Улстөржин талцсаар нийгмийн сэтгэл зүй амьсгалах агааргүй болов, одоо завсарлаж театр луу явцгаая хэмээн өнөөдөр “Орфей” театр уриалга дэвшүүлсэн нь ихээхэн чухал санаа юм.
Хэд хоногийн өмнө “Про” театрын бүтээл “Сүүлчийн бороо”-г үзсэн билээ. Хавар тоглоход нь амжаагүй болохоор маш их олзуурхаж очсон. Ер нь энэ бол амьд урлаг, цахимжаагүй урлаг болохоор өөрийн үнэ цэнийг дагуулдгийн дотор амжиж үзэх үзэхгүйн асуудал багтдаг. Амжаагүй үзэгчдэд зориулж дахин тоглох нь, урьд үзсэн үзэгчдийн мэдрэмжийг ч сэрээн дуудахын тулд дахин тавих нь тэгэхээр маш сайн хэрэг. Энэ театртаа биш үзэгчдэдээ хэрэгтэй явдал юм.
“Про” театрын бүтээл “Инээмтгий хүн”-ийг үзээд Монголын театрын салбар ямар хүчирхгээр сэргэн босож ирж байна аа гэж шууд л бодогдсон. Өмнөхөн нь “Орфей” бидний нүдийг нээж, Э.Ёндоншарав найруулагч УДЭТ-т “Сычуанийн сайн хүн”-ийг тавьж гайхшруулаад байсан цаг шүү дээ.

Энэ бол Санкт-Петербургийн академид хүүхэлдэйн театр гэдэг жанраар дагнан суралцаж төгссөн нэг ангийн залуусын нэгдэл гэдгээр маш чухал онцлогтой. Саяхан “Одиссей”-г энэ жанраар тавьсныг үзээд, өөртөө сэтгэх, бүтээх, илэрхийлэхийн тухай маш хүчтэй ололт нээлтийг хийсэн. Хүүхэлдэйн театрын суурь, дээр нь ОХУ-ын олон зуун жил туршигдсан “школа” нийлээд “Про”-г богино хугацаанд шууд ялгарч харагдуулсан.

Александр Вампилов гэж Оросын алдартай жүжгийн зохиолч бийг сургаар дуулж явснаас “Нугасны ан” нь Монголд “Сүүлчийн бороо” нэрээр тавигдана гэж төсөөлөөгүй байлаа. Найруулагч Б.Анхбаатартай ярилцахад, “Бидний хийсэн массын бүтээл энэ. Массын болгоод болгоод л энэ шүү дээ” гэж хариулсан юм. Харин би үзээд “Массын бүтээл нь ийм юм бол ч…” гэж гуяа алгадан гарав шүү дээ.

Амьд хөгжим, тайзны шийдэл, гэрэлтүүлэг гээд бүгд л яг өнөөдөр бидний татагдаж байгаа тэр хэв маягт хүрч очсон байлаа. Айхтар пост драм, андэрграунд юм бага. Задгай, орчин үеийн шийдлүүд бол бий нь бий. Харин миний хамгийн онцолж гайхширсан зүйл бол энгийн харилцааны хэсгүүдийг маш өөрөөр нь, натурал хийж өгсөнд байлаа. Ямар ч туслах хэрэгсэлгүй, зүгээр л хоёр гурван жүжигчний харилцан яриа шүү дээ. Гэтэл тэдгээр текстийг маш сайн бодож бичжээ, өөрөөрөө урсан орно гэж түүнийг л хэлдэг болов уу. Юугаар ч хүчилж зодоогүй, хүчтэй болгох гэж оролдоогүй, зүгээр л тайзан дээрх амьд диалоги. Ийм юмыг гэтэл үггүй жүжгээр мэргэшсэн “Про”-гийнхан ямар гойд хийж чаддаг юм бэ.

Гол дүрийг бүтээсэн З.Булган гэж жүжигчнийг хаана байсан хэн юм бэ гэж гайхсан. Гэтэл нөгөө л Санктад төгссөн “Про”-гийн үндсэн хэдийн нэг юм байна. Тэр ямар гоё байсан бэ? Яаж тийм элдэв сүржигнэл, хэтрүүлэггүйгээр дүрийг хийж байна вэ? Хоолой, өгүүлэхүйн чадвар, хөдөлгөөний эрчим гээд л… Бид дахин З.Булганыг олон тайзнаас харахыг хүсэж байна.
Эх зохиолд гол дүр өөрийгөө үхсэн гэж төсөөлдөг тухай асуудал хэрхэн бичигдсэн, төгсгөлийг яаж шийдсэн байдаг талаар Их мэдэгч (ChatGPT)-ээс асуусан. Тэгээд бодохоор Монголын үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс найруулагч ийм шийдэлд хүрснийг ойлгосон. Гэхдээ тэр төгсгөл бол нэг тийм к-драма болчих гээд, гэнэтийн эргэлтүүд нь ихдээд байх шиг сэтгэгдэл төрүүлэх нь төрүүлсэн.

Үнэн хэрэгтээ байртай бол байртай, ажилтай бол ажилтай, эхнэртэй, амраг хүүхнүүдтэй, найз нөхөдтэй, юугаар ч дутаагүй залуу эрийн сэтгэл хэрхэн хоосорсон талаар бид тэндээс үзэх болно. Уг нь тэр муу хүн биш. Гэхдээ өөрийнхөө эрэлд гарахыг хүсдэг. Тэр эрэл бол нугасны ан. Хэдийгээр 60-аад оны Оросын нийгмийг хөндсөн бүтээл ч энэхүү хоосрол гэдэг юм өнөөдрийн цаг үед хаа сайгүй тааралдах болсон. Бүх зүйл бий ч тэр бүгдийн үнэ цэн, өгдөг утга учир гэж зүйл үгүйрэн хоосорч, өөр өөрсдийн нугасны анд явахыг хүсээд хүсээд чадахгүй байгаа хүмүүс бол бид мөн шүү дээ.
Энэ бол маш экзистенциалист жүжиг байлаа. Мөн нээлттэй төгсгөлтэй учир бас бодуулна. Үзэгчдийг татан оролцуулна.
Найруулагчийн шийдэл ч бас тийм бөгөөд жүжигчид эхнээсээ л тайзан дээр хөлхөлдөж угтах юм. Дүр өөрөө зохиол дотроос гэнэтхэн гарч ирээд үзэгчидтэй харилцана, эргээд зохиолдоо ороод явчихна.

Ингээд Улаанбаатарт “Про” театр “Сүүлчийн бороо”-г толилуулж байна. РЦНК-г зориорой. Б.Анхбаатар найруулагчид баяр хүргэе. Энэ хүн ярилцлагадаа “Хайрын тухай л биш бол зохиол гэдэг юуны талаар байх билээ” гэж хэлсэн.
За, тэгээд биднийг дөрвөн жилийн өмнө өөд уруугүй автуулж байсан тэр өдрүүдийг дахин авчирч, “Гэм зэм” бас тоглогдож эхлэх нь дээ. Ер нь хаврын жагсаал цуглаанаас аваад намрын шударга дүр эсгэсэн увайгүй хагарал талцлууд, маш бухимдал дундууд бид 2025 оныг үдэх гэж байна. Одоо нээрэн урлаг л туслах нь. Урлаг дундаа театр бол биднийг нэгэн дээвэр дор татан цугларуулдаг маш үзэсгэлэнтэй орчин шүү дээ.
М.ТЭНГИС

