Хөгжмийн эгшигэнд дуулж бүжиглэсэн хүүхэд нас жаргалтай. Тэртээх 10 жилийн өмнө хэсэг залуу хүүхэд ахуйгаа дурсан санагалзаж хүүхдийн ирээдүйд жаахан ч гэсэн зүйл хийхээр зорьсон нь энэхүү Их Монгол дуу бүжгийн чуулга юм. Тус чуулгыг анх үүсгэн байгуулагчдийн нэг С.Баатардоржтой ярилцлаа.
-Хүүхдийн төлөө хийх олон зүйл байдаг ч тань шиг зах зээлийн шуурганы үед хүүхдийн хамтлаг байгуулсан нь ховор. Тухайн үед бэрхшээл мэдээж их байсан биз?
-Тийм ээ. Монгол улс зах зээлийн шуурганаас дөнгөж гарах гэж байан үе. Гарах ч гэж одоо ч сайн гарч амжаагүй л байна гэж би хувьдаа боддог. Тэр үед урлагт сонирхолтой, хайртай хүүхдүүд ч маш их хохирсон. Энэ хамтлагийг 60 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байлаа. Харин чуулгаа найзуудтайгаа байгуулсан. Эхний үед мэдээж бэршээл их л байсан. Хүн зовлон, бэрхшээл тоочоод байвал барагдахгүй. Хамгийн чухал нь хийж бүтээх л хэрэгтэй. Тиймээс хүүхдийн ирээдүйн хүсэл мөрөөдлийн төлөө зориглон хийсэн ажлын минь нэг хэсэг энэ.
-Хамтлаг анх ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдав?
-Ахлах насны хүүхдүүдийн “Хасу”, дунд насныханы “Ая дан” хамтлаг байгуулагдсан. “Ая дан” хамтлагийн хувьд гэр хорооллын хүүхдүүдээс бүрдсэн. Анх 2003 онд үүсгэн байгуулагдсан. Хэдийгээр гэр хорооллынх гэгддэг ч хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжсэн эцэг эхийн буянаар өдий зэрэгтэй явна даа.
-Ямар, ямар амжилт гаргаж байв?
-2007 онд ОХУ-ын Новосбирскьт болсон олон улсын хүүүхдийн фестивальд найман хүүхэд оролцож байлаа. Тэднээс зургаа нь шагнал авч багаараа гранп-при хүртсэн. Энэ шагналыг олон улсын чанартай тэмцээнээс авсан анхны шагнал болоод ч тэр үү их хүндэтгэдэг. Ер нь манай хүүхдүүд “Гэгээн алсын одод” нэртэй үе, үеийн шоу уралдаанд шагналт байруудыг эзэлж байсан.
-Одоо бол хамтлаг биш чуулга гэж хэлэгдэх болсон…
-Тийм шүү. 60 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй чуулгын дайтай өрх айл боллоо. Энэ чуулгад дуучин, бүжигчин гээд ирээдүйн урлагийн мастерууд байгаа гэдэгт итгэж явдаг. Тэгээд ч Монголд байхгүй хүүхдийн дуу бүжгийн чуулга гэж хэлж болно.
-10 жил үйл ажиллагаа явууллаа. Тайлан тоглолт хийх бодол бий юу?
-Энэ талаар бодоод төлөвлөөд одоо л энэ сарын 13-нд хийхээр болсон. Манайхаар дамжин 600 гаруй хүүхэд урлагын гараагаа эхэлсэн юм байна. Яг энэ дундаас урлагт хайртай урлагаа гэсэн сэтгэлтэй хүүхдийн дийлэнх нь 60 гаруй болохоор бид ямар ч байсан Монголынхоо ирээдүйд хөгжмийн урлагт тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж боддог.
-Аливаа уран бүтээл хийхэд хөрөнгө санхүү зайлшгүй шаардлагатай болдог. Энэ асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Ялангуяа урлагт асар их тэвчээр, хөрөнгө оруулалт шаардагддаг. Яг үнэндээ Их Монгол чуулгын маань хүүхдүүд ар гэр, багш нарынхаа нуруун дээр бүх ачаагаа үүрүүлдэг гэж хэлж болно. Хүүхдүүд маань урлагт хайртай болохоор хүсэл сонирхолоо дагаад бэршхээл саадыг давдаг.
-Төр засгаас дэмжлэг үзүүлж байна уу?
-Юун төр засаг. Тэр дээгүүрээ л явдаг байх. Яг үнэндээ хүүхдийн төлөө юм хийдэг газар гэж төрийн мэдлийнх нэртэй төр нь өөрөө анхардаггүй цөөн хэдэн газар байна. Тэдэнд гэр хорооллын хүүхдүүд гэж ярих сэтгэл ч байхгүй. Ярих цаг нь өнөөх сонгууль аль эсвэл гадны нэг зээл тусламж авах үед нь л хүүхдийн нэр дурсагддаг байхгүй юу. ССАЖЯ гэж нэг сайхан нэртэй газар байна. Монголын урлагт юу ч хийхгүй байгаа газар хүүхдийн төлөө юу хийх юм. Худлаа л ярина. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Хэлдэггүй л болохоос.
-Урлагийн тогоонд чанагдаж, бас хүүхдүүдийн төлөө жаахан ч гэсэн зүйл хийж яваа өөрийн чинь хувьд дээрх мэтийн байгууллагад хандаж байсан уу?
-Хандаж үзсэн, хэрэгггүй юм билээ. Тэгж царай алдаж байснаас дүүрэгээ түшиглээд хүүхдүүдийнхээ эцэг эхэд найдаад, хүүхдүүдээ хөгжүүлээд явж байсан нь хамаагүй дээр.
-Чуулга юм чинь мэдээж төрөл бүрийн урлагын жанр байгаа биз дээ?
-Тэр мэдээж. Хүүхэд юу сонирхон тэр бүхнийг л гүйцэлдүүлж тэдэндээ хөгжим, бүжгийн боловсрол олгох талд анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгосон учир хип хоп, поп, ардын урлаг, бүжиг гээд бүх л төрлөөр ажилладаг сайн хүүхдүүд байгаа.
-Хүүхдийг та юутай зүйрлэдэг вэ?
-Би хүүхдийг толь гэж боддог. Толь бол тусгал. Хүүхэд бол эцэг эх, багш нарын зан, үйлдэл зэргийг байнга харж байдаг учраас хүмүүжил нь ч тэдэн шигээ төлөвшдөг. Толь дүрсийг яаж тусгадаг вэ түүн шиг хүүхдүүд ч амьдралыг эцэг эх, багш нарынхаа үйлдлээр тусгаж авдаг.
-Хүүхдийг цагаан цаас ч гэдэг?
-Тийм ээ энэ бол үнэн. Тэр цагаан цаасан дээр хэн юу бичсэнээс бүх зүйл тодорхойлогдоно. Бас толь. Тольны тусгал гэж би хэлсэн шүү дээ. Эцэг эх, багш нар юу бичхээс, юу хийхээс бүх зүйл шалтгаална. Ар гэр нь хэрүүлтэй, архичин айлын хүүхдүүд харахад л андашгүй
-Танай хүүхдүүд дийлэнх нь гэр хорооллынх гэсэн. Энэ хүүхдүүдийг “G” хороололынхон гэх нь ч бий?
-Тэгж ярьдаг л юм. G хороолол ч гэх шиг. Үнэндээ монголчууд одоо л соёлжоод хот энэ тэр гээд байгаа болохоос нүүдэлчин ард түмэн. Эсгий гэртээ аргалаа түлээд амьдарч ирсэн ард түмэн бүгд одоогийн хэлээд байгаагаар бол утаатай гэрийнх юм чинь G хороололынх болж таарах юм биш үү. Тэгэхээр энэ үг бол хэн нэгэний гаргасан тэнэг үг л байхгүй юу. Тэгээд ч ер нь G гэхээр урлагт орон зай үгүй гэж хэлэх үү. Үгүй л байхгүй юу
-Чуулгаа “Их Монгол” гэж нэрлэсэн. Нэрийнхээ тухайд…
-Анх байгуулагдаж байхдаа энэ нэрийг өгөөгүй юм. Харин 2007 онд олон улсын хүүхдийн фестивальд явах болоход Дэлхийд Монголын хүүхдийн хамтлагын нэр ямар байх ёстой вэ гэдгийг харах учраас энэ нэрийг өгсөн юм. Тэгээд ч чуулга болоход энэ нэр таарсан учир “Их Монгол” гэж нэрийдсэн.
-Танай чуулга 10 жилийн хугацаанд ямар ажил амжуулав?
-Их зүйл хийсэн. Энэ талаар удахгүй болох 10 жилийн ойн тоглолтын үеэр үзэгчиддээ тайлагнана.
-Чуулга хариуцна гэдэг асар их үүрэг хүлээнэ. Наандаж байршил гээд л…
-Биднийг тусалж дэмждэг олон хүн байгаа. Манайхыг санхүү, сэтгэл санаагаар дэмждэг нь ч бий. Хамгийн гол нь хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс их байдаг юм байна. Энд нэрийг нь тоочоод байвал нэг биш нэлээн хэдэн сонины нүүр болно. Хамгийн чухал бааз суурь маань Баянзүрх дүүргийн Соёлын ордон байна даа. Урлагынхан урлагынханаа л ойлгодог нь энэ шүү дээ.
-Тоглолт хийхэд олон л зүйл хэрэг болж байгаа?
-Тэр мэдээж. Бид ашиг харж энэ тоглолтыг хийхгүй. Хүүхдүүдээ олон хүмүүст мэдэгдүүлэх гэж л энэ тоглолтыг хийх гэж байгаа юм. Мөн бусад сайн санаатай хүмүүс хүүхдийн төлөө юу хийж болохыг хараг. Хамгийн гол нь үе үеийн хүүхдүүд маань өнөөдөр ямар зэрэгтэй, ямар уран бүтээлч болсныг мэдрэг.
Эх сурвалж: Yalagch.mn