-Үнэндээ өнөөгийн Монголын жүжигчдийн үнэ хөлс яагаа ч үгүй байж тэнгэрт хадсан байна-
Кино урлагийн салбарт маш олон бүтээл төрөн гарах болсон. Харин сэтгэлгээний чиглэлээр бүтээгдсэн уран бүтээл харьцангуй цөөхөн. Тэгвэл энэ орон зайг соргогоор олж харан “Тайга” киног бүтээсэн залуу уран бүтээлч зохиолч, найруулагч Д.Ууганбаяртай кино бүтсэн түүх, кинонд ажилласан уран бүтээлчдийн талаар ярилцлаа.
-Киноны зохиолыг хэзээнээс эхэлж, ямар хугацаанд бичсэн гээд киноны талаар ерөнхий мэдээллийг уншигчдад өгвөл?
-“Тайга” киноны зохиолыг 2012 оны намар бичиж эхэлсэн. Нийтдээ зургаан сарын турш бичсэн юм байна. Ерөнхийдөө продюссер О.Энхбаяр маань кино хийх саналыг анх тавьж, хамтарч ажиллахаар шийдсэн. Анхнаасаа сэтгэлгээний кино хийе гэж төлөвлөж, цөөхөн дүртэй, цөөхөн объекттэй байхаар шийдэж, зохиолоо бичсэн. Мөн Кино зохиолчдын клубийн зохиолч Б.Цэвээндулам хамтарч ажилласан. Ер нь “Тайга” киноны зохиол нэлээд маргаан, цөхрөлтэй ширүүн нөхцлөөс мэндэлсэн шүү.
–Нэг киног бүтээхэд ард нь маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. “Тайга” кинонд ажилласан уран бүтээлчдийн талаар сонирхуулаач?
-Киноныхоо зохиолоос хамаараад “Тайга” кинонд харьцангуй цөөхөн хүнтэй баг ажилласан. Кастинг найруулагч Л.Таванбаяр маань жүжигчдийнхээ бүрэлдэхүүнийг маш сайн бүрдүүлсэн. Н.Ялалт, Н.Төмөрбат, Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн, Л.Баярсайхан, А.Цэгмид гээд бүгд дүрээ онож чадсан жүжигчид байсан л даа. Ерөнхий зураачаар С.Пүрэвхүү, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат, дууны найруулагч С.Нэргүй, нүүр будагч Ц.Дэлгэр гээд дэлгэцийн урлагт туршлагатай баг бүрэлдэхүүн бүрдэж чадсан.
-Дийлэнх нь залуу уран бүтээлчид учир бүрэн хэмжээний уран сайхны кино хийхэд хүндрэлтэй зүйлүүд их байв уу. Тэр бүр хүмүүсийн барьж авч, хөндөөд байдаггүй хүнд сэдэв шиг санагдсан?
-Тийм ээ, ихэнх нь залуучууд, тэгээд анхных нь кино байсан. Сэдвийн хувьд бол нэг их очир алмаз шиг ховор сэдэв биш л дээ. Бидний эргэн тойронд байдаг л үйл явдал, ярьдаг л сэдэв. Харин хэлбэр хийц, жанрын хувьд бол арай өөр байлаа. Гэтэл кинонд ажилласан уран бүтээлчид маань зохиолоо уншаад бүгд их сонирхож хүлээн авсан. Ийм кино хэн үзэх юм гэж нэг нь ч хэлээгүй. Харин ч их олзуурхаж, сонин кино болох нь ээ гэж хүлээж авсанд баяртай байсан. Тэгэхээр зохиол дээрээ бүгд санаа нийлж чадсан учраас кино хийх явцдаа нэг их хүндрэл гараагүй гэхэд болно.
-Олон чадварлаг жүжигчин кинонд тоглосон байсан. Дүр сонголтод хэрхэн ажиллав?
-Зохиолч, найруулагч Л.Таванбаяр маань энэ киноны кастингийг хийсэн. Үнэндээ өнөөгийн Монголын жүжигчдийн үнэ хөлс яагаа ч үгүй байж тэнгэрт хадсан байна. “Тайга” киноныхоо хэлбэр жанарыг ч бодсон, мөнгө санхүүгээ ч бодсон бидэнд тэр том, царайлаг “од” нь тийм ч их хэрэгтэй байгаагүй. Үүнийг л кастинг найруулагч маань маш сайн мэдэрч, энэ киноны жүжигчдийн бүрэлдэхүүнийг бүрдүүлж чадсан гэж бодож байгаа.
– Киноныхоо зохиолыг бичиж, найруулагчаар ажиллалаа. Урьд нь өөр ямар нэг уран бүтээл дээр ажиллаж байв уу?
-“Тайга” кино л анхны бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл маань болж байна.
–Хэн бүхний сонгож аваад байдаггүй сэдвийг зоригтой хөндсөнөөрөө мэдээж онцлогтой байх. Үзэгчдэд чухам юуг илэрхийлэн ойлгуулж, мэдрүүлэхийг зорив?
-Найруулагч Ларс Вон Триерийн нэг киноны өмнөтгөлд “Байгаль бол чөтгөрийн сүм” гэж хэлсэн байдаг. Одоогийн нийгмийн байдал яг ийм болчихоод байна. Ялангуяа манай Монгол бол мянган чөтгөрийг нэг дор цуглуулсан юм шиг л байна шүү дээ. Гэхдээ бид хэчнээн дөвчигнөлөө ч байгаль бол хэзээд бидний дээр байдаг. Ялангуяа монголчууд эртнээс тэнгэр, уул ус, байгалиа дээдэлж, шүтэж, хүндэтгэж харьцдаг байсан хүмүүс. Үүнийгээ байнга эргэн санаж, бидний дээр байгаль буюу тэнгэр гэдэг нэг хүч бий юм шүү гэдгийг ойлгож аваасай гэж үзэгчдэдээ хэлэхийг зорьсон.
-Монголын кино урлагийн салбарт сүүлийн үед маш олон бүтээл шинээр гарах болсон. Харин чанарын хувьд зарим нь хангалтгүй байна гэж үзэгчид дүгнэх юм. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Олон кино гарах тусмаа сайн байх. Харин чанарыг нь мэдээж үзэгчид хамгийн түрүүнд дүгнэнэ. Гэхдээ ямар үзэгчийн ямар сэтгэлгээнээс тэр шүүмж дүгнэлт гараад байгааг бодолцох ёстой байх. Хэтэрхий амархан, хэт ойлгомжтой, хошин инээдмийн кинонуудад манай үзэгчид дассан байж болох юм. Харин кино уран бүтээлчид маань үзэгчдийн мөнгөнд нь тааруулж биш сэтгэхүйд нь зориулж кино бүтээгээд энэ эрчээрээ яваад байх юм бол үзэгчдээс биш яг жинхэнэ мэргэжлийн шүүмжлэгчдээс, гадны олон улсаас шүүмж дүгнэлт сонсох тэр түвшинд очих байх. “Тайга” киног хэтэрхий удаан хийж байна гэсэн шүүмж ч бас ирсэн л дээ. Бид киногоо бушуухан хийгээд бушуухан гаргаад хэдэн төгрөг, алдар нэр олчихъё гээд яваад байвал нөгөө чанар гэдэг юм нь муу хэвээрээ л байгаад байна гэж бодож байна. Гэхдээ эргээд хүмүүс та нар киногоо удаан хийсэн юм чинь лаг хийсэн байх ёстой гээд чанар нэхэх вий дээ. Энэ миний л бодол байлаа шүү. Ерөнхийдөө уран бүтээлчид кассны талаа хэт барихгүйгээр бас нөгөө талаасаа үзэгчдийнхээ оюун санааг хөтлөн дагуулсан уран бүтээл хийгээд байвал монголчууд өөрсдийн гэсэн кинотой болох цаг удахгүй байх гэж итгэж байна.
-Бүтээлдээ дүн тавибал ямар үнэлгээ авах бол. Кино урлагийн хөгжилд нөлөөлөхүйц бүтээл болж чадсан болов уу?
-Мэдээж хэн ч төрүүлсэн хүүхдээ царай муутай гэж хэлэхгүй. Хүүхэд бүр л аав, ээждээ хөөрхөн харагддаг шиг бид ч гэсэн киногоо аятайхан болсон гэж дүгнэж байгаа. Яагаад гэвэл энэ кинонд ажилласан бүх уран бүтээлч цэвэр уран бүтээл хийе гэсэн сэтгэл, сэтгэлгээгээр ажилласан. Кино урлагийн хөгжилд нөлөөлөх нөлөөлөхгүйг кино урлаг маань өөрөө л дүгнэх байлгүй дээ.
-Үзэгчдэд нэлээд хүлээлт үүсгээд байх шиг санагдсан. Киноны нээлтээ хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?
-Шинэ жилийн баяр дөхөж байна. Энэ их баярын уур амьсгалыг эвдээд хэрэггүй байх. Он гаргаад нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй шинэ он гарахаар шинэ уран бүтээлээр уулзацгаая.
– Ярилцсанд баярлалаа.
Б.Одончимэг
Эх сурвалж: mass,mn