Репер А.Дөлгөөн гэх эршүүд бүсгүйн уран бүтээлийг сүүлийн үед залуучууд их сонирхох болсон. “Хорьж болохгүй 20 нас” дуунд нь бүр гүн дурлачихсан бололтой гадуур ам амандаа дуулж явна билээ. Тиймээс түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Өөрийг тань саравчтай малгай, өргөн өмдтэй гарч ирэх болов уу гэж бодож байтал яг шүү?
-Би ийм хувцас өмсөөд сурчихаж дээ. Аль болох л чөлөөтэй өмд, цамд өмсөхийг хичээдэг.
-Хэдхэн хоногийн өмнө “Video awards-2013” болоход та шилдэг имиж бүрдүүлэгч номинацаар шалгарсан. Юуны өмнө баяр хүргэе?
-Баярлалаа. “Хорьж болохгүй 20 нас” дуугаараа энэ шагналыг хүртсэн. Би энэ шагналыг авна гэж ерөөсөө бодож байгаагүй. Энэ төрөлд надтай “Киви”-гийн Ука, дуучин Цэлмүүн нар өрсөлдсөн. Тэднийг л авах байх гэж бодож байсан. Гэтэл гэнэт миний нэрийг дуудахаар нь баярласандаа уйлах шахсан.
-Хацраа гараараа дараад л гарч байгаа харагдсан…
-Тийм. Яг уйлах гэж байсан юм чинь. Ядаж байхад би хоцроод очсон байсан болохоор суудалдаа дөнгөж суугаад байж байтал миний нэрийг зарласан.
-Энэ дуу таны хувьд бие даасан анхны уран бүтээл. Дууныхаа райнийг өөрөө бичсэн үү?
-Үгийнхээ санааг би гаргаж Цэцээ ахаар бичүүлсэн. Өөрөө яагаад бичээгүй юм гэхээр Солонгост олон жил болсон болохоор Монгол үгийн баялаг ховордоод чадахгүй юм билээ.
-Реперүүд дууныхаа үгийг өөрсдөө бичдэг. Та ч цаашдаа бичих үү?
-Тэгнэ. Гэхдээ эхний хугацаанд сайн суралцах хэрэгтэй байна. Хэдийгээр би солонгосоор гоё гоё үг бичлээ ч түүнийгээ монголоор орчуулах гэхээр тохирсон үгийг нь сонгож чаддаггүй.
-Солонгост хэдэн жил болсон бэ?
-10 жил. Почон дүүргийн сургуульд суралцсан.
-Танай сургуульд монгол хүүхэд олон байсан уу?
-Нэг их байгаагүй дээ. Надаас гадна ганц хоёрхон л байсан санагдана.
-Тэнд сурч байхад чинь солонгос хүүхдүүд их дээрэлхдэг байсан гэсэн…
-Тийм. Эхний гурван жил би их дээрэлхүүлсэн. “Монголын хүүхэд Монгол руугаа зайлаач” гээд л зодно. Анх солонгос хэл сайн мэддэггүй байсан болохоор юу ч хэлж чадахгүй зодуулаад л өнгөрнө. Хэл мэдэхгүй юм чинь хэчнээн зодолдоод амжилт олохгүй нь мэдрэгддэг байсан. Зодуулаад байхаар тэд давраад байдаг юм билээ. Тэгэхээр нь хэл арай гайгүй мэддэг болсоныхоо дараа зодолддог болсон. Тэгж л дээрэлхүүлэхэ больсон доо.
-Эмэгтэйчүүд нь зодох уу, хөвгүүд нь үү?
-Охидууд нь л зоддог байсан. Хөвгүүд нь нэг их тоодоггүй юм.
-Дээрэмдүүлж байсан уу?
-Үгүй, дээрэмдүүлж үзээгүй. Гэхдээ тэдний аймаар муухай нь намайг байхгүй үед сандал дээр цавуу асгачихдаг байсан. Мэдэхгүй суучихвал түлж наалддаг. Бас тэдний хүсэл нь дээрэлхэж байгаа хүүхдийнхээ гайгүй харагдсан юмыг нь авах.
-Дээрэлхүүлэхээ больсон үе чинь хэзээнээс бэ?
-Гурван жилийн дараа хэл мэддэг болсон болохоор алалцаад л өнгөрдөг болсон. Эхлээд ангийнхныгаа дийлдэг болсон бол дараа нь сургуулийнхныгаа атгадаг болсон. Уг нь би тэдэнд дээрэлхүүлэхгүй байя гэж бодоод л зодолдоод байсан чинь бүгдийг нь дийлдэг болчихсон байсан. Гэтэл тэрэндээ бардаад ч юм уу өөрөө бусдыг дээрлэхдэг болчихсон байсан. Өөрийгөө хамгаалахын тулд би муу хүн болох ёстой ч юм шиг. Муу хүүхдүүдтэй ч нийлдэг болсон. Үүнийгээ эцэст нь мэдээд өөрийгөө татаж, хичээл рүүгээ анхаарах хэрэгтэй гэдгээ ойлгосон.
-Тэнд сурч байхдаа уран бүтээлч болъё гэж бодож байв уу?
-Үгүй. Гэхдээ би Ташагийн дууг их сонсдог байсан. Энэ хүний ээж солонгос, аав нь нигер. Таша өөрөө солонгосын иргэн, цэргийн хүн л дээ.
-Энэ хүн л өөрийг тань уран бүтээлийн зам руу хөтөлсөн гэж ойлгож болох уу?
-Тийм. Би энэ хүний дууг сонссоор байгаад бүр сурчихсан байсан. Түүний амьдрал минийхтэй төстэй ч юм шиг санагдсан.
-Судалж үзсэн юм уу?
-Тийм. Дуулалт, биеэ авч яваа байдал нь надад маш их таалагддаг байсан. Одоо ч мөн адил. Саяхан би Таша эгчээс бэлэг авсан.
-Өө тийм үү, бүр уулзсан юм уу?
-Уулзаагүй ээ. Надтай хамт “Univers best songst” орж байсан хоёр хүүхэд саяхан Солонгос яваад ирэхдээ түүнтэй уулзсан юм билээ. Тэд “Тань шиг дуулдаг хүүхэд манай Монголд байдаг” гэсэн чинь “Тийм үү ямар гоё юм бэ. Над руу дуулж байгаа бичлэгийг нь явуулаарай” гээд дөнгөж гаргаад байсан цомгоо явуулсан байсан. Одоо би уран бүтээлч болсон болохоор тэр дуунуудыг сурч амжихгүй л юм шиг байна. Харин хааяа сонсож байна аа. Нөхөр нь бас репер болохоор хамт дуулсан дуу нь ч байсан.
-Уншигчид өөрийг тань “Univers best songs” наадамд оролцсоноор чинь илүү мэднэ. Энэ наадамд хоёр дахь удаагаа оролцож байж шилдэг 25-д багтсан байх аа?
-Тийм. 2010 онд анх орсон. Гуравдугаар шатнаас нь хасагдчихаад сэтгэлээр маш их унасан. 2011, 2012 онд ороогүй шалтгаан зөвхөн энэ. Дуу сонсохоос хүртэл дургүй хүрдэг болоод байлаа. Тэр жил би сэтгэлзүйн бэлтгэл их өндөр байсан л даа. Ер нь хүн тийм байдалд орохдоо эвгүй сэтгэгдэлтэй болчихдог юм шиг ээ.
-Тэгээд хоёр жил өнжсөний эцэст энэ жил үзээд алдъя гэж бодсон уу?
-Би орох тухай огт бодоогүй байсан. Гэтэл ээж маань надад хэлэлгүй энэ наадамд оролцох билет авчихсан байсан. Тэгээд “Миний охин энэ жил чадна аа. Ээж нь охиндоо итгэж байна” гээд явуулсан.
-Наадам дөхчихсөн үед юм байна шүү дээ. Тэгэхээр бэлтгэл хийгээгүй хэрнээ эхний шалгаруулалтдаа орсон хэрэг үү?
-Тийм. Би энэ наадамд оролцох ямар ч хүсэлгүй байсан болохоор гэртээ л байдаг байсан. Хааяа найзуудтайгаа караокейд дуулахаас цаашгүй. Тэгж дуулах бүртээ Ташагийн дууг дуулдаг байсан. Найзууд маань “Чи ямар адилхан дуулдаг юм бэ. Чам шиг ийм адилхан дуулдаг хүн байхгүй ээ” гээд л хөөргөнө. Энэ жилийн наадамд ямар ч бэлтгэлгүй оролцохдоо караокейд дуулж байна гэж бодоод л дуулсан.
-Энэ наадамд дахиж оролцох боломж өгсөн ээждээ шилдэг 25-д багтсаныхаа дараа их баярласан байх даа?
-Ээж маань намайг байнга дэмждэг болохоор би дандаа баярлаж явдаг.
-Танай гэрийнхэн одоо Солонгост байгаа юу?
-Тийм. Аав, ээж, 11 настай дүүтэйгээ амьдардаг. Бас нэг нохой байгаа, мартах шахлаа. Тэднийгээ маш их санаж байна.
-Аав ээж тань тэнд ямар ажил хийдэг вэ?
-Аав нэг үйлдвэрт ажилдаг. Харин ээж гэртээ байгаа. Энд би ээжийн дүүгийнд байдаг.
-Танайхан “Хорьж болохгүй 20 нас” дууг чинь сонсоод юу гэж байна. Ялангуяа “Хорьж болохгүй 20 насандаа аав танийг найрч явсан” гээд ээждээ хандаж хэлсэн үгийг сонсоод шоолсон болов уу?
-Тийм. Ямар эвгүй үгтэй юм бэ гээд л инээгээд байсан. Гэхдээ гоё уран бүтээл байна гэж урам өгсөн.
-Одоо өөрөө хэдтэй вэ?
-22-той.
-20 насандаа бужигнуулж явсан биз?
-Хийе гэсэн болгоноо хийдэг байсан. Гэхдээ хэтэрхий даруулгагүй байгаагүй шүү.
-Болзоонд урьсан залуу болгонтой уулздаг байсан уу?
-Үгүй. Намайг хүмүүс гаднаас маань хараад их чөлөөтэй байх гэж боддог юм шиг байна билээ. Яг үнэндээ би их ичимхий. Надад хэн нэгэн залуу таалагддаг нь мэдээж. Гэхдээ түүнийгээ ил гаргаж хэлж чаддаггүй. Хүн л юм чинь хэн нэгэнд дурладаг минь тодорхой.
-Найз залуутай юу?
-Байхгүй.
-Өөрийг тань Солонгост байхдаа нэг залуутай үерхэж байсан гэж сонссон. Гэхдээ түүндээ хаягдчихаад их уйлсан гэсэн…
-Тийм. Тэр миний анхны хайр байсан. Би 18 настай байсан юм. Түүнээс салаад би хэтэрхий их уйлсан.
-Яагаад та хоёр салчихсан юм бэ?
-Тэр хүний буруугаас болсон.
-Ямар шалтгаанаар…
-Миний араар тавьсан. Тэр улайн цайм араар тавиад байхаар нь би зүгээр л холдчихсон. Хоёулаа болъё ч гэж хэлээгүй. Зүгээр л хоёр тийшээ явчихсан.
-Олон өдөр шаналсан уу?
-Тийм. Мартаж чадахгүй бараг хоёр жил болсон.
-Гүн хайр байж ээ?
-Тийм. Харин одоо бол санахаа байсан. Үзэн ядаж байна. Бас олон өдөр түүнээс болж нулимс унагасандаа харамсдаг.
-Танд ямар залуу таалагддаг вэ?
-Өндөр, махлагдуу залуу. Би таалагдсан залуугийнхаа уруулыг хамгийн түрүүнд хардаг. Яагаад ч юм надад гоё хүрээтэй уруултай залуу таалагдаад байдаг юм аа. Туранхай эрэгтэй хүн муухай санагддаг.
-Танайхан урлагийн мэдрэмжтэй биз?
-Аав урлагт их дуртай. Гитар бариад л янз бүрийн дуу дуулдаг.
-Та багаасаа өргөн өмд, саравчтай малгай өмсдөг байсан уу?
-Үгүй. Би багадаа туранхай, эмэгтэйлэг байсан. 18 наснаасаа таргалаад эхэлсэн. Биеэ барьсан хувцас өмсөх гэхээр нэг л эвгүй. Тэгэхээр нь чөлөөтэй хувцас өмсдөг болсон. Ийм хувцас өмсөхөөр хөдөлгөөн маань хүртэл эршүүд болчихсон. Цаашдаа имижээ гоё болгож эмэгтэйлэг хувцас өмсөнө өө. Эмэгтэй хүн л юм чинь энэ талд анхаарахгүй бол болохгүй шүү дээ.
-Таныг хүмүүс гаднаас тань хараад нэлээн танхай байх гэж ярьдаг юм билээ?
-Би Монголд ирээд танхайрч байснаа санахгүй юм байна. Хөөрхий зарим нэг нь атаархсандаа ийм яриа гаргасан байх л даа.
-Хараал их хэрэглэдэг үү?
-Хааяа л. Гэхдээ хүмүүсийн хэлдэг хараалыг л хэлдэг.
-Та Солонгост олон жил амьдарч байгаад ирсэн болохоор Монголын залчуудын харилцааг сайн мэдэрсэн байх даа…
-Сайн мэдсэн. Аймаар соёлгүй нь мэдрэгдсэн. Би сайхан харьцах гэхээр өөдөөс тэс хөндлөн юм ярихаар нь эхэндээ эвгүй болдог байсан. Дараа нь адилхан харьцахгүй бол болохгүй юм байна гэж ойлгосон. Жишээ нь дэлгүүр ороод “Энэ цамцыг чинь үзье, ямар үнэтэй вэ” гэхээр худалдагчид нь юмаа зарахгүй цэхэлзээд зогсчихно. Солонгост худалдагч хаан гэдэг ёсоор үйлчилдэг. Гэтэл энд үгүй юм билээ. Авбал ав, үгүй бол боль гэсэн шиг. Зарим солонгос хоолны газар ороод “Энийг чинь идэхгүй ээ. Өөр хачир авъя” гэхээр авч ирдэг ч нохойтой харьцаж байгаа юм шиг шидэж өгдөг. Уурлаж байгаа нь илт мэдрэгддэг. Дээр би харих гээж явж байсан чинь хэдэн залуу “Хөөе Дөлгөөн гичий минь” гээд орилсон. Би айсандаа гүйсээр байгаад орсон.
-Та одоо “Pro Sound” студтэй хамтарч ажиллаж байгаа. Гэрээгээ хэзээ байгуулсан юм бэ?
-Энэ жилийн “Univers best songs” наадмын гуравдугаар шатнаас эхэлж дээрх студийн хөгжмийн найруулагч Ариука ах их тусласан. Тэр үеэс хамтарч ажилладаг болсон. Уг нь би энэ наадамд орчихоод гэр бүлийнхэн рүүгээ явах гэж байсан юм. Гэтэл хамтарч ажиллах сайхан санал тавихад нь буцааж чадаагүй. Тэд миний анхны цомгийг гартал ямар ч байсан хамтарч ажиллана гэсэн.
-Буриад Улсын Ардын жүжигчин Б.Амархүү танд нэлээн гомдсон гэсэн. Юунаас болсон юм бол…
-Надтай хамтарч нэг дуу дуулъя гэсэн юм. Тэр үед би нэг дууны бичлэгтэй ч байлаа. Гэхдээ дээрх студийн Ариука ахаас яах уу гэж асуусан чинь “Чиний уран бүтээл нэгт байх ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амархүү ахад татгалзсан хариу өгсөн. Тэгсэн чинь тэр аймар уурлаж байгаа бололтой утсаа тасалчихсан.
-Таны хоёр дахь уран бүтээл юуны сэдэвтэй байх бол…
-Шинэ жилийн дуу байгаа. Гэхдээ уянгын. Маргааш (өнөөдөр) клипнийхээ зураг авалтад орно.
-Шинэ жилийн захиалга ирж байна уу?
-Ирж байгаа гэсэн. Захиалгын асуудлыг Ариука ах л мэдэж байгаа. Миний продюсероор ажиллаж байгаа болохоор тэр л дээ.
-Хашийг нь мэдэж болох уу?
-Хоёр дууг хагас сая төгрөг. Гурван дууг түүнээс арай дээгүүр гэсэн. Би энэ асуудлыг сайн мэдэхгүй байн аа. Ямартай ч бид тус тусын хувиа авч ажиллана.
-Танд ямар нэгэн мэргэжилтэй болох хүсэл бий юу?
-Байхгүй. Аав намайг аялал жуулчлалын мэргэжил эзэмш гэж байсан ч би татгалзсан. Би яливаа юманд баригдаж ажиллах дургүй. Харин хувийн бизнес эрхлэх санаа байгаа.
У.Баярсайхан
Эх сурвалж: Yalagch.mn