Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж энэ хүрээнд Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Соёлын яамнаас Монгол Улсын 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн иргэдэд соёлыг түгээн ажиллаж байгаа бөгөөд 20 дахь аймаг болох Дархан-Уул аймагт өнгөрсөн бямба гарагт Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл зочлон очиж нээлтийн арга хэмжээг эхлүүллээ.
Дархан-Уул аймагт Монголын сор болсон олон уран бүтээл болон 30 гаруй уран сайхны киноны зураг авалтыг хийж байсантай холбогдуулан “Кинонд ээлтэй Дархан хот” уриан дор “Соёлын сэргэлт” аяныг зохион байгуулж байна.
Мөн Залуучууд театрт Монгол Кино үйлдвэрийн тусгай үзэсгэлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн худалдаа, үзэсгэлэн, соёлын салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах сургалт зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм.
“Соёлын сэргэлт 2023” аяныг Дархан-Уул аймагт нээх үеэр Соёлын сайд Ч.Номин:
Үндэсний түүх, эх хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх нь Монголчууд бидний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн билээ. Нэгдмэл үнэт зүйлтэй байж, соёл уламжлалаараа нэгэн цул байх төрт ёсны энэхүү бодлого өнөө цагт улам бэхжих, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого шийдвэрт соёлын асуудал гүн гүнзгий тусгагдаж, улмаар эх хэл, эх түүх, соёлын өвийг нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатай, үндэстэн улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хурдацтай урагшилж байгааг дуулгахад таатай байна.
Үндэсний тулгуур болсон соёлын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар 2020 онд түүхэн шийдвэр гаргаж, Соёлын яамыг 20 гаруй жилийн дараа бие даан байгуулсан билээ. Монгол Улсын Соёлын яам нь бусад төрийн байгууллагатай харьцуулахад тун бага хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд салбарын хууль эрх зүйн орчны бүрэн шинэчлэл хийсэн. Мөн дэлхий дахины соёлын бодлоготой уялдсан, өөрсдийн соёлын онцлогийг илтгэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогоо тодорхойлж, соёлын салбарын тогтолцоог орон даяар бүрэн болгож чадлаа.
Өөрөөр хэлбэл, бид өнгөрсөн хугацаанд соёлын салбарын үүрэг, цар хүрээг зөвхөн соёл урлагийн арга хэмжээ гэсэн ойлголтоос бүрэн ангижруулж, соёл нь ард иргэдийн оюун санаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх гол хүчин зүйл төдийгүй, улс орны эдийн засгийн хувьд нэн чухал, бие даасан салбар гэдгийг хууль эрх зүйн хүрээнд бүрэн баталгаажууллаа. Түүнчлэн салбарын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд соёлын ажилтны үнэлэмж нийгмийн баталгааг бэхжүүлж, салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлсийг 61 хувиар нэмэгдүүллээ.
Эрхэм хүндэт Дарханчуудаа
Соёлын яам байгуулагдсан цагаас хойш ийнхүү соёлын салбарын тогтолцоог цогц болгоход анхаарч ажилласан бол 2023 онд Соёлын яамнаас иргэдэд чиглэсэн соёлын арга хэмжээнүүд болох “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, “Соёлын бүтээлч сар”, “Музейн нээлттэй өдрүүд” тэргүүтэй арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэгээхэн хэсэг нь “Соёлын сэргэлт” аян юм.
Энэ утгаараа соёлын сэргэлт аянаар дамжуулан улс орон даяар 21 аймаг 330 сум, Нийслэлийн 9 дүүрэгт иргэдэд соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 20 дахь аймаг болох Дархан-Уул аймагт өнөөдөр ажиллаж байна.
Дархан-Уул аймаг нь зөвхөн үйлдвэржилтийн бүтээн байгуулалтаараа бусад аймгаас ялгарахаас гадна олон орны соёлыг агуулсан урлагийн баялаг олон талт арга хэмжээгээрээ тэргүүлж, соён гэгээрлийн ажлуудыг бүх нийтийн соёл урлагийн боловсролоор дамжуулан дэмжиж ирсэн уламжлалтай. Тийм ч учраас монголчууд бидний оюуны сор болсон кино уран бүтээлүүд хийгдэж байсныг та бид мэднэ. Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Соёлын сэргэлт” аяныг “Кинонд ээлтэй Дархан хот” уриан дор Соёлын яамны харьяа “Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл”-ийн хамт олон хамтран зохион байгуулж байна. Соёлын яамны зүгээс Дархан-Уул аймаг олон улсын кино уран бүтээлчдийн анхаарлыг татах онцгой бүс болон хөгжих бүрэн боломжтой гэж харж байна.
Тодруулбал энэ онд Япон улсын “TBS” телевизийн “Vivant” олон ангит уран сайхны киноны хэсэгчилсэн зураг авалтыг хоёр сарын хугацаанд Дархан хотноо хийлээ. Энэхүү кино нь Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хугацааны зураг авалт хийхдээ нийт 6 гаран тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг улсын хэмжээнд бий болгосон бол үүний 2.2 тэрбум төгрөгийг Дархан Уул аймагт зарцуулсан нь манай улсын хувьд мэдлэгт суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг хөгжих нөөц бололцоо бий гэдгийг харуулж байна.
Тиймээс Соёлын яам Дархан-Уул аймагт Кино зураг авалтын орчин бий болгох замаар гадаад-дотоодын жуулчдын анхаарал татахуйц соёлын орон зайг хөгжүүлэхээр орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Түүнчлэн “Соёлын сэргэлт” аяныг “Кинонд ээлтэй Дархан хот” уриан дор дэмжиж, хамтран ажиллаж байгаа Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл, урлагийн газрын удирдлага, албан хаагчид, уран бүтээлчид болон нийт Дарханчууддаа дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.