Дурлал, хайр хоёр өвчин шиг хэлж биш, хийсч, хийсэх хийсэхдээ нэг л мэдэхэд, санаандгүй байхад л хаанаас ч юм бэ ирдэг. Санаандгүй учирсан дурлалыг дуугаараа илэрхийлж, уран бүтээлийн ертөнцөд хөл тавьж магтаал шүүмжлэл олныг дагуулсан уран бүтээлч бол залуу дуучин Энхболдын Чулуунчимэг юм. Авлигачны биш эгэл жирийн ардын охиныг уран бүтээлд анх хөл тавьж “Санаандгүй учирсан дурлал” дуугаа ард түмэнд хүргэж эхэлсэн үед түүнийг МУГЖ дуучин Т.Баясгалангийн хуулбар хэмээн ярьж бичиж байсан. Төстэй зүйл олон бий ч үнэндээ бол түүнийг хэл аманд хөтөлсөн зүйл нь “Зөвхөн чамдаа” хэмээх уран бүтээлийг Баясгалангаас илүү дуулж, энэхүү дууг санаж огшсон олон үзэгчдийн алга ташилтыг сонссон явдал байжээ. МУСГЗ Т.Сэр-Од өөрийн хайртай аялгуугаа Т.Баясгаланд мөнгөөр худалдсан хэдий ч уран бүтээлийнхээ тоглолтонд хэнийг сонгож дуулуулах нь зохиогчийн хувьд бүрэн эрхийн асуудал юм. Сонгогдсон тэр л хүн нь Э.Чулуунчимэг байж. Ийнхүү түүнийг Т.Баясгалан тэргүүтэй нийтийн дууны хэд хэдэн акул гэгдэх эмэгтэй уран бүтээлчид хавчиж, загнаж, гадуурхаж, муулж 2 жилийг барлаа. Идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрдагийн нэгэн адилаар энэ хугацаанд дуучин бүсгүй хэл амыг үл тоон уран бүтээлдээ шамдаж, харин Т.Баясгалан ард олонд төлөх гавъяатын өрөө “монголын үрс маш олон болтугай” гэсэн ишлэлийг давтан хэрэгжүүлж урлагийн ертөнцөд мартагдахад хүрснээр харьцуулалт хийж болмоор. Энэ бүхнийг хэлсэний учир юун гэвэл гишүүд, улс төрчдөөс хараат бус, хэний ч ивээн тэтгэлэггүйгээр аав ээж, найз нөхдийн халуун сэтгэлээр бүтсэн нижгэр сайхан тоглолтыг дуучин Э.Чулуунчимэг өөрийн төрсөн нутаг Өврийн сайхан хангайчууддаа зориулсаныг тэмдэглэснээ хүргэхээр зорьсоных. Анхны бие даасан уран бүтээлийн цомгоо “Санаандгүй учирсан дурлал” нэртэйгээр 2011 оны сүүлээр өлгийдсөн дуучин СУИС-ийн дуурийн дуулаачийн ангиа ч төгсөөгүй оюутан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Анхны цомгийн баяраа өссөн төрсөн, өлгийдсөн овоглосон аймагтаа хийхээр зорьж төрсөн өдрийнхөө баяртай давхцуулсан тэрээр аймгийнхаа зон олонд зориулан видео хувилбартай хос цомгийг дахин хэвлэлтэнд явуулжээ. 5 сарын 4-нд Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрт тоглогдсон “Санаандгүй учирсан дурлал” цомог сайнаараа ч саараараа ч Өвөрхангайн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно хэмээн театрын удирдлагууд ярьж байсан нь залуу дуучны урлагийн зам мөрт улам их засал тавьж өгөө биз. Тоглолтын зохион байгуулалт, тайз засал, гэрэл чимэглэл, хувцас дизайн, оролцсон уран бүтээлчид одоогийн залуусын ярьдагаар бүгд “сool”. Тэр дундаа томоохон тоглолт бүрт хамтран ажилладаг “B Sound” нэгдэлийн туслалцаа үүнд маш том оролцоотой байв. Театрынханы хэлээд байгаа саар зүйл нь цөөхөн ажилтанд нь ачаалал бий болгосон явдал юм. 2 удаагийн тоглолтын тасалбар эхлэхээсээ өмнө дуусчихсан, театрын гадаа үзэж чадахгүй иргэд дахин өдөр сунгаж тоглох санал ирүүлчихсэн, дотор зааланд хүн хөл гишгэх зайгүй пиг чихсэн гээд асуудлууд театрынханы нүдийг орой дээр нь гаргаж орхисон билээ. Үнэндээ сүүлийн хэдэн жилд үзэгчид пиг дүүрч өврийн хангайд үзэгдээгүй дуучдаар чимэглэсэн тоглолт болоогүй тухай нутгийн иргэд ярьж байлаа. Тус тоглолтын реклам орон нутгийн телевизээр цацагдаж эхлэхээс шинэ дээл оюулж бэлдсэн настайчуул, сумын төвөөс мотоциклоо асааж эхнэрээ сундалсаар зорьсон фенүүд гээд энэ тоглолт ярих зүйл ихтэй. Ямартаа ч ардын дуугаа сайхан дуулчихдаг, хайрын дуугаараа нэрийн хуудас хийсэн, алтан гарт эмч сувилагч нарыг магтсан гээд Э.Чулуунчимэгийн уран бүтээлийн сан хөмрөг цомгоор эхлэж, үргэлжилсэнийг үзэгчид нь мэдэрсэн. Адилхан, дууриадаг гэгдэж байсан Т.Баясгалангаас хол зөрүүтэй уран бүтээлч болохын ялгааг энэ үдэш харуулсаныг нутаг нэгтнүүд нь жиг жуг хийж байсан. Тоглолтын чимэг нь МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУСТА Д.Намсрайноров, залуу дуучин Баярын Болд, Болор цом наадмын 4 удаагийн тусгай шагналт, Төрийн соёрхолт Д.Сосорбарамын уншсанаар олны хүртээл болсон “Монгол” хэмээх шүлгийн эзэн Ц.Эрдэнэбаатар нар байсаныг дурьдахгүй байхын аргагүй. Найрагчийн эх оронч үзэл, эмс охидоо харийнханд алдахгүй үзэл нэгэнтээ олны мэддэг сэдэв болсон. Хаяа дэрлэн оршдог Өвөрхангай нутаг түүний нутаг Төв аймгийн баруун хэсгийг эмжин оршдогоор бахархан Өвөрхангайчуудад өөрийн шүлгээсээ хэлсэн түүний хөтлөлт үзэгчдийн сэтгэл зүрхийг баясааж өгсөн хүчин зүйл байлаа. Баярын Болд өөрийн “Ухаан цэцэг 2” уран бүтээлээрээ бэлэг барьж үзэгчдийн алга ташилтаар урамшсан бол дуучин Э.Чулуунчимэгтэй хамт хослон дууны хэд хэдэн уран бүтээлийг дуулж үзэгчдийн дунд нэгэн яриаг дэгдээв. Холбогдсон хоёр дуучны мэдээлэл тус аймагт ч тарж, нутгийн хүргэнийг хэр уран бүтээлч болохыг нүдээрээ үзэж дүн тавьсан нь тэр аж. МУГЖ С.Эрдэнэцэцэгийг “Миний улаан сарнай” дуугаа дуулсаар улаан даашинзтай гарч ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж ардын уртын дуугаараа бэлэг барихад нь дахиулан кайф авсан нь ойрын жилүүдэд байгаагүй том бэлэг гэлтэй. Тэртээ 1990-ээд онд Монголын үндэсний телевизээр үзэгчидтэй уулзаж байсан тэр л сайхнаараа байгааг нь үзэгчид нүднийхээ хажуугаар өнгөрөөсөнгүй ээ. Учир нь “алаг нүдэн” гавъяат Өвөрхангайг ойрын жилүүдэд зорьж очоогүйнх байсан. Харин Д.Намсрайноров морь унаж болзоонд явдаг үеийг нь хижээл насныханд сануулж, мартагдашгүй түүхийг нь сэргээж өгсөн нь бүүр ч сайхан. Дахин дахин алга ташуулж үзэгчдэд мэхийх түүнийг Өвөрхангайчууд сайхан хүлээж авдаг нь ийнхүү харагдана. 2 тоглолтын туршид дахин дахин дуулсан уран бүтээлч ард олондоо нэгэнтээ хайрлагдаж яваагаа ийнхүү “Санаандгүй учирсан дурлал” тоглолтоор дахин нэг батлаад авлаа. Тоглолтын төгсгөлд Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газрын бүрэлдэхүүнээс аймгийн хүндэт жуух бичгийг гардуулахаар гарч ирлээ. Төрсөн өдрийн бэлэг, анхны тоглолтын бэлэг, аймгийн ард түмний бэлэг нь бас л анхных байсан. Учир нь аймгийн хүндэт жуух бичгийг азтай болгон аваад байдаггүй, авсаны дараа уран бүтээлчид соёлын тэргүүн рүү авирах замын эхлэл болдог. Анхных гэсний учир нь аймгийн түүхэнд энэ жуухыг оюутан авсан түүхгүй аж. Авто инженер аав Энхболд, хатан сайхан ээж Батсайхан нь Арвайхээр нутгаар овоглож, амьдралаа эхлүүлж, анхныхаа бүхнийг мөнхөлсөн аймагтаа энэ удаа төрүүлж өсгөсөн охиныхоо уран бүтээлийн тоглолтоор бахархал дүүрэн байсаныг төгсгөлд нь дурьдая. Үртэй хүний жаргал гэж энэ л байх. Ийнхүү дахин тоглох хүсэлт авч, дандаа шинэ сайханыг түгээж явах урам зоригоор шагнуулсан залуу дуучин чин сэтгэлийн магтаалаар энэ үдэш ерөөлгөж, чин хүслээр цаашдын уран бүтээлээ туурвихаа амласан юм. Өдөр бүр шахам гийчдийн тоглолтоор дүүрэн байдаг Өврийн сайхан хангай нутгийн театрынхан үзэгчдийнхээ тоогоор айлгасан ийм тоглолтыг үзээгүй тухайгаа дахин дахин ярьсан нь амнаас ам дамжин яригдах бизээ. Төрсөн нутгаасаа төрсөн өдрөөрөө анхны тоглолтоо эхлүүлсэн уран бүтээлч удахгүй Улаанбаатар хотноо улс даяар яригдсан уран бүтээлийн тоглолтыг хийх урам зоригоо нэмээ байлгүй. Урлагийн янжинлхамын ивээлд багтсан, уртаар санаа алдаж алга таших тийм л уран бүтээлч болохыг эрхэм анддаа хүсэн ерөөе.
Г.Тэгшжаргал