Хязгааргүй сансар огторгуй. Түм түмэн одод эрхсийн чуулган гэлтэй. Түнэр харанхуйг сүлэн гэрэл гэгээгээ цацраан наран мандана. Цаг хугацаа хөвөрнө. Тэргэл саран гийнэ…
Тиймээ наран мандааж, саран гийлгэсэн Монголын их хатад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ын тайзнаа морилон саатлаа. Монгол хэмээх нэгэн нэрийг дэлхийн түүхнээ “тамгалсан” аугаа их хатад зуу, зуун жилийг өртөөлөн өнөөгийн бидэн дээр айлчлан ирсэн нь энэ юм. Тэнгэр язгуурт Гоо марал, Эв нэгдлийг эрхэмлэгч Алунгоо эх, Төрийн их ижий Өүлэн, Ухаант Бөртэ үжин, Сайн муугийн туйл Дөргөнө хатан, Оюун ухаан төгс Сорхугтани бэхи, Үйлэнд уран Чимбай хатан, Эрч хүчтэй Самар хатан, Эрэмгий дайчин Мандухай хатны хөрөг зургыг бүжгийн хэлээр бүтээн туурвижээ манай урлагынхан. Монголын түүхнээ алдар гавьяа, үйл хэргээрээ мөнхөрсөн эдгээр хатны дүрд бүжгийн урлагын өнөө цагийн өнгийг тодорхойлогч шилдэг бүжигчид тоглосон байна. Урлагын төрөл зүйлийн хувьд бүжгэн туульс гэж нэрлэгдэх эл бүтээлийн ерөнхий продюсераар ҮДБЭЧ-ын ерөнхий захирал Г.Цоггэрэл ажиллаж, эх зохиолыг ҮДБЭЧ-ын дэд захирал Н.Болд бичжээ. Хөгжмийг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд бичиж, хөгжмийн найруулгыг М.Бирваа хийсэн байна. Харин ерөн есөн тэнгэрийн орноос ерөөл билгийн есөн хатнаа урин залж бүжгэн дэгээр амилаасан найруулагч бол МУСТА Д.Баярбаатар байсан юм. Тэрбээр “Монголын их хатад” бүжгэн туульсын ерөнхий бүжиг дэглээчээр ажиллажээ. Хүн төрөлхтний түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн бидний дээд үе хөх Монголын гайхамшигт их хатдын түүхээс сорчлон өргөн олондоо хүргэх энэ их ажилд ҮДБЭЧ-ын бүжигчин, найрал хөгжимчин, дуучин зэрэг 190 гаруй уран бүтээлч оролцжээ. Урлагын ертөнц ямар аугаа, урлагын хүмүүс ямар бурханлаг шинжтэй болохыг тэдгээр уран бүтээлчдээс олж харсан юм. Танхим дүүрэн үзэгчдийн билиг ухааныг түүх соёл, өв уламжлалын мэдлэгээр хангахын зэрэгцээ урлагын тансаг мэдрэмжийг тараан түгээж чадсан нь уран бүтээлчдийн ур чадвар биз ээ. Түүхийн шарланги хуудаснаас тодрон бидний үед хүрээд буй монголын домогт их хатдын өнө мөнхийн гайхамшигт их үйлсийг бүжгийн цоморлиг хэлбэрээр анх удаа үзүүлж байгаагаараа энэ бүтээл шинэ содон ажээ. Ингээд их хатдын дүрийн тухай бүжгэн туульсын өрнөлөөр өгүүлье.
Бөртэ чину, Гоо марал хоёрын гүн хайрын бүжиг
Тэнгэрийн хаяа цэлмэн наран хөөрлөө. Үзэсгэлэн төгс Гоо марал хатан мөнх тэнгэрээс заяагдана. Сэтгэл алдарсан Бөртэ чину хайрын сэтгэлээ илчилнэ. Бөртэ чину, Гоо марал хоёрын бүжиг ийн эхэллээ. Бүжгэнд нэвт гэрэлтэх шар туяаны дор Бөртэ чину, Гоо марал хоёрын амин эрдэнэ Батцагаан хөвүүн тодорно. Монгол овгийн эхлэл Бөртэ чину, Гоо марал, хөвүүн Батцагаан нар баясан мөнх хөх тэнгэр, Бурхан Халдунд мөргөн бүжнэ. Үзэгчдийн алга ташилт, бүжигчдийн халуун эрч хүч, хөгжмийн нүсэр дуугаралт, дуучдын эгшигт хоолой цангинана. Гайхамшигт мэдрэмж, гайхалтай сайхан дүр зураг…Монголчууд бидний бахархалт дээд өрлөг эх болох Гоо Маралын дүрийг МУСТА, бүжигчин Саранцэцэгийн Цэцгээ бүтээжээ.
Эв эеийг илтгэх бүжиг
Алунгоо хатан тэнгэрийн хөвүүдийг төрүүлж байгаагаар бүжиг эхлэнэ. Нэгэн хэвлийд багталцан байсан таван хөвгүүд нартад гараад нэгэн эвд үл орно. Алун гоо хатан бутарсан бодолтой таван хөвүүдээ нэг гарын таван хуруу мэт эвтэй байхыг сургамжлан захина. Эв эеийг ойлгосон таван хөвүүн эхийн сургаалийг сахихаа андгайлан бүжнэ. Алун гоо хатан нэгэн багц сум, нэгэн гарын таван хуруу мэт баясах хөвүүдээрээ бахархан бүжнэ. Уран хөдөлгөөн, учир төгөлдөр өрнөлт эл бүжгийг үзсэн хүмүүс өөрийн эрхгүй уулга алдан, уухайн дуу танхим дүүрэн уянгалж байлаа… Монгол төр ёсны оршин тогтнох эв эеийн сургаал номлолын уламжлалыг үүсгэсэн алдарт Алун гоо хатны дүрийг МУСТА, бүжигчин Гэрлээгийн Уянга бүтээсэн байна.
Эмгэнэл, цөхрөл, харуусал, эрч хүч
Есүхэй баатрын өргөө. Хүүхдүүд хөгжилдөн тоглох дүр зургаар бүжиг эхлэнэ. Есүхэй, Өүлэн хоёр эрийн цээнд хүрч буй Тэмүжин хөвүүндээ гэргий буулгах талаар ярилцана. Тэмүжин анх удаа аавтайгаа алсын замд явахаар болно. Өүлэн хатан сайн сайхныг билэгдэн алтан, мөнгөн шагайг зүүж өгөн сацал өргөнө. Хонгирадын Дэйсэцэний гэрт хөвүүнээ үлдээсэн есүхэй баатар буцах замдаа олон татаруудтай тааран далд өс санасан тэдэнд хорлогдоно. Боржигон аймгийн удирдагч эр нөхрөө алдсан Өүлэн хатны шаналал. Хэсэгхэн цаг хугацаа улирч одно. Тэмүжин, Хасар хоёр нийлэн Бэгтэрийг харван ална. Хожимдож ирсэн Өүлэн хатан хилэгнэн догширно. Эмгэнэл, цөхрөл, харуусал. Эцэстээ Өүлэн эх энэ бүхнийг даван туулж, хөвүүдээ эрийн цээнд хүргэв. Эрч хүчит эрхэмсэг Өүлэн эх түүхээс эргээд ирсэн мэт мэдрэмж төрөх. Эл мэдрэмжийг төрүүлж чадсан хүн бол МУСТА, бүжигчин Төмөрхуягийн Ариунжаргал байсан юм.
“Их Монгол Улсын төрийн их хатан” Бөртэ
Бөртэ хатны өргөө. Дайнд морьдсон эр нөхөр, дайчин эрчүүдэд санаа зовнисон Бөртэ. Түгшүүр, хүлээлт. Морин төвөргөөн сонсогдоно. Өргөөнд Мухулай жанжин орж ирнэ. Татаарыг сөнөөн дарсан Чингсийн ялалтын мэдээг бахдалтайгаар мэдэгдэнэ. Мухулай бодлогоширно. Бөртэ хатан гайхна. Чинги Татарын Их Чэрэнгийн охид Есүй, Есүгэн хоёрыг эхнэр буулган авсныг Мухулай хэлнэ. Бөртэ хатны гоморхол. Он жилүүд өнгөрөн одож, 1206 он гарна. Чингис хаан олон аймгийг нэгтгэн зангидаж, “Их Монгол Улс” юугаа хөрстөд зарлана. Түмний хайрыг хүлээсэн түшиг хань Бөртэ хатнаа “Их Монгол Улсын төрийн их хатнаар” өргөмжилнө.Их хурим найр эхэлнэ… Бүжигчид бүжнэ. Үзэгчид алга ташина… Бөртэ хатны дүрд МУСТА, бүжигчин Пүрэвмашын Мөнхцацрал тогложээ.
Төр барих ухаан, шантаршгүй зоригийн ноён оргил
Өгэдэй хааны хатан Дөргэнэ хатан сэнтийдээ төрийн бодлогыг бясалган сууна. Үнэнч зарц Фатима хатандаа тал засан аяглана. Дөргэнэ хатан салхилна. Ордон эзгүйрэх цагаар Абдулархмантай хуйвалдсан зарц бүсгүй Фатима үе дамжин ирсэн эрдэнийн судрыг хулгайлна. Дөргэнэ хатан бачимдан самгардана. Эх хатандаа бухимдсан Гүюүг хаан эрдэнийн судрыг хулгайлсан Фатимаг илчлэн барьж тушаана. Итгэлийг нь эвдсэн зарц бүсгүй Фатимаг харан цочирдсон Дөргэнэ хатны шаналалаар бүжгийн тайлал гарна. Дөргэнэ хатан Гүюүг, Годан, Хүлгэн, Хүчү, Хадаан таван хөвүүн төрүүлсэн. Өгэдэй хааныг нас барснаас хойш 1241-1246 оны хооронд Их Монгол Улсын төрийг барьсан хатан бол Дөргэнэ аж. Төр барих ухаан, шантаршгүй зоригийн ноён оргил түүний дүрийг тайзнаа МУСТА, бүжигчин Энхтайвангийн Номин амилуулжээ.
Дөрвөн их хааныг төрүүлсэн Сорхагтани хатан
Номын алтан өргөө. Өргөөний голд том тулганд гал бадамлан асна. Хойморт Сорхагтани хатан тэнгэрийн их цаазыг буулгана. Түүнд Елүй Чуцай болон олон газар нутгийн эрдэмтэн мэргэд бараалхана. Сорхагтани хатан тэнгэрийн их цаазын сургаал айлдана. Цаг хугацаа улиран одно. Хөвүүд өсч торнин дөрвөн их хаад болоод ухаант ээж Сорхагтани хатанд хүндэтгэл үзүүлэн бүжнэ. Бүжгийн гайхамшгийг үзүүлсэн бүжигчдэд үзэгчид урам өгөн улам алга ташиж, уухайлсаар байв. Сорхагтани хатан бол их хаан Мөнх, Юань улсыг үндэслэгч Хубилай, Ил хаант улсыг үнпэслэгч Хүлэгү, Уугуул монгол орноо захиран суусан Аригбөх дөрвөн их хааныг төрүүлсэн их гавьяатан билээ.Түүхэн гавьяат түүний дүрийг МУСТА, бүжигчин Мягмарын Бямбаа бүтээжээ.
Юань гүрний их хатан Чимбай
Юань гүрний их нийслэл. Хааны ордон. Өглөөний наран Чимбай хатны өргөөг гэрэлтүүлнэ. Хатны өргөөнд олон ятгач, бүжигч охид цэнгэн дуулж, Чимбай хатныг баясгана. Сэтгэл догдолсон хатан биеийн гоо сайхнаа илэрхийлэн бүжин наадна. Хааны ордонд оройн цаг болжээ. Их хүндэтгэлийн цэнгүүн эхэлнэ. Хубилай хаан бараа бологсдын хамт хүрэлцэн ирнэ. Хубилай хаан, Чимбай хатан булт цугаар баярлан цэнгэнэ… Бүжигчид ийм л дүр зургыг буй болгож, үзэгчдийн анхаарлыг өөрсдөдөө соронзон мэт татаж чаджээ. Хубилай хааны олон татвар эмээс оюун ухаан, авьяас билгээрээ тодрон Юань гүрний их хатан болж чадсан Чимбай хатны дүрийг МУСТА, бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор бүтээсэн юм.
Батмөнх жононгийн өрлөг эх Самар хатан
.Алтан ургийн цор ганц үргэлжлэл бяцхан Баянмөнх жонон хөвүүн тоглон сууна. Самар хатан жонон хөвүүнийг авран хамгаалахыг мөнх хөх тэнгэр, эзэн дээдсийн их сүр сүлднээс залбиран гуйна. Ач хүү Эсэн тайж ирж буй тухай түгшүүрт мэдээг дуулгана. Самар хатан бяцхан Жононг хөмөрсөн арагт нууна. Жонон хөвүүнийг олоогүй Эсэнтайж хилэгнэн буцна. Самар хатан бяцхан Жононг хамгаалж, алтан ургийн үргэлжлэлийг эсэн мэнд байлгахын тулд өөрийн ач хүү Эсэнтайжтай дайтахаар шийднэ… Сонирхолтой өрнөл, санаанд оромгүй гайхашрал төрүүлсэн бүжиг эндээс гарсан юм. Самар хатны дүрд МУГЖ, бүжигчин Шагдарын Одонтуяа тоглосон байв. Тэрбээр бүжигт хэл байдаг юм шүү гэдгийг батлан харуулж чадсан юм. Түүний бүжгийн хөдөлгөөн бүхнээс “үг” гарч, үйлдэл бүрээс “өгүүлбэр” ундарч байлаа.
Сэцэн билэгт Мандухай хатан
Мандуул хааны өргөө. Бэлэвсэн хоцорсон Мандухай хатан их үйлийг эргэцүүлэн бодно. Төрийн их сайд нартайгаа зөвлөлдсөн Мандухай хатан өөрийн биеийн жаргалыг огоорон Батмөнх хөвүүнийг хаан ширээнд залахаар шийдвэрлэнэ. Их хэнгэрэг дэлдэнэ. Их хатны зарлиг буув. Их цэрэг хөдөллөө. Батмөнх хөвүүнийг хаан ширээнд залж даяарыг эзлэн нэгтгэхийг билэгдэн. “Даян хаан” хэмээн цоллож, Мандухай сэцэн хатан төрийн алтан тамгаа гардуулна… Бүх Монгол улсыг 40 жил нэгтгэн захирсан сэцэн билэгт хатан, төрийн гарамгай бодлоготны дүрд МУСТА, жүжигчин Ж.Мандухай тогложээ. Түүний гал бутарсан хөдөлгөөнөөс эрч хүч мэдрэгдэж, түүхэн их хатдаараа омогших хүсэл өөрийн эрхгүй төрж байлаа.
Ийнхүү онгод хөлөглөж буусан Монголын их хатад ДБЭЧ-ын тайзнаа амилж, түүхэн үйлс, мөнхийн гавьяа, гэгээн дүрээрээ хойч үеийн бидэндээ морилон саатсан нь энэ байлаа.
С.Өлзийбаяр
Эх сурвалж: yalagch.mn