Монголын үзэгчдэд сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг таниулах, сурталчлахад авьяас билгээ зориулж буй хамт олон бол “Nomadic ballet” продакшныхан. Тэд тун удахгүй дараалсан хоёр тоглолтоор балетын урлагт дурлагсдад бэлэг барих нь ээ.
Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 27-нд Соёлын төв өргөөд Ж.Бизе, Р.Щедриний хөгжим, П.Мериме, А.Алонсогийн цомнол “Кармен Сюит” сонгодог бүжгэн жүжгийг толилуулах бол арванхоёрдугаар сарын 1-нд Ж.Бизе, Р.Щедриний хөгжим, Э.Эрдэнэжаргалын цомнол “Кармен” контемпорари балетыг тоглох гэж байна.
Жорж Бизегийн “Кармен” дуурийн хөгжмийг Родион Щедрин бүжгэн жүжигт зориулан цомхотгож, хэд хэдэн цохивор хөгжмөөр баяжуулан найруулсан бөгөөд Кубын алдарт бүжиг дэглээч Альберто Алонсо Проспер Меримегийн “Кармен”туужаас сэдэвлэн бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, бүжгийг дэглэжээ. “Кармен Сюит” сонгодог бүжгэн жүжигт цыган бүсгүй Кармен, түүний дурлалт залуу болох цэрэг Хозе болон бухтай тулалдагч зоригт эр гурвын дунд өрнөх хайр дурлал, хууран мэхлэлт, үхэл хагацлын тухай өгүүлдэг.
Энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг нь Ж.Бизегийн “Кармен” дуурийн агуулга, үзэл санааг хөгжмийн хэлээр хөрвүүлэн цомхотгож, бүжгийн хэлээр уран дүрсэлж хөрвүүлсэн гайхалтай бүтээл юм. “Кармен Сюит” сонгодог бүжгэн жүжгийн Карменд Б.Марал, Дон Хозед А.Өлзий- Орших, Эскамильод Э.Эрдэнэжаргал, Цэргийн даргад М.Нямтайван нар тоглоно.
Харин эрх чөлөөт дурлалын тэнгэр “Кармен” контемпорари балетын Карменд Гавьяат жүжигчин Б.Саруул, Дон Хозед Х.Галтулга, Эскамильод О.Идэрбат, Цунигад М.Нямтайван, Микаэлод Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, Жаал хүүд Ц.Мөнгөншагай тоглох аж.
Дэлхийн сонгодог гранд дууриудын нэг болох Ж.Бизегийн “Кармен” дуурийн хэмнэл, үйл явдал нь хэдийнээ үзэгчдийн зүрхэнд аль хоногшсон билээ. Тэгвэл эл дуурийг хэрхэн контемпорари балет болгон хөрвүүлэн дэглэснийг “Кармен” контемпорари балетаар үзүүлэх юм.