Шинэ уран бүтээлээ багачууддаа толилуулаад удаагүй байхад нь түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны шинэ уран бүтээл “Одноос төрсөн ханхүү” жүжгийг бяцхан дүү нартайгаа зэрэгцэн суугаад үзлээ. Бүлтийтлээ тайз руу ширтчихээд өөрийгөө жүжгийн гол баатар мэтээр төсөөлөн суугаа хүүхдүүдийг хараад танай театрын уран бүтээлч нараар бахархаж байлаа. Хайр энэрэл, шударга ёсыг хүүхдүүдэд сургасан тус зохиолыг ямар шалтгаанаар сонгосон юм бол?
-Манай театрынхан шинэ оноо угтаж, жил бүр шинэ уран бүтээлээр багачууддаа бэлэг барьдаг. Энэ жил 1-5 насныханд зориулж “Тэнэг бяцхан хулгана”, таваас дээш насныханд зориулж “Одноос төрсөн ханхүү” жүжгээ толилуулж байна.
Дунд сургуулийн сурагчдыг ажиглахад дуугүй ноомой, ядуу зүдрүү амьдралтай нэгнээ авьяас чадвар, мөнгөтэй нь дээрэлхэх явдал сүүлийн үед их анзаарагддаг болж. Үүнд миний сэтгэл эмзэглэсэн. Ядуу амьдралтай байгаа нь тэр хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Хүүхэд бол энэ хорвоогийн гэрэл гэгээ. Од болгон гэрэл цацруулдгийн адил хүүхэд бүрийн дотор гэрэл бий. Тиймээс энэ бүтээлийг сонгосон.
-Хүүхдийн насны онцлогт зориулж бүтээлээ сонгож, толилуулах нь хамгийн чухал учраас тэдний нас сэтгэхүйн онцлогийг нэлээд судалдаг байх даа.
-Тийм ээ. Нэг настай, нэг нас зургаан сартай хоёр хүүхдийн хооронд их зөрүү бий. Нэгээс таван настай хүүхдүүдийн олонх нь удаан сууж сураагүй, чанга дуу чимээнээс цочдог, харанхуйгаас айдаг, аливааг ухаж ойлгох чадваргүй учир энэ бүгдийг харгалзан үзэж, бүтээлийн утга санаа, үргэлжлэх хугацаа, гэрэл, хөгжим зэргээ тохируулах хэрэгтэй. Тиймээс бид нэгээс таван насныханд зориулсан бүтээлээ толилуулах бага тайз бий болгосон. Таваас дээш насныханд зориулсан бүтээлийг их тайзнаа тоглодог.
-Хүүхдүүд аливааг яг байгаагаар нь хүлээж авдаг. Тэд таалагдсан зүйлээ чин сэтгэлээсээ магтаж, таалагдахгүй бол хэнээс ч эмээлгүйгээр шүүмжилж орхидог. Тиймээс хүүхдийн уран бүтээл туурвидаг хүмүүст нэг талаар өнд өр хариуцлага ногддог биз.
-Хүүхдүүд бол хамгийн шударга шүүгч. Тэдний алга ташилт хамгийн үнэн байдаг. Хөгжилтэй байвал тэд элгээ хөштөл инээж, өрөвдмөөр үйл явдлын үеэр уйлдаг. Гэхдээ өссөн орчин, гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалж хүүхэд бүр өөрөөр хүлээж авдаг.
Тэд үзсэн харснаа үргэлж дуурайдаг учир бид зохиолын үг хэллэгээс эхлээд хувцас хэрэглэлдээ ч анхаарах ёстой. Хүүхдүүдтэй хамт суугаад тоглолтоо нэг удаа үзэхэд л миний уран бүтээл сонирхолтой болсон үгүй нь мэдэгдэж, алдаа дутагдлаа тэр даруй олж хардаг. Хүүхдийн инээхийг сонсох нь хамгийн сайхан мэдрэмж.
-Та Хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллаж байгаад найруулагч болсон гэл үү?
-Уг нь би бүжгийн багш. Гэхдээ ажлын гараагаа энэ театраас эхэлж, 1992 оноос хойш ажиллаж байна. Сургуулиа төгсөөд удаагүй байхад Хүүхэлдэйн театрт жүжигчин шалгаруулж авсан. Шалгаруулалт явуулж байгааг мэдээд шалгуултал тэнцсэн. Харин найруулагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна.
Театрын удирдлага уран бүтээлчид дундаас найруулагч болох хүнийг сонгохоор болж, намайг томилсон. Жүжигчин байхдаа найруулагч болох бодолгүй байлаа. Тэр үед тайзан дээр гараад хүүхд үүдийг инээлгэх нь л миний хамгийн сайн хийж чадах зүйл гэж боддог байсан. Найруулагчаар ажиллах санал тавихад эхэндээ өөртөө итгэхгүй, айж байсан ч өөрийгөө сорихоор шийдсэн. Би СУИС-ийн найруулагчийн ангийг 2012 онд төгссөн.
-Жүжиг үзэж байхад нэг хүн хоёр, гурван дүрд тоглож байна лээ. Зориуд нэг хүнийг олон дүрд тоглуулсан юм уу?
-Үгүй ээ. Жүжигчдийн тоо хүрэлцэхг үй байгаа юм. Манай театр 31 хүний орон тоотой. Үүнд захиргаа, аж ахуй, үйлдвэр анги, үйлчлэгч, жиж үүр бүгд багтдаг. 11 жүжигчинтэй. Гэтэл “Одноос төрсөн ханхүү” жүжиг 31 дүртэй. Түүнээс гадна хүүхэлдэй тоглуулах хүн хэрэгтэй. Уран бүтээл болгондоо бид хүүхэлдэйн үзүүлбэр оруулахыг хичээдэг. Энэ бүтээлд сүүдэр хүүхэлдэйг оруулсан. Мөн хамгийн чимхлүүр их ажилтай оёдолчин, мужаан болон гэрэл, тайзны ажилчин нэг нэг л бий.
-Хүүхэлдэйн театрт ахмад уран бүтээлч цөөн байдаг. Хамгийн ахмад нь хэчнээн жил ажилласан хүн байгаа вэ?
-28 жил ажилласан Х.Батжаргал гэдэг жүжигчин бий. Дараагийнх нь хорь шахам жил болж байгаа. Бусад нь арав хүрэхгүй жил ажилласан. Олонх нь залуу жүжигчин. Манай театрын дэмжлэгээр Ленинградад арван хүүхэд жүжигчний мэргэжлээр сурч байгаа. Тэд ирэх жил төгсөж ирнэ. Орон тоо цөөн болохоор тэднийг хаана шингээхээ мэдэхгүй л байна.
-Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын фестивальд цөөнгүй оролцдог. Орон орны Хүүхэлдэйн театрынхан цуглаж, бүтээлээ сонирхуулахад тэдэнтэй өөрсдийгөө харьцуулдаг байх. Манай театрын давуу тал болоод дутагдал нь юу байх юм.
-Дэлхийн хүүхэлдэйн холбооноос Олон улсын хүүхэлдэйн фестивалийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Тус фестиваль 2012 онд БНХАУ-д болж, бид “Ногоон дарь эхийн домог” жүжгээ шинэчлэн найруулаад толилуулж, шилдэг тоглолттой бүтээлээр шалгарсан. Фестивальд 60 гаруй орны 120 орчим театрын уран бүтээлчид оролцсон. Тэндээс бид театрынхаа уран бүтээлийг бусад орныхтой эн тэнцүү явааг олж харсан. Мэдээж ОХУ, БНХАУ, БНЧУ гээд хүүхэлдэйн урлагаар дэлхийд тэргүүлдэг орнуудыг гүйцэхг үй ч манай хүүхэлдэйн урлаг өөрийн онцлогоор хөгжиж л явна.
-Хүүхэлдэйн театрынхан монголоос илүү гадаадын зохиолчдын зохиолоор бүтээл туурвиад байх шиг санагддаг. Сүүлийн жилүүдэд хүүхдэд зориулсан бүтээл цөөн төрж байгаа ч монгол ардын үлгэрийн сан хөмрөг арвин баялаг. Хоёр шинэ уран бүтээл туурвихад нэгийг нь монгол зохиол сонгож болно шүү дээ.
-Энэ жил бид дэлхийн сонгодог зохиолуудыг хүүхдүүдэд хүргэхийг зорьсон юм. Ирэх жил монгол зохиолоор бүтээл туурвихаар төл өвлөсөн.
П.Тунгалаг