Энэ цаг үеийн Монголын балетын урлагт авьяас чадвар, чансаагаараа бусдаас цойлон гялалзаж буй балетчид гэвэл Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ц.Ганцоож. Харин эмэгтэй балетчдаас Ганчимэгийг гэдэгтэй энэ урлагийн үзэгч шүтэн бишрэгчид дуу нэгтэйгээр хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь дээрх балетын гоцлоочид Дуурь бүжгийн эрдмийн театрт тавигдаж буй балетын уран бүтээлийн гол дүрийг бүтээх хүнд хэцүүхэн үүрэг даалгаврыг нуруун дээрээ үүрч явдаг уран бү- тээлчид билээ.
Тэдний нэг болох балерина Ч.Ганчимэг шинэ оны босгон дээр гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсанд хамт олон нь төдийгүй балетын урлагийн шүтэн бишрэгчид ихэд баяртай байгаа биз ээ. Шинэхэн гавьяат жүжигчин Ч.Ганчимэг нь “Бостон” балет компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн “алтан портнер” гэгддэг ба Хөгжим бүжгийн сургуульд байхаасаа эхлэн хослон бүжигчид байсан гэдэг. Дашрамд сонирхуулахад гавьяат жүжигчин Д.Алтанхуяг тун удахгүй эх орондоо хүрэлцэн ирэх төдийгүй энэ сарын 12-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдах П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфридийн дүрд тоглохоор болсон байна. Түүнтэй хамтран цагаан, хар хун буюу Одетта, Оделлагийн дүрийг Дуурь бүжгийн эрдмийн театрын залуу балетын гоцлоочдын нэг Б.Саруул бүтээхээр болжээ. Харин шинэхэн гавьяат Ч.Ганчимэгийн хувьд гаднын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтод бэлтгэж байгаа сурагтай. Тэрээр П.И.Чайковскийн “Хунт нуур”- аас авхуулаад 14 жилийн хугацаанд нийт 20 орчим балетын жүжгийн гол дүрийг бүтээжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Шинэ оны босгон дээр шинэхэн гавьяат болсон танд баяр хүргье.
-Баярлалаа.
-Балетын залуу жүжигчдээс гавьяат цолтон болсон нь цөөхөн. Та тэдний нэг боллоо. Энэ мөчид таны сэтгэгдлийг сонсч болох уу?
-Урлагийн эрхэм хүндэт шагналуудын нэг болох гавьяат жүжигчин гэх алдарыг хүртсэндээ баяртай байна. Гэвч энэхүү алдар нэр надад зөвхөн өөрийн хүч хөдөлмөр, хийсэн зүйлээр ирээгүй гэж бодож байна. Учир нь энэ бүх хугацаанд хамтран ажилласан уран бүтээлчид, багш нарын маань хөдөлм өрийн үр дүн болов уу.
–Ингэхэд та гавьяат жүжигчин болно гэдгээ мэдэж байв уу?
-Өмнө нь гавьяат цол авах болсон гэж олон хүн хэлдэг байсан. Гэвч ингээд гэнэт авчихна гэж бодоогүй явлаа.
-Таны амжилт таны балетын мэргэжлийн багш нартай салшгүй холбоотой байх. Тэднээс нэрлээч?
-Би олон багш нараар балетын урлагийн хичээлийг заалгасан. Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхдаа Энхтуяа, Дашдагва, Оюун, Туул гэх багш нарын удирдлагад суралцаж төгссөн. Харин сургуулиа төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт орсон цагаас эхлэн балетмейстр, гавьяат жүжигчин Гэрэлчимэг багшийн гарын шавь нь болж бэлтгэгдсэн.
-Та хэчнээн жил Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын гоцлоочоор ажиллаж байна вэ?
-14 жил ажиллаж байна.
-Яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Тун удахгүй манай театрт гаднын уран бүтээлчид хүрэлцэн ирэх гэж байна. Тиймээс тэдгээр уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар бэлтгэж байна.
-Үзэгчдэд таны бүтээсэн дүрүүдээс хамгийн ихээр хүрсэн нь ямар балетын жүжгийн аль дүр нь гэж та бодож байна вэ?
-Дуурь бүжгийн эрдмийн театрт тавигдаж буй балетын жүжгүүдээс хамгийн их үзэгчтэй нь П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын жүжиг байдаг. Сургууль төгс ирсэн цагаасаа эхлээд л энэхүү балетын жүжгийн хар, цагаан хунгийн дүрийг өнөөг хүртэл олон удаа бүтээсэн. Тиймээс үзэгчидтэй энэхүү дүрүүдээр илүү олон удаа уулзсан байх.
Э.Одгэрэл