шиг сайн тойруулж харлаа. Хөгжим намуухан эгшиглэнэ. Бид хоёр урд урдаасаа хараад ширээнд суулаа. Миний хайр над руу дулаахан харж байснаа
– Хоолоо захиалах уу? гэхэд, би үгээ зөөн
– За… Ямар хоол идвэл зүгээр вэ? гээд сунжруулан хэлэхэд:
– Миний хайр сонгоод захиалчих!
– За тэгье… гээд би өөрийн хүсэл биш, хайрынхаа юунд дуртай билээ… гэж үглээд хоолны цэс сонирхон эргүүллээ. Тэгж байгаад нэг хоол захиалсан юмдаг. Ямартай ч өөрсдөө шарж, хайрч иддэг нь сонирхолтой санагдаж, би цай, хоолоо аягалж, нэг нэгнийхээ аманд шарсан махнаас хийж “Солонгос кинонд ингэдэг юм билээ” гэж инээлдсээр, хөгжилтэйхөн хооллож суухад, ширээний дээгүүр доогуур гар, хөл, өвдөг, тохой шүргэлцэхэд хэн хэнд нь тийм хачин санагдсангүй. Хоолны даруулга болгож жаахан дарс ууж, элдэв зүйлийн тухай ярилцаж байтал, шинэ уран бүтээлч бололтой танихгүй залуу гарч ирээд, бүгдэд нь мэхийн ёсолж, сайхан хооллохыг ерөөгөөд, өөрийнхөө шинэ уран бүтээлээс сонирхуулж байна. Төгөлдөр хуурын товчлууруудаар хуруунууд нь чөлөөтэй дэгдэхдээ, сэтгэлээр дүүрэн аялгуу цацаж, тэр аялгуундаа өөрөө бас уусаж, ертөнцөөс алс хол тасарч буй тэр залууг хараад ямар эрхэмсэг, ямар тэнгэрлэг юм бэ? гэж бодсноо өөрийн эрхгүй сүүрс алдчихав.
Тэр залуу, тэр залуу гэснээс нэрийг нь сонсоогүй ч юмуу, нэр нь эсвэл шаардлагагүй байсан уу, ямар ч байсан нэрийг нь мэдээгүй юм. Мэдэхийг ч хүссэнгүй гэх үү дээ. “…Хайрын бороо, хайрын бороо, хайрын бороо…” гэж дуулахад, Н.Батжаргалын шүлэг, С.Насанбуян багшийн хөгжим “Хайрын бороо” дуу байлаа. Тиймээ, энэ дууг аялгуу хийгдсэн тэр өдөр, Даймай бид хоёрыг дуудаж билээ. Найрагч маань өрөө дуулаад, Насаа багш төгөлдөр хуур тоглоод, бид дөрөв уран бүтээлийн ширээний ард хундага тулгаж л байснаа саналаа. “Хайрын бороо” дууг бичих намтар, түүхийг нь хүртэл сонссон. Эргээд сонсоход сайхан дуу болжээ.
Нуулаа ч, сэмхэн нуугдлаа ч
Нулимс шиг энхрий хайр байдаг аа
Намуун бороонд мишээж ургасан
Наран дагина шиг бүсгүй байдаг… Энэ дуучин залуу хүн гэхэд мөн ч сайхан амьдруулж дээ…, тиймээ… гээд бид хоёр ярилцах зуур миний хайр гараас минь барилаа. Дулаахан алгаараа гарыг минь атгахад сэтгэлийг минь барилаад, илэх шиг болоход дулаацах шиг мэдрэмж төрж байна. Гараас хөтөлсөөр бүжгийн талбай руу хоёулхнаа гарлаа. Их зөөлөн мөртлөө маш чанга тэвэрч, нэгэн хэмд найган ганхаж, бүжиглэж байснаа хацар, эрүү, духаараа шүргэлцээд, нэг л мэдэхэд бид хоёр өөрийн мэдэлгүй үнсэлцээд зогсож байв. Ямар сайхан юм бэ? Үгээр ч хэлж боломгүй мэдрэмж төрөөд… Би тэр чигтээ хөөрч ч байгаа юм шиг, хацар халуун оргиж, бие халуун дүүгээд, нэг л сайхан болчихлоо. Ямар сайхан юм…
Ичлээ ч, гэнэхэн ичээлээ ч
Инээд шиг илхэн хайр байдаг аа
Уянгын бороонд дэлгэрч ургасан
Удвал цэцэг шиг бүсгүй байдаг…, …Ямар сонин юм бэ? Гучаад шахуу жил амьдрахдаа, дөрвөн хүүхдийн аав, ээж бололцчихоод үнсэлцэж үзээгүй л баймааргүй юм. Одоо бүр хоёулаа тав дахь хүүхдийнхээ тухай ярилцаж, хүү, охин, чамайг дуурайсан, үгүй намайг дуурайсан… гээд булаалдаж байгаасан. Үнсэлт, үнсэлт, үнсэлт… гэж тийм сайхан юм байдаг. Зүрх минь маш хурдтай цохилж, дахиад цаашаа хичнээн жил ч боллоо ч ганцхан чинийхээ төлөө амьдрах л юм байна гэж хэлнэ. Миний нүд, чих, хамар, хүзүүгээр зөөлөн амьсгал хөвнө. Биеийн үсний ширхэг бүрийг тоолж, түүний амьсгал аяар аяархан цохиж хөндөхөд, сэтгэл хөндүүрлэж байна. Тэр гэхийн аргагүй тансаг мэдрэмж, тийм гэхийн аргагүй нандин, эрхэмсэг мэдрэмж… Би нүдээ нээхийг ч хүссэнгүй, удаан…, удаан…, дахиад жаахан удаан…, энэ дуу, тэр хөгжим битгий дуусаасай… гэж бодно.
Дууллаа ч, аргадан дууллаа ч
Дурсамж шиг цэнхэр хайр байдаг аа
Аясхан бороонд гэрэлтэж ургасан
Аялгуу нүдэн бүсгүй байдаг…
Миний зүрхэн дээгүүр төгөлдөр хуурын товчлуурууд хөнгөнхөн хөнгөнхөн дэгдээд, бүр гүйгээд одохдоо сэтгэлийн минь тэр нандин утсыг ав аяархан, нам намуухан, сэм сэмхэн цохиж хөндөөд алга болох шиг… Ямар зөөлөн харц, ямар энхрий харц, ямар нандин харц вэ? Надад хайртай, маш их хайртай, бүр илүү их хайртай сэтгэлийг, би тэрхүү харцнаас олж харлаа. Миний алаг нүдэн, Миний алаг нүдэн хайраа, Миний хайраа… гэж чимээгүйхэн шивэгнэлээ. Би хаана ч, хэзээ ч олж мэдрээгүй тэр л сайхныг хүртэж байх шиг болов. Бурхан минь баярлалаа. Чамдаа ч баярлалаа. Битгий дуусаасай, битгий л дуусайсай даа. Бурхан минь… гэж бодож байтал гэнэтхэн хүмүүсийн нижигнэсэн алга ташилт, “Браво браво, гашуун байна, найсе…” гэж энд тэндгүй орилж байлаа. Бид хоёр тэнд буй хүмүүсийг огт анзаарсангүй, гар гараасаа хүчтэй атгаад, дулаахан, халуухан гараа тавилгүйгээр, тавихыг ч хүсэхгүй, зөвхөн сэтгэлдээ шингээж үлдээх гэсэн шиг хөтлөлцсөөр явахдаа хөвсөөр, хөөрсөөр, хөвж л байгаа юм шиг нандин мэдрэмжээ хадгалсаар ширээндээ суулаа. Хэн хэн нь ч дуугарахыг хүссэнгүй, дуугарчихвал үргээд л явчих юм шиг санагдаад болдоггүй.
Гэтэл зөөгч нахилзаад л, инээсээр л “Таны дессерт ирлээ…” гэхээр нь эргээд хартал “Мой любимой” гэж аяган доторх зайрмаг дээр час улаан өнгөөр биччихээд миний урд тавилаа. Удалгүй бас ув улаан, маш гоё цаасанд боогоод, дээр нь бас улаан туузаар зүрх сүлжсэн жижигхэн хайрцаг надад өгч байна. Гаднаас нь харахад үзэг юм шиг санагдаад, би ч гоё үзэгтэй болох нь ээ хэмээн бодоод, бэлгээ хурдан, хурдан гэгч нь задлаад үзтэл “Snickers” нандигнаад боочихсон байж билээ. Миний дуртай шоколад, надад байнга л авч өгдөг байсныг гэнэт саналаа. Би маш их баярлаж байнаа, эгэлхэн ч мартахын аргагүй сайхан дурсамж, амтархаад ч идэж барахгүйтай адил нандин дурдатгал яг тэнд л урлагдаж үлдлээ. Миний нүдний зовхи татаад байсан учир нь ийм сайхан мэдрэмжийг л надад өгөх гээд байжээ. Баярлалаа. Хорвоогийн өдрүүд дуусахгүй үргэлжилдэг ч, ховорхон өдөр хүнд цөөхөн л үлддэг юм байна. Ажил, гэр, ажил гэр, ажил гэр…, амьдрал, амьдрал, амьдрал…, үр хүүхэд, тэр минь, энэ минь гэж чин үнэнээсээ юм шиг хэрнээ шал худлаа гүйсээр байгаад нар мандахыг, бас жаргахыг хүртэл цөөхөн харж, уйлах нь хүртэл худлаа олширсон нийгэмд хайрлах, хайрлуулах, сэтгэл гэдэг үгийг шал өөр утгаар хэрэглэсээр жинхэнэ оюун ухаан, сэтгэлээсээ холдоод, энэ бодит орших материаллаг зүйлд хэтэрхий шунаж, эд хөрөнгө бүтээх гэж нэг нэгнээ гомдоож, зовоож, хуурамч бүхнийг гүйцээхээр махарч, зүтгэж байснаа мэдэрч билээ. Бас бие биенээ “минийх, минийх л” гэж өмчирхөж, өөр бусад руу харахад нь хүртэл цагдаж, хорьж, тэр “би”- гээсээ салж чадахгүй дээ өнөөдөр хүртэл зовж буйгаа ч мэдэхгүй, “алдчихгүй юмсан” гэсэн амин хувийн бодол тээсээр насныхаа талыг өнгөрөөхдөө, өрөөл бусдад муу санаж, орчлонгийн муу, муухай бүхэнтэй л өөрөө өөрсдийгөө хольж хутгаж байгаагаа ойлгоод л тэр уулзалт дууссан юм. Бидэнд үлдсэн амьдралд бүтээх сэтгэлийг өнөөдрийн гэнэтхэн болзоо түлхүү өгч, өөдрөг алхах эрч хүчийг бэлэглэж, амжилт нээхэд бүр ч илүү дөхөм болсон юмдаг.
Орой гэртээ тэр өдрийнхөө халуун дулаан уур амьсгалаараа хүүхдүүддээ хоол хийж өгөхөөр бэлдэж эхлэв. Хөгжим асааж, сонгодог ая тавилаа. Би их л хөнгөн дэврүүн амьтан, мэдэхгүй байж худлаа хэрнээ дагаж аялаад л… Хань минь юу ч болоогүй юм шиг царайлж, урьдынх шигээ буйдан дээрээ шигдчихээд, телевизийн сувгууд эргүүлэн чимээгүйхэн сууна. Гэхдээ нэг л өөр байх шиг. Би бодлоо. Арай надад ганцхан хувь тохиох алтан дурсамж байсан юм биш байгаа хэмээн гуниглангуй болсон ч, ганцхан удаа тэрхүү сайхан мэдрэмжийг өгч чадсанд баярлаад, чимээгүй гэр орноо цэвэрлэх ажилдаа ханцуй шамлан орлоо. Харин хүүхдүүд минь өрөө, өрөөгөө дамжин шуугилдана. Бид хоёр хүүхдүүдээ “Чимээгүй бай, дуугүй суу, зүгээр бай, өрөөндөө ор, хичээлээ давт” гээд хэтэрхий их барьдаг байснаа гэнэт мэдэрлээ. Миний хүүхдүүд өөрөө өөрсдийнхөөрөө, өөрөө өөрийнхөө ертөнцийг бүтээж буй бололтой, хөгжилтэй, сэргэлэн, жаргалтай байгааг би анх удаа л олж харав. Хүүхэд л юм чинь үймүүлж, шуугихгүй гээд ч яахав дээ. Үнэндээ бодоод байх нь үймүүлж, шуугихгүй л бол хүүхэд байх утгаа алдах юм шиг санагдлаа. Хүүхэд байгаа дээрээ тоглож наадаж, үймж шуугиж, буруу зөрүү аашилж л байг дээ.
Хүнд алдаа тоотой заяадаг гэсэн. Аав, ээжийнхээ гар дээр алдаагаа гүйцээж, амьдралынхаа туршид оноогоо цуглуулж яваг дээ.
2010.11.04
Б.Урангоо