Ажлын газрын чинь бүсгүйчүүдэд эсвэл найз охидод чинь залуус сюрприз бариад л, романтиклаад л байдаг. Урьд нь чи үзэгчдийн суудлаас цагаахан атаархал тээн хардаг байсан бол одоо харин өөрөө тайзан дээр зогсож байна.
Өдөр бүр ажлын чинь ширээн дээр чамайг угтах ялдам үгтэй зурвас хавчуулсан амьд цэцгийн баглаа, өглөө сэрэхэд гэрийн чинь хаалганд хавчуулаастай байх гэнэтийн болзооны урилга, хамгийн сайхан гарсан зургийг чинь хөрөг болгон зуруулаад илгээмжээр явуулах тэр үед чамд үзэсгэлэнт гүнж болчихсон юм шиг л сайхан мэдрэмж төрсөн нь гарцаагүй. Бэлгийг нь аваад баярлах нэг хэрэг. Гэтэл эдгээрээс огт өөр нэг асуудал гарч ирлээ. Гэнэтийн бэлэгний эзэн чамд таалагддаггүй… Сэтгэлийг нь бодоод сайн сайхан талыг нь харахыг хичээвч нэг л болохгүй байвал яах уу?
Таньдаг нэгэн
Сөрөг шийдэл: Явуулсан зүйлийг авсаар байх буюу түүний хичээл зүтгэл, цаг зав, мөнгө, сэтгэлийг нь дэмий юманд үрж өөрийгөө ч түүнийг ч эвгүй байдалд оруулах.
Эерэг шийдэл: Эхний ээлжинд бэлгийг авах нь зөв. Энэ тухайн хүнийг ч бас өөрийгөө хүндэлж буйгийн илэрхийлэл юм. Мэдээж чи бол Гоолингоо бүсгүй учраас хэнээс ч гэсэн сайхан бэлэг авах эрхтэй, үзэсгэлэн төгөлдөр гэдгээ мэддэг өөртөө итгэлтэй эмэгтэй шүү дээ. Харин дараа нь дотно харилцаатай байхгүй гэдгээ ойлгуулах нь зөв. Үүний тулд эелдэг хэрнээ нялуун биш, бага зэрэг зай барьсан хэрнээ хямсгар биш байдлаар харилц. Уучлаарай, баярлалаа гэдэг үгсийг мартаж болохгүй. Мөн тухайн хүний гадаад үзэмж, байр суурь, хөрөнгө чинээнийх нь тухай ямар ч үг амнаасаа унагаж болохгүйг анхаараарай.
Таньдаггүй нэгэн (Магадгүй чамд анхны харцаар дурласан нэгэн залуу байх ба бэлгийг нь авсныхаа дараа л түүнийг харсан бол…)
Сөрөг шийдэл: Анх хараад чамд таалагдахгүй үед гаднах үзэмжээр нь доромжлох, элдвээр
Эерэг шийдэл: Хэн гэдгийг нь мэдэхгүй учраас чамд таалагдах уу, үгүй юу гэдгийг нь мэдэхгүй. Тийм болохоор бэлгийг нь аваад бас баярласан сэтгэлээ илэрхийлж байх хэрэгтэй. Хэн гэдгийг нь мэдсэнийхээ дараа хэд хэдэн удаагийн болзоог зөвшөөрөх нь зүйтэй. Чи түүнийг мэдэхгүй учраас анх хараад таалагдаагүй байсан ч сайтар ярилцаж үзэн хамтдаа цагийг өнгөрөөж байж шийдвэрээ гаргах нь зөв шүү. Эрэгтэй хүнтэй яриа өрнүүлж үзэхээс нааш хувь хүн талаас нь таних боломжгүй.
www.URLAG.mn