Уншигч та бүхнийг энэ удаад төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатартай уулзуулж байна.
-Шинэ он тун удахгүй болох гэж байна. Та хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Шинэ он дөхөж байгаа энэ үед уншигчидтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Монголчууддаа шинэ оны мэнд хүргэе. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ сайхан тэмдэглэдэг. Шинэ он гарч байгаагийн хувьд хүүхдүүдтэйгээ оргилуун дарс задалж, амтат бялуу хувааж идээд өнгөрүүлдэг. Хүүхдүүд маань хүсэн хүлээдэг болохоор тэднийгээ баярлуулахыг боддог доо. Том охин маань орос сургуульд сурдаг ч урлагт их дуртай. Бага нь ч ялгаагүй. Сонирхлынх нь дагуу Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурийн ангид оруулсан юм. Он солигдохоос өмнө эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ бага зэрэг тоглолтын номер бэлтгэж дуулж, бүжиглэдэг. Тэр жишгээрээ энэ жил бас л нэг урлагийн номер бэлтгэнэ дээ. Аав, ээж хоёр нь охиддоо үргэлж цаг гаргаж чаддаггүй болохоор хамт дуулах их дуртай байдаг.
-Таныг бага байхад шинэ жилийн баяр хэрхэн болдог байсан бэ?
-Надад жил бүрийн шинэ жил, наадам сайхан болж үлдсэн. Бага байхад алим, жүрж ховор байсан. Арванхоёрдугаар сар гарангуут “Шинэ жил болох нь эдгээр жимсийг идэх нь” гэж бодохоор бараг нойр хүрдэггүй байлаа. Гацуур модоо чимэглэх гэж их л догдолдог байж билээ. Тэр үед одоогийнх шиг хиймэл гацуур байгаагүй тул ойн хамгаалагчаас зөвшөөрөл авч уулнаас ориг гацуур чаргаар авч ирж, гэрийнхээ хойморт зална. Гялгар, гоёмсог чимэглэл байдаггүй байсан болохоор өнгийн цаасаар элдэв янзын амьтдын дүрс хайчилж чимдэг байсан. Мөчир дээр нь хөвөн наана. Цас тогтсон мэт харагдуулах гэж тэр л дээ.
-Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу?
-Айлд өвлийн өвгөн нэг их ирдэггүй байсан. Харин цэцэрлэг, сургуульд жил бүр ирнэ. Тэр болгонд л бэлэг авна шүү дээ.
-Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг байсан уу?
-Тэгэлгүй яах вэ, Энэ өвгөн хаанаас, юугаар ирдэг юм бол гэж их бодно. Цэцэрлэгт байхад багш биднийг нэг ангид оруулаад “Өвлийн өвгөн аав ирэх гэж байна. Томоотой суугаарай. Үймүүлдэг хүүхдэд бэлэг өгдөггүй юм шүү” гэхээр нь томоотой нь аргагүй сууна. Нэрсийг дарааллаар дуудаад бэлэг өгөхөөр нь нэрээ сонсохгүй өнгөрөөчих вий гэж бодоод аль болох чих тавиад сууна шүү дээ. Ингэж ингэж бэлгээ авсныхаа дараа нимгэн трико өмссөн цасан охидыг нь хараад “Даардаггүй юм байх даа. Цасан охид юм чинь арга ч үгүй байлгүй дээ. Харин чаргаар ирдэг гэсэн. Морь, бугын алийг нь хөлөглөж ирдэг юм бол” гэж бодно.
-Шинэ жилийн үеэр хөгжилтэй зүйл олон тохиолддог. Та өөрт тохиолдсоноо сонирхуулаач?
-Цэцэрлэгт байхад аав минь нэг удаа ангийн шинэ жилд оролцоход хатуулгатай цаасаар баатрын хувцас хийж өгч, бэлэг болгож билээ. Тэр жилийнх бол надад сүүлийн хэдэн жил тохиогоогүй сайхан шинэ жил байсан. Тэр оны шинэ жилийн баяр өнгөрөхөөр хувцсаа ангийнхаа толины ард хадгалж байгаад дараа жилийн шинэ жилээр өмсөх гэтэл багтдаггүй. Миний уурлах, уйлах гэж жигтэйхэн. Гэртээ уруу царайлсан амьтан иртэл аав “Миний хүү яагаад уурлачихав” гэв. Учраа хэлтэл “Үүнд уурлах юу байх вэ. Аавдаа зүгээр л хэлчихгүй. Дахиад хийгээд өгье” гээд шөнөжин сууж байгаад өмнөхөөсөө гоёор сэлэмтэй хийж өгсөн. Гэвч миний сэтгэлд өмнөх нь илүү үлдсэн болохоор нэг их баярлаагүй. Хүүхүүд ч “Би өмсч үзье” гэхээр нь “Үгүй, би бол Цогт тайжийн хүүхэд. Ганцаараа л ийм сэлэм, хувцастай байна” гэж онгирно. Ангийн хүүхэд “Баатар хүн сахалтай байдаг. Чамд алга” гэхээр нь балын харандаа цаасан дээр үрж байгаад хурууныхаа үзүүрээр арчиж, сахал хийсэн. Миний нас ахиж яваа ч шинэ жил болох бүрт тэр шинэ жилийг боддог юм.
-Баатрын хувцас өмсч “Цогт тайжийн хүүхэд” болж тоглож байсан тань урлагт хөл тавихад нөлөөлсөн байх даа?
-Магадгүй. Аавыгаа дагаж олон жүжигчинтэй уулзахын зэрэгцээ тэднийг тайзны ард хувцсаа сольж, өмсч байгааг харах их сонирхолтой байсан. Дунд сургуульд урлагийн үзлэгээр шүлэг их уншина. Харин ахлах ангид ороход багш алиалагчаас эхлээд олон номерт оруулах гэхэд нь зугтдаг болсон. Хүнд зөн совин гэж байдаг. Угаасаа л драмын жүжигчин болох учиртай болоод л хошин шогийн номероос зайлсхийгээд байж л дээ.
-Таныг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг юм билээ?
-Тийм. Өөрөө тийм хүүхэд байсан болоод ч тэр үү ийш, тийш үсчсэн, сахилгагүй хүүхдэд хайртай. Ийм хүүхэд том болоод амьдрал үзэхээрээ гүйлгээ ухаанаараа ном уншсан, ноомой хүүхдээс илүү ихийг тооцоолсон байдаг юм. Би хүнийг үйлдлээр, үгээр их зовоодог байсан. Жишээ нь, хүн сууж байхад ширээнийх нь доогуур мөлхөж ороод гутлых нь үдээсийг сандлын хөлтэй уячихдаг байсан. Мөн эмэгтэй хүүхдийн үсийг сандлынх нь түшлэгтэй холбочихно. Цас орохоор ангийнхаа хүүхдүүдийн хүзүү, энгэр рүү хийнэ. Цаас зажилж байгаад хүний улаан нүүр рүү пял гэтэл нь шиднэ. Хорлон санаагүй сахилгагүйтдэг байсан минь намайг урлаг руу аяндаа хөтөлсөн байх. Зажилсан цаасаа хүний нүүрэнд наахаар яаж ярвайдаг, ямар үйлдэл хийдгийг нь харах их дуртай. Одоо аль нэг жүжигт тоглож байхад тийм үйлдэл гарга гэвэл найруулагчаасаа асуулгүй тодоор гаргачихаж чадна. Би тэдгээр үйлдлийг багаасаа цуглуулж, их урлагт эргэл буцалтгүй орсон.
-Та ахлах ангид ороод янз бүрийн урлагийн үзлэгт тоглохоо больсон юм уу?
-Би дургүйдээ болиогүй. Хамгийн гол нь их ичдэг болсон юм. Тэр байдал оюутан болоод ч салаагүй. Харин багш, найз олон жүжигчний тусламжтайгаар бүрэг зангаа орхисон.
-Аавтайгаа уран бүтээлийн талаар ярилцдаг байв уу?
-Намайг долоон настай байхад аав бурхан болсон учир уран бүтээлийн талаар ярилцаж чадаагүй ээ. Бид хоёр түрдэг дугуйны талаар ярьж байсан зүйл харин санаанаас гардаггүй юм. Тэр үед хүүхдүүд томор утас тахийлгаж байгаад дугуй түрж тоглодог байлаа. Би тэгж тоглох гэсэн чинь түрдэг төмөр байдаггүй. Аав “Ховилтой модоор түр” гэв. Би тэр хүүхдүүд шиг төмрөөр түрэх гэж дургүйцэхэд “Хүн хийе гэсэн зүйлээ өөр өнцгөөс ч гэсэн чадъя гэвэл болдог юм” гэж билээ. Үүгээрээ намайг ухаажуулж байж. Хааяа ээждээ зодуулахаараа аавдаа уйлаад очно. Тэгэхээр “Миний хүү битгий уйл. Эр хүн эодуулах тусам хатууждаг юм” гэж аргаддаг байсан.
-Аав тань “Энэ шар л урлагийн хүн болж магадгүй” гэж ээжид тань хэлж байсан гэдэг. Багаас тань таньж байж ээ?
-Тийм байх. Өөрийнх нь зөн совинд би жүжигчин болмоор санагдсан юм байлгүй. Тиймээс ч би хичээж явна.
-Анх урлагт хөл тавихад юу бодогдож байв?
-Аавыгаа бурхан болсноос хойш 12 жилийн дараа анхны бүтээл “Хүний амь” кинонд тоглосон. Тэр үед би “Нэг юм тоглосон боллоо доо” гэж бодсон. Ээж маань урлагийн хүн биш болохоор ингэж л тоглох ёстой байж гэж бодоод өнгөрсөн гэсэн. Киноны дараа уран бүтээлчдэд шагнал гардуулахад би ээждээ бүх мөнгөө өгсөн. Тэгэхэд “Миний хүү одоо л тусад орох нь дээ. Аав нь урлагт 10 жил зүтгэсний дараа “Одоо л би жүжигчин болох нь дээ” гэж байсан. Чи сайн жүжигчин болъё гэж бодож байвал аливаа дүрд тоглосон шиг тогло, үгүй бол зүгээр нэг дүрд ороод гардаг хүн шиг тоглох хэрэггүй” гэсэн. Тэр үг надад ихийг ухааруулсан шүү.
-Олонд танигдаж эхлэхдээ биеэ тоож байв уу?
-Миний аав олон шавьтай. Зарим нь надад аав болдог. Тэд надад “Миний дүү үргэлж л хүүхэд зангаараа байгаарай. Битгий биеэ тоогоорой” гэж байнга хэлдэг. Би угаасаа тийм зан гаргахгүй л дээ. Харин ч тийм зан гаргаж байгаа хүмүүсийг харахаар дургүй хүрээд байдаг юм. Хүн сайн байж болно. Харин сагсуурах хэрэггүй л байхгүй юу. Одоогийн томчууд яг ийм зантай. Зиндаархаад л. Тэд надаас мөнгөөрөө л илүү. Өөр илүүрхэх юмгүй байж хөгийн зан гаргаад байдаг юм.
-Та одоо ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?
-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй болохоор тийм дүр бүтээчих юмсан гэж бодолгүй яах вэ. Нас ахиж яваа болохоор малчин монгол эрийн дүр бүтээхийг хүсч байна. Чөлөөт уран бүтээлч гэсэн нэр зүүсэн болохоор санаанд тохирсон дүр байвал үгүй гэхгүй. Гавъяат жүжигчин Н.Ариунболд (Бооёо) нэг сонинд ярилцлага өгөхдөө намайг Төмөрбаатар тийм л сайн юм бол над шиг хэдэн хүн удирдаад хошин шог тоглоод явахгүй яасан юм бэ” гэж хэлсэн байна билээ. Би драмын жүжигчин болохоос хошин шогийн жүжигчин биш. Тэгээд ч Хүүхэд залуучууд театрыг минь И.Нямгаваа гэдэг хүн сөнөөгөөгүй бол би хүнд ингэж хэлүүлээд явахгүй байсан.
-Таныг би залуудаа их омголон байсан болов уу гэж боддог юм?
-Угаасаа шартай хүүхэд байсан. Зөв юмны өмнө хэзээд бат зогсдог. Хэрэлдвэл хэрэлдэнэ, зодолдвол зодолдоно. Одоо ч иймээрээ. Надад нэг бодол байдаг юм.
-Ямар?
-Хэн нэгэн толгой дээр гарах гээд байвал “Чи намайг эцэггүй болохоор дээрэлхэх гээд байна уу” гээд босдог. Намайг дунд сургуульд байхад багш аавгүй болохоор их дээрэлхдэг байсан. Тэр бодол одоо хүртэл миний оюун ухаанд шингэсэн байх. Эцэггүй ч гэсэн би хүнд дээрэлхүүлэхгүй.
-Та “Миний аавын нэрийг шавь нараас нь эхлээд олон хүн барьдаг. Тэгсэн хэрнээ хөшөөг нь ч босгоогүй байна шүү дээ” гэж хэлж байсан?
-Тэр үед би жаахан шаралхсандаа тэгж хэлсэн байж магадгүй. Би аавдаа зориулж хөшөө босгох гэж их хичээсэн. Гэвч бараагүй. Харин одоо чадахаар болсон. Гэтэл зарим хүн бараг амьд хэрнээ өөрсдөдөө хөшөө босгуулах гээд байгаа учир больсон. Цагааны Цэгмид гэдэг хүн байсан уу байсан, кино урлагт дийлж байсан уу, дийлсэн нь үнэн юм чинь би өөрөөр мөнхлөх гээд яах вэ дээ. Би зүтгэсэн зүтгээгүй ард түмэн аавыг минь мэдэх юм чинь.
-Бурхан болсон олон алдартны ар гэр нэрэмжит шагналыг нь бий болгодог. Танд аавынхаа нэрэмжит шагналыг бий болгох бодол байхгүй юу?
-Ийм бодол байсан. Гэвч намайг дэмжиж ажиллах дургүй хүмүүсийг гуйхгүй. Тэгвэл аавыгаа доромжлуулсан болно.
-Таны аав ер нь хэчнээн шавьтай вэ?
-13. “Итгэлт баян” А.Очирбатаас эхлээд олон сайн жүжигчин бий. Кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангид багшилж байсан жүжигчин Д.Маамхүү гуай ч байна. Энэ хүн одоо ямар ч гавъяа, шагналгүй явна. Чөлөөт уран бүтээлч гэсэн гудамжинд дэлгэрсэн үгээр өөрийгөө баясгаад ямар нэгэн кинонд тоглоод явж байна.
-Таны эгч СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Төмөрхуяг, Төмөрсүх нар тань жүжигчин, балетчин мэргэжилтэй. Жүжигчид “Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарж бай” гэсэн байдаг юм билээ.
Яагаад ингэж хэлсэн юм бол?
-“Ц.Цэгмидийн хүүхэд гэхээр л бүгд урлагийн хүн болж байдаг юм уу. Тэдннйг дарж байх хэрэгтэй” гэсэн өвгөчүүдээс гарсан яриа бий. Дараагийн үе нь хэрэгжүүлэх гэж яваа. Миний дээд үе гэсэн үг. Гэхдээ чадахгүй л дээ. Авъяас билэг агуу юм чинь биднийг хэчнээн дараад ч чадахгүй байгаа юм чинь. Тэд биднийг дийлж жүжиглэж чадахгүй болохоор ингэж хэлэхээс ч яах вэ дээ. Ийм яриа гаргасан хүмүүсийг би мэднэ. Аав минь залуудаа нас барсан нь ийм яриа гаргасан тэдний хараал ч шингэсэн байх гэж боддог юм. Хэрвээ би тэдэн шиг хэн нэгнийг зулгуйдаад явсан бол Ардын жүжигчин байтугай Хөдөлмөрийн баатар цол авах байсан. Гэхдээ би тэгэхгүй. Миний цусаар шударга бай гэсэн үг урсч байгаа. Биднийг дарах гэсэн хүмүүс ингэж яриад явж л байг. Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарав ч далдайна, булавч бултайна гэж хэлэх байна.
-Энэ үгийг анх сонсоод эмзэглэсэн үү?
-Үгүй. Миний дотрыг улам загатнуулж, юу чаддагаа харуулах хүслийг бадраасан. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэж үг байдаг шүү дээ. Улам өндөр ургана даа.
-Та Тэмүүжин, Жамуха хоёрын дүрийг бүтээсэн. Аль нь хэцүү байсан бэ?
-Энэ хоёрын дүр нэг үеийн баатарлаг түүх болсон. Жамухын дүр надад илүү ааг, омогтой, зорилгынхоо төлөө оюун ухаанаа зарцуулсан хүн санагдсан. Энэ хоёрыг харьцуулахад нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр гэсэн үг санаанд буудаг. Тэмүүжин өөрийнхөө цаг үеийг зөв ухаарсан хүн. Одоогийнхоор бол менежмент сайтай гэсэн үг. Аль алинд нь хэцүү байгаагүй ээ.
-Таны бодлоор Тэмүүжингийн оронд Жамуха байсан бол өдийд яах байсан бол?
-Би аливаа зүйлийг хоёрлосон жишгээр боддог. Нэг нь байхгүй бол нөгөө нь залгах учиртай. Гэхдээ нэг нь байхаар тогтносон цагт хоёрдогч нь үгүй болох хэрэгтэй. Хоёулаа адил байвал хэн хэндээ дайсан мэт явсаар аль ч үгүй болно. Тиймээс Жамуха агуу ухаанаараа өөрийгөө хороолгуулсан. Хэрвээ Тэмүүжин үгүй байсан бол Жамуха түүний замналаар явах байсан болов уу. Жамуха Тэмүүжинийг ялах гурван боломж байдаг гэж Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн байдаг. Тэгсэн атлаа яагаад ялаагүй вэ гэвэл тэр хоёр “Ярихгүй зүйлээ ярилцаж, сэтгэхгүй зүйлээ сэтгэлцэж, нэгэн хөнжилд шургах адил явъя” гэсэн үгэндээ бат зогссон болохоор үнэнч байж чадсан.
-Одоо нийгэмд үнэнч зүйл бараг байхгүй боллоо гэж ярих олон болсон. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Гадны нөлөө их байна.
-Тодорхой яриач?
-Хятадын нөлөө гэсэн үг. Тэдний эртний бодлого Монголчуудыг монгол биш болгох байсан. УИХ-д сууж буй хүмүүсийн 70 хувь нь хятадын эрлийз. Өнөөдөр манай улсад суугаа хятад иргэдийн тоо хэд хүрснийг бүү мэд. Ингэхээр монгол залуусын оюун ухаан хаашаа хазайх нь ойлгомжтой. Бүх салбарын бодлого алдагдчихсан байна. Залуучуудаас уламжлал, түүх соёл асуухаар юу ч мэддэггүй. Тэдний хийж байгаа зүйл юу вэ гэвэл архи, зугаа цэнгэл. Гурван сая хүрэхгүй иргэнд сайхан явах боломж байна. Тэгсэн атлаа Чингисийн монгол гэж цээжээ дэлдсэн залуус нь архинд мансуурч, хогийн савны дэргэд хэвтэж байна. Үүнд мйний сэтгэл үнэхээр эмзэглэдэг. Нийгмийг сайхан байлгах үүргийг 76 гишүүнд хүлээлгэж өгөөд байхад чадахгүй юм. Дээр нь нам гэсэн нэрийдлээр хэд хуваагдчихсан. Энэ нь хэтээсээ л Манжийн үед байсан. Одоо дахиад ирлээ. Би ард түмэндээ “Эдгээр гишүүнээс нэгийг нь ч битгий сонго” гэж хэлмээр байна. Харин амьдрал үзсэн, ажил хийдэг олон эрдэмтнээ сонго.
– Таныг дээхнэ УИХ-д нэр дэвшихнэ гэж байна гэж сонссон. Тэр бодол хэвээрээ юү?
-Сонгуулийн хуулиар бие дааж нэр дэвших боломжгүй болохоор чадахгүй нь.
-Нэр дэвшихээсээ өмнө тань шиг сайхан ярьдаг байсан, хүн УИХ-д суухаараа амаа үдүүлдэг. Та өнөөдрийнх шигээ байж чадах байсан уу?
-Би хэзээ ч амаа үдүүлэхгүй. Чиглэл чиглэлээр, сурсан сурснаараа улсдаа нэмэр болох уриа гаргах байсан. Би одоо сууж байгаа гишүүд шиг хуурамч диплом өвөртөлж, түүнийхээ цаана нуугдахгүй. Зөвхөн соёл урлаг, боловсролын талд ажиллана гэнэ. Чадахгүй байж уул уурхай ярьж, замын тендер авах гэж хөөцөлдөхгүй.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Гэр бүлийн маань хүнийг Б.Отгончимэг гэдэг. Уг нь урлагийн хүн. Одоогоор хувиараа уул уурхайн комнани байгуулаад ажиллаж байна. Том охин Биндэрьяа энэ жил арваннэгдүгээр ангид сурч байна. Бага охин Сүндэрьяа Хөгжим бүжгийн дүнд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Өөрөө жүжигчин болно гээд байгаа. Яг жүжигчин болно гэвэл хойд хөрш рүү явуулна, тэндхийн сургалт сайн.
-Эхнэр тань таниас нэлээд дүү гэж сонссон?
-Тийм ээ. Хүмүүс ийм сонин юманд их дурладаг л даа. Би 60 настай байгаад 18-тай бүсгүйтэй суусан ч яадаг юм. Миний аав ээжээс 21 насаар ах. Би эхнэрээсээ 14 насаар ах. Хэн хэндээ хайртай байгаад, амьдралаа сайхан авч явж чадаж байвал болоо.
-Охидынхоо нэрийг та хайрласан уу?
-Тийм. И.Нямгаваа бид хоёр сайхан цагт Хүүхэд залуучүудын театрт ажиллаж байхад манай том охин ээжийнхээ гэдсэнд байсан юм. Тэр үед түүний хүүхэд “Би Сүндэрьяа дүүдээ чихэр өгнө гэдэг байсан юм. Би “Сүндэрьяа дүү чинь хаана байгаа юм” гэхээр манай эхнэрийн гэдэс рүү заадаг байсан. Хүүхэд тэгж байгаад нь бэлгэшээгээд энэ нэрийг өгсөн. Манайхан Батаар эхэлсэн нэртэй хүүтэй бол бусдыг нь адил эхлүүлдэг болохоор дүүг нь ч бас ингээд нэрлэчихсэн юм.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Шинэ ондоо сайхан баярлаарай.
У.Баярсайхан
Эх сурвалж: Yalagch.mn